Х.Болорчулуун: Рио Тинтогоос ирүүлсэн саналуудыг хүлээж авах боломжгүй
2021.11.22

Х.Болорчулуун: Рио Тинтогоос ирүүлсэн саналуудыг хүлээж авах боломжгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргааны талаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо хаалттай хуралдаж, Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Түр хороо хаалттай хуралдаанаар байр сууриа нэгтгэж чадав уу?

-Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн мэдээллийг Түр хороо сонссон. Түр хороо 22 хүнээс бүрдэж байгаа. Ер нь УИХ-аас гаргасан 92 дугаар тогтоолд, Оюутолгойн гэрээг Монголын эрх ашигт нийцүүлж ажиллуул гэдэг чиглэл өгсөн байдаг. Хаалттай хуралдааны мэдээллийг тэр болгон яримааргүй байна. Засгийн газар Рио Тинтогийн удирдлагатай хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан байгаа.

Рио Тинтогийн талаас Монголын 34 хувьд оногдох зээлийг 70 хувиар хөнгөлөх санал ирүүлсэн. Манай талаас ямар ч өр үүсэх үндэслэлгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байгаа. Дубайн гэрээг байгуулснаар Монголын талд маш их хохирол учирсан. Энэ гэрээг цуцалбал өрийн асуудал яригдахгүй болно. Ч.Сайханбилэг эх орныхоо эсрэг  маш муу гэрээ хийсэн.

Монгол Улс цэвэр ашгаа 2023 оноос авч эхлэх байсан. Гэтэл Б.Бямбасайхан /’Эрдэнэс Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал асан/ тухайн үед “Монголын ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшлогдож байгаа” гэж мэдэгдэж байсан ч яг Сангийн яамны бичиг баримтад 2048 оноос Монголын тал ашиг хүртэхээр тусгасан байсан. Монголын ашиг хүртэх хугацааг 25 жилээр хойшлуулсан. Дубайн гэрээ нь сүүлд байгуулсан нэмэлт гэрээ, үндсэн гэрээ биш. Иймд хүчин төгөлдөр биш гэж гэж үзэх ёстой. Монгол Улсын гурван шатны шүүх Дубайн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг шийдвэр гаргачихсан. Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд зугтаад далайн чанадад гарсан. Тэгэхээр улс орны эрх ашгийг хохироосон, хөрөнгө оруулагч талдаа эрх ашгийг нь илүү хангасан гэрээг зайлшгүй хүчингүй болгох ёстой. Монгол Улс ашгаа хүртэх хугацаа болоход, түүнийг хойшлуулах санхүүгийн луйвар энэ гэрээгээр хийгдсэн.

Нэг жишээ хэлэхэд, Эрдэнэт үйлдвэр 2019, 2020 онд нэг ам.долларын бүтээгдэхүүн бий болгохдоо 68-71 цент зарцуулсан байна. Гэтэл Оюутолгой нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ нэг доллар 46 цент гаргасан. Ингэж ашиггүй ажиллуулж болохгүй. Эрдэнэт 350 мянган гаруй тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байхад, Оюутолгой 400 мянга гаруй тонн баяжмал экспортолсон. Тэгэхээр Оюутолгой илт өөрийнхөө орлого ашгийг дарж, гувчуулсан байгаа юм. 

-Рио Тинтойгоос Засгийн газарт ирүүлсэн дөрвөн саналын тухайд Түр хороо ямар саналтай байгаа вэ. Түр хорооны хурлаар энэ асуудлыг хэрхэн хэлэлцэв?

-Монголд гурван жилийн хугацаанд 350 сая ам.доллар өгье гэх мэт санал ирүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Арбитрын шүүхийн маргаанд манай тал ялаад энэ мөнгөө авах нь тодорхой зүйл. Тиймээс тавьсан саналыг хүлээж авахгүй. Зүгээр л аргалах гэсэн асуудал юм. Ер нь аливаа гэрээ хоёр талдаа ашигтай байх ёстой болохоос, нэг тал нь хэтэрхий ашиг хүртдэг луйврын гэрээ байж болохгүй. Энэ гэрээг засахыг Засгийн газар,  УИХ-ын гишүүдийн 90 хувь дэмжиж байгаа.

Рио Тинтогийн захирал энэ арваннэгдүгээр сардаа багтаж Монголд ирэх юм билээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох хүмүүстэй уулзахаар төлөвлөсөн байна. Бидний зүгээс гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талд ашигтай байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. 

-Монгол Улс 30 тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Өрийн менежментийг цаашид хэрхэн зөв удирдах вэ. Жилээс жилд өрийнхөө хэмжээг нэмэгдүүлээд яваад байх нь улс орны аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй байх?

