Төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлэх боломжтой
2021.03.23

Төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлэх боломжтой

Монгол Улсын хэмжээнд 198 мянган төрийн албан хаагч байна.

Тэдний 92 мянга нь буюу 48 хувь нь Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллаж байгаа юм. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхлүүлэх нь илүү үр дүнтэй талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг нартай ярилцлаа.

Төрийн албаны зөвлөлийн тухайд...

Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийг төгссөн сургуулиар нь ангилж үзжээ. Үүнээс сургуулиудын сургалтын чанар бэлхнээ харагдаж байна. Хамтарсан ажлын баг байгуулан багшийн ёс зүйн кодыг загварчлах ажлыг хамгийн эхэнд хийхээр тохиролцлоо. Үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлэхдээ энэхүү кодыг нэг шалгуур үзүүлэлт болгох, гадаадад төгсөөд ирсэн мэргэжилтнүүдийг төрийн албаны шалгалтаар уялгүй гэрээгээр, адилтган дүйцүүлэх зарчмаар боловсролын салбарт ажиллуулж шинэ салхи оруулах боломжийг судлахаар болов.

Удирдлагын академийн тухайд...

Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын 300 гаруй удирдах ажилтныг сургах боломж Удирдлагын академид байна. Нэмээд 16-40 цагийн богино хэмжээний сургалтуудад удирдах ажилтнуудыг хамруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Улсын хэмжээнд 1400 орчим цэцэрлэг, 800 орчим сургууль байдаг. Нийтдээ БШУ-ы салбар 2400 орчим удирдах ажилтантай. Тэдний чадавхыг сайжруулах чиглэлд хамтарна гэж БШУЯ мэдээлэв.