Улаанбаатар хотод казах үндэстний өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах төв нээгджээ
2021.12.15

Улаанбаатар хотод казах үндэстний өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах төв нээгджээ

Уг төвд 20 гаруй хүн суралцах, 200-250 хүний багтаамжтай урлагийн заал нутгийн иргэдэд нээлттэй болсон байна. Тус төвд зочилж казах хэл дээр бичигдсэн 400 гаруй ном хэвлэл болон соёлын өв, эд хэрэгслийг сонирхох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Мөн зоос шүүрэх, шагай, тулам булаацалдах зэрэг үндэсний тоглоомуудын талаарх ойлголтыг авч, эд хэрэгслүүдтэй танилцах боломжтой аж. Тулам булаацалдах буюу Көкпар тоглоом нь казах үндэсний хамгийн түгээмэл, өнө эртнээс өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн тоглоом юм байна. Ихэвчлэн найр наадам дээр тоглодог бөгөөд өөртөө итгэлтэй, хамгийн бяртай эрчүүд морин дээр тусгайлан бэлдсэн тулмыг булаацалдах хэлбэрээр өрсөлддөг аж.

“Идэр” их сургуулийн тавдугаар давхарт байрлах казах үндэстний соёлын төвийг Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн санаачилгаар байгуулжээ.