2021.11.19

О.Цогтгэрэл: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын өөрчлөлт нь юу байсныг тодруулаач

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа. Энэ тайланг харахад төсөвт хэрхэн суусан, энэ мөнгийг хэрхэн тарааж өгсөн бэ гэдэг тайлан. Нэрийг нь харахаар хөдөлмөрийн зах зээлийг дэмжих гэдэг нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн бодлого цаана нь байна. Мөнгө тараахаас гадна яамны, салбарын, Засгийн газрын бодлого юу вэ гэдгийг харуулсан тайлан баймаар байсан.

Энэ 14 нүүр, 4200 үгтэй тайланд эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн зах  зээлтэй холбоотой, дэлхий нийтэд хэрэглэдэг гол түлхүүр үгнүүд болох бүтээмж, инноваци, технологи гэдэг үг нэг ширхэг ч алга. Тэгэхээр яг ямар бодлогын тайлан судалгаа гэх вэ? Мөнгө тарааж байршуулсан талаарх бодлого юм бишүү гэж харагдаж байна.

А.Ариунзаяа сайдаас асуухад Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн маш том бодлогын өөрчлөлтийг УИХ-д хүлээж байсан. Би хувьдаа асар өндөр хүлээлттэй байсан. Өнгөрсөн хугацаанд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын яг ямар өөрчлөлт дэвшүүлэн тавьж байна бэ гэсэн уриа лоозон төдий зүйл л харагдаад байна.

Автомашинтай 4000 иргэнийг илрүүлж халамжаас хаслаа гэх зэрэг нь бодлого гэхэд хэцүү. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын өөрчлөлт чинь юу байсан бэ гэдгийг тодруулаач.

Манай боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл хоёрын огтлолцын талаарх судалгаа хаана хэрхэн хийгдэж, үүнийг хэн хариуцаж хийн, ямар дүн гарч, ямар асуудал үүсээд байна вэ гэдэгт мэдээлэл өгмөөр байна. Ерөнхийдөө 200 мянга гаруй оюутан сурч төгсдөг. Дийлэнх нь ажилгүй гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Хөдөлмөрийн зах зээлд байгаа ажлын байранд нийцдэг ажилтан байдаггүйг бүгдээрээ мэддэг. Тэгсэн атлаа бодлогын өөрчлөлтүүд харагддаггүй. Энд судалгаа тооцоо байна уу? Тэр нь олон нийтэд нууц юмуу? Байвал зах зээлд байгаа оюутан сурагчид, мэргэжлээ сонгох гэж байгаа залуучуудын чиг баримжаа нь хаана байна вэ?

Асар их хэмжээний асуудал хуримтлагдсан нь манай хөдөлмөрийн салбар. Тэр тусмаа танайх Нийгмийн хамгаалал халамжийн яам 80-90 хувийг эзлээд байна. Салбар нь зөвхөн уриа лоозонгийн шинжтэйгээр яваад байгаа юм биш үү гэсэн байр суурь, асуулт байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.