2021.05.06

Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн ажлын хэсгийг С.Чинзориг гишүүн ахлан ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг ахлан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг 3, дэд ажлын хэсэг 7 удаа хуралдаж, санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэхдээ харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор уг хуулийн төсөлтэй холбогдуулан 34, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 17, нийт 51 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэжээ.

Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэрэг зохих арга хэмжээ авах талаар зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тус гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон тусгажээ.

Тодруулбал, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй.

Эдийн засгийн байнгын хорооны хурал /2021.05.05/

Мөн гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болохоор өөрчлөн найруулж, банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, мөн банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох зохицуулалт ч төсөлд туссан байгаа аж.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn