"Хууль батлагдвал насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг нэг удаа үнэгүй олгоно"
2021.10.15

"Хууль батлагдвал насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг нэг удаа үнэгүй олгоно"

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган үргэлжилж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Цахим шилжилтийг хэрэгжүүлэх үндсэн дэд бүтэц бол тоон буюу цахим гарын үсгийн харилцаа юм. Монгол Улс 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 38 мянгахан тоон гарын үсгийг олгосон байна. ААН, байгууллагууд татварын тайланг цахимаар өгөхдөө баталгаажуулахаар цахим гарын үсгийг авсан байгаа юм. Гэтэл цахим шилжилтээр тэргүүлж буй Эстони улс өнөөдрийн байдлаар 900 сая гарын үсгийг нийтийн хэрэглээнд гаргасан байна.

Тэгэхээр бид Цахим гарын үсгийн тухай хуулиар цахим гарын үсгийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын манлайлал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Энэ хууль батлагдвал ирэх жил бид 18 насанд хүрсэн иргэн бүрд нэг удаа үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагуудаар дамжуулж олгоно. Ингэснээр тухайн хүн цахим харилцаанд оролцохдоо өөрт холбогдох, төрд байгаа мэдээллүүдэд гарын үсгээрээ баталгаажуулалт хийх юм. Түүнчлэн иргэний эрхзүйн гэрээ хэлцлийг цахимаар хийж, баталгаажуулах боломж бүрдэнэ. Ингээд цахим гарын үсгийг дөрвөн жилийн хугацаатайгаар шинэчилж байх процессыг энэ хуулиар төлөвлөсөн" хэмээлээ.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийг тойргийн зармаар байгуулах хуулийн төслийг боловсруулж байгаа.

Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт судалгаа, мэдээллийн хүрээлэнг ажиллуулах юм. Шүүхийн тухай хуулийн үр дүнг харахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Шүүхийн байр, шүүхийн танхимыг стандартын шаардлага хангасан болгох зэргээр олон ажлыг төлөвлөснийг дурдъя.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тодорхой ажлыг хэрэгжүүлж байна. ШШГЕГ-аас ирүүлсэн мэдээллээс харахад нэг тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэл биелэгддэггүй байна.

Эрхзүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. Иргэний хуульд тусгах шаардлагатай зохицуулалтуудыг тодорхойлоогүй ирсэн байна. ХЗДХЯ-наас шүүхийн бус журмаар өр барагдуулах хуулийг зохицуулах тухай хуулийг боловсруулахаар бэлтгэж байна.

Сүүлийн үед цахим орчимд санхүүгийн залилан их гарч байна. Үүнийг Эрүүгийн хуульд тусгахаар ажиллаж байна.

Дэлхийн банкны судалгаагаар 2010-2020 он хүртэл Монгол Улс гэрээний хэрэгжилтийг хангах үзүүлэлт тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Энэ талаарх багц судалгааг Дэлхийн банк хийдэг.

Шүүхийн үйл ажиллагааны чанарын индексээр 18-аас 5 оноо авсан байна. Энэ нь шүүхийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах шаардлага байгааг харж болно.

Монгол Улсад худалдаа харилцаатай холбоотой асуудлыг Иргэний, компанийн, даатгалын, зээлийн, ББСБ-ын санхүүгийн тухай хуулиар зохицуулж байгаа ч ААН-ийн бизнесийн харилцааг тухайлсан хуулиар тогтоох нь чухал ач холбогдолтой.

Материаллаг хуулийн шинэчлэлийн хажуугаар процессын хуулийг ч шинэчлэх шаардлагатай. Бага үнийн дүнтэй хэрэг маргааныг шийдвэрлэх процессыг тодорхой болгох хэрэгтэй. Өмгөөллийн харилцаанд төрөөс оролцох оролцоог үгүй хийсэн.

Өнөөдрийг хүртэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул цаашид бусад арга хэмжээг авна. Дэлгүүрт хурууны хээ, хувийн мэдээллээ өгдөг. Хувийн мэдээлэл задарвал ямар асуудал үүсэх нь эрсдэлтэй. Кибер аюулгүй байдлыг хангах тодорхой шаардлага үүсэж байна.

Нийтийн эрхзүйн шинэтгэлийн хүрээнд гүнзгийрүүлэх тодорхой ажлуудыг хийнэ. Эрүүдэн шүүхтэй холбоотой эрүүгийн хариуцлагыг өндөржүүлнэ. Сүүлийн үед цахим орчимд санхүүгийн залилан их гарч байна. Үүнийг Эрүүгийн хуульд тусгахаар ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид буюу Төр шууд торгодоггүй шалган зөвлөдөг зохицуулалт бий болно. Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт өгөхөөр байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй асуудал их гарч байна.

Хүний нөөцийн шинэтгэлийг хийхгүйгээр өөрчлөлт хийх талаар яриад хэрэггүй. Эрхзүйн шинэтгэл цаг үеэ даган тасралтгүй үргэлжилдэг” гэлээ.