2021.01.27

Богдын 203 малчин өрх гадны аймгийн нутагт оторлож байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2021.01.23-24/ УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллаж, малчид, иргэдтэй уулзаад иржээ. Зуншлага тааруугаас өвөлжилт онцгой хүндэрч буй Өвөрхангай аймгийн 6 сумын нэг нь Богд. Энэ сарын 24-нд Богдын малчдад Дэлхийн банкны санхүүжилтээр олгож буй хүчит тэжээлийн дэмжлэгийн эхний ээлж очсон байна.

С.Чинзориг гишүүн тэжээлээ хүлээж авахаар ирсэн малчидтай уулзаж тэдний амьдрал ахуй, өвөлжилтийн байдлын талаар ярилцаж зарим нэг мэдээлэл өглөө. Уулзалтад малчид төдийгүй сумын төвийн иргэд, төрийн албан хаагчид олноор ирж, УИХ-ын гишүүнийхээ хувьд Засгийн газар, УОК, ХХААХҮЯ-нд өвөл хаврыг хохирол багатай давахын тулд малчдад анхаарал хандуулах, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор очсон малчдыг хөөж туухгүй, элдэв татвар хураамжаар дарамтлахгүй байх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргуулснаа дуулгаж, өөр аймгийн нутагт алсын оторт яваа малчдаа эргэх, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх ажлыг аймгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулсан талаар товч мэдээлэл өглөө.

Богд сум 1309 малчин өрхтэй. Тэдний 203 нь гадны аймагт, 79 нь аймаг дотроо оторт яваа юм. 2020 оны жилийн эцсийн тооллогоор Богд сум 314 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 32 мянгаар буурсан үзүүлэлт. Малын тоо толгой буурахад өнгөрсөн жил зун болоогүй, цаг хүндэрсэн нь томоохон шалтгаан болсон. Цаг хүндрэх нь тодорхой байсан учраас малчид мал борлуулахад анхаарсан ч Богдын хувьд мал тарга аваагүйгээс төдийлөн сайн борлуулж чадаагүй гэж байна.

Энэ жилийн улсын төсөвт Богд сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл, сумын Цагдаагийн тасгийн барилга барих санхүүжилтийг тусгуулсан. Мөн Бүх нийтийн үүргийн сангаас Далан багт үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийхээр болсон. Газраа зөв сонгоод тавиулчихвал Далангаар тогтохгүй ойр орчмын нутгийнхан ч харилцаа холбооны гачаалаас гарах боломжтой болох юм. Энэ онд Богдод 1-2 гүн өрмийн худаг гаргах төсвийг ч мөн суулгаад байгаа юм.

Цаг хүндэрсэн энэ үед малчдад тулгамдаж байгаа нэг асуудал нь банкны зээл. Зээл өгсөн, авсан хоёр тал эрсдэлээ хувааж үүрэх боломжтой юу гэдгийг малчид хамгийн ихээр сонирхож байна. Мал аж ахуйн бодлогоо шинэчлэх, малчдын амьжиргааг дэмжихээс гадна өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхгүй байх төр, засгийн бодлого алслагдсан сумдад хэрэгжихгүй байгааг иргэд хэлж байлаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn