2010.11.25

Хувь, хишгийг бэлэн, бэлэн бусаар олгоход хоёр намын бүлэг санал нэгдэв

Энэ долоо хоногийн даваа, мягмар гаригт хуралдсан АН-ын бүлгээс "Хүний хөгжил" сангаас иргэн бүрт олгох cap бүрийн 21 мянга, жилийн 253 мянган төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар олгох тухай санал гаргасан бөгөөд уг асуудлыг шийдэхийн тулд тус бүлгээс завсарлага авах тухайгаа мягмар гаригийн орой мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор өчигдөр үдээс өмнө хоёр намын дарга, бүлгийн ахлагч, гишүүдийн багтсан ажлын хэсэг хамтран хуралдаж нэгдсэн шийдэлд хүрч чаджээ. Ажлын хэсгүүдийн хуралдааны төгсгөлд сэтгүүлчид хоёр намын бүлгийн байр суурийг сонирхлоо.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Ганхуяг:

-"Хүний хөгжил сан"-гаас олгох хувь, хишгийг бэлэн мөнгө байдлаар тараачихаар өнгөрсөн жилийнх шиг инфляцид муугаар нөлөөлж байна гэсэн шүүмжлэлийг харгалзан АН-ын бүлгээс хоёр дахь хувилбарыг оруулж ирсэн юм. Тухайн сум багт ажиллаж, амьдарч байгаа хүмүүс хамтарч ажиллах боломжийг олгосон хувилбар юм. Хэрэв хүсэх юм бол 253 мянган төгрөгөө бөөнд нь авч болно. Гэхдээ бэлэн бусаар буюу үнэт цаас байдлаар авах юм.

- Хүн бүр жижиг, дунд үйлдвэрлэгч биш болохоор хувь, хишиг авах хувилбар өөр, өөр байгаа байх?

-Тийм. Иргэд cap бүр 21 мянган төгрөгөө бэлнээр авч болох хувилбар нь хэвээр үлдэнэ.

-Тэгэхээр ирэх жилд инфляци өсөхгүй гэж ойлгож болох уу?

-Баялаг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл байгуулах чиглэл рүүгээ явбал инфляци өсөхгүй. Харин ч ажилтай иргэдийн тоо өснө гэж ойлгож байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Хоёр бүлгийн зүгээс иргэн бүрт өгөх хувь, хишгийн талаар тодорхой зарчмын зөрүүтэй саналууд байсан юм. Гэхдээ сая хоорондоо зөвшилцөөд нэгдсэн байр суурьтай болчихлоо. Toдорхой хэлэх юм бол хувь, хишгийг ажлын байр бий болгоё, төсөл хэрэгжүүлье гэсэн бүлэг хүмүүс хамтарч үйлдвэрлэлийн зорилгоор бөөнөөр нь авах боломжтой болж байгаа юм.

-Хүүхдийн мөнгийг cap бүр олгохдоо "Хүний хөгжил сан"-гаас олгох тухай АН-ын санал гарсан. Үүнд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ удаад хүүхдийн мөнгөний асуудал хөндөгдөөгүй. Иргэн бүрт олгох хувь хишигт ч гэсэн хүүхэд хамрагдсан тул энэ асуудлыг яриагүй.

-Тэгвэл МАН-ын бүлгээс одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжийг хоёр дахин нэмээгдүүлэх тухай санал оруулсан. Асуудал юу болсон бэ?

-Энэ талаар ярьсан. Гэхдээ инфляцтайгаа уялдаад бэлэн мөнгө олгох тухай асуудлыг ярихгүй бол гэдэг үүднээс төсвийн тодотголын үеэр хэлэлцэхээр хойшлуулсан.

-Өнөө жил төсвийн тодотгол хийгдэхгүй тухай яригдаж байсан шүү дээ?

-Тодотгол хийж болзошгүй. Төсвийн хэлэлцүүлгийн явцад шүүмжлэлтэй хандсан асуудал нь гэрээ зурагдаагүй байхад урьдчилгаа мөнгө орж ирж байна гэдэг асуудал. Энэ нь том Таван толгойн хувьд ийм асуудал орж ирж болзошгүй юм. Том Таван толгойн төслүүд хэрэгжих шатандаа ороод, оператор компаниуд шалгарсан үед урьдчилгаа мөнгөний асуудал тодорхой болж ирнэ. Тэр үед магадгүй төсвийн тодотгол хийх асуудал яригдаж болзошгүй.

Ийнхүү хоёр намын бүлэг нэгдсэн шийдэлд хүрч, зөвшилцөж чадсан тул үдээс хойш Төсвийн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хуралдахаар зарлагдсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.