-Засгийн газрын өр найм, есөн тэрбум ам.доллар байна. Үлдэгдэл нь хувийн хэвшлийн өр байна. Хувийн хэвшлийн өрийн тал нь Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоо өр юм. Хувийн компаниудаас Оюутолгой хамгийн их өртэй. Мэдээж Монгол Улс өргүй л байвал сайн. Эдийн засгийн хараат байвал улс төрийн ч хараат байх эрсдэлтэй. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаар заалгаад байдаггүй, өөрсдөө эдийн засгаа удирддаг байхын тулд өргүй байх нь чухал.

Тэгэхээр өрийг багасгахын тулд үндэсний үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Боловсруулах үйлдвэрүүд барих хэрэгтэй. Намын бүлэг дээр зэс баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэрээ барья гэдэг зүйлийг ярьж байна. Дорноговь аймагт гэхэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компани гангийн үйлдвэрийг хоёр жилийн дотор барина гэж байна. Байгалийн баялгаа ухаад баяжмалаар нь гаргах бус дотооддоо боловсруулж, үйлдвэрлэдэг болох ёстой. Арьс ширээ боловсруулъя. Монгол Улс хоёр жилд 350 мянган ширхэг үхрийн арьс, дөрөв, таван сая хонины нэхий боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. Зураг төсөл нь бэлэн болсон. Хоёр жилдээ бүтээн байгуулалтын ажил нь дуусах байх. Тэгэхээр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг хийх ёстой. Тэгж чадвал валют зарж, өр үүсэхгүй.

-Монгол Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад ийм хууль үйлчилдэг. Манай улс 700 гаруй хууль үйлдвэрлэн гаргасан. Гэхдээ амьдрал дээр хуулийн хэрэгжилт тааруу байна гэж иргэд шүүмжилдэг. Бид хууль “үйлдвэрлэх” бус баталсан хуулиа хянадаг, хэрэгжилтийг нь хангуулдаг байх ёстой. Үүнд, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль чиглэгдэж байна. Засгийн газрын яам, агентлагт хуулийн хэрэгжилтийг явуулахад УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурж, хяналтыг явуулах хуулийн зохицуулалттай. Ер нь, энэ хуулиар нотлох баримтыг шаардах, гэрчийг дуудаж ирүүлэх, баримт нотолгоо авах, дүгнэлт гаргах эрхтэй болж байгаа юм.

 Цагдаа, прокурорынхон албан тушаалаа хэтрүүлсэн, буруу үйл ажиллагаа явуулж байна гэдэг шүүмжлэл, яриа нийгэмд байдаг. УИХ-аас энэ хууль батлагдаж гарснаар, УИХ-аас томилдог албан тушаалтнуудыг дуудаж, давхар хяналт тавих эрхтэй болж байгаа юм. Герман, Америкт Хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлдэг. Энэ улсуудын жишгийг авч үзэх хэрэгтэй. Парламент нь олон арван жил хөгжсөн орнуудын туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

Нэг санал хэлэхэд, УИХ-ын хяналт шалгалтын хуулийн 69 дүгээр зүйлд парламентыг үл хүндэтгэсэн үйлдэлд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэтэл дагаж гарах Зөрчлийн хуульд хэрхэн хариуцлага хүлээлгэх тухай тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголын дэг журам зөрчих, дуудсанаар хүрэлцэн ирэхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, нотлох баримт ирүүлэхгүй байх зэрэг үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр тусгасан ч УИХ-ын байнгын хороо, дэд хороо ийм үйлдэл гаргавал хариуцлага хүлээлгэх зохицуулалт төсөлд тусгагдаагүй байна. Үүнд анхаарах ёстой.

-Засгийн газрын зарим сайдад хариуцлага тооцох ёстой гэдэг зүйл яригдаж эхлээд удаж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийн өөрчлөлтөөр УИХ нь Засгийн газрын сайдуудаас “шүд сугалж” хариуцлага тооцох боломжгүй болсон шүү дээ. 

Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлсэн шигээ сайд нартаа хариуцлага тооцох боломжтой. Энэ Засгийн газар цар тахалтай хүнд үед ажиллаж байна. Хил гаалийн үйл ажиллагаа хаалттай, гадна дотнын хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс хариуцлагын тухай ярих нь арай эрт юм.

-Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаалаа. Та энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байв?

-Жолоочийн хариуцлагын даатгал 2011 онд анх батлагдсан. Түүнээс хойш даатгалын 10 гаруй компани жолоочийн хариуцлагыг даатгаж байна. Гэрээнийхээ дагуу хохирлыг барагдуулаад явдаг компани байхад луу унждаг даатгалын компаниуд бий. Гэхдээ хуульд ашгийн бус байгууллага гэдэг бүтэц бий болж байгаа нь харагдаж байна. Төр хэдий оролцоогүй ч ашгийн бус байгууллага гэдэг даатгалын компани бий болох нь байна. Зах зээлийн нийгэмд ашгийн бус аж ахуйн байгууллага, компани гэж бараг байхгүй. Тэгэхээр цаагуураа төр оролцсон хүчээр байгуулсан бүтэц мэт харагдахаар байна. Даатгалын компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэх вий гэсэн магадлал ч харагдаж байгаа юм.