2021.01.20

Х.Ганхуяг: Улс төрийн намд банкны оролцоог байхгүй болгох зорилгоор энэ хугацааг зааж өгсөн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 6 гишүүнээс өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг 5 хоног хойшлуулах санал гаргасан бөгөөд өнөөдөр хугацