Хөгжлийн бэрхшээлтэй 1720 хүүхэд тусгай сургуульд, 5986 хүүхэд энгийн сургуульд суралцаж байна
2021.03.24

Хөгжлийн бэрхшээлтэй 1720 хүүхэд тусгай сургуульд, 5986 хүүхэд энгийн сургуульд суралцаж байна

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхэд байна. Тэдний 7142 нь боловсрол эзэмшиж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байна.

Боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Бусад хүүхдүүд энгийн сургуульд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна. Хуулийн төсөлд тэгш хамран сургах, боловсролын тусгай хэрэгцээг хангах гэсэн хоёр агуулгыг зэрэгцүүлэн тусгасан. Цахим хурлын үеэр багш нар эцэг эхчүүдэд сургууль сонгох боломжийг нь үлдээх ёстой гэсэн санал хэлж байв.

Мөн энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд гарч байлаа. БШУЯ-ны газрын дарга нар ирэх долоо хоногт тусгай сургууль цэцэрлэгүүдэд ажиллахаар болов.

Шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх шаардлага тавьж дэд бүтцийг бүрдүүлж байна. Үүнээс гадна орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг ч тоноглох шаардлага тулгарч байгаа юм. Мөн ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжтой юм.