Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2021.05.13

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хуулиар иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

Түүнчлэн хамт батлагдсан Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг уялдуулах, чиг үүргийг оновчтой хуваарилах, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулахаар тусгагдсантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 7 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журам, зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлэх, зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл, мөн хуульчийн эөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгох, зөвшөөрөл олгох шалгалт, түүнийг зохион байгуулах журам, хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах, хуульчдын бүртгэл, тэдний давтан сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт тавих шаардлага болон сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, “хуульч” нэрийг хэрэглэх, хуульчийн нийтлэг эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц болон ёс зүйн дүрэм, Хуульчдын холбооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт зэрэг зохицуулалтыг тусгасан байна.