АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага авав
2021.03.25

АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага авав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж АН 1 хоногийн завсарлага авав.

Нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг танилцууллаа.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг. Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсан байна. 

Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэв. Тэрбээр “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болчихсон байхад томилгоог хийгээгүй байна. Иймд томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн хардлага байгаа.

АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал болгосон байгууллагаас ирүүлсэн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Иймд АН-ын бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага өглөө” гэв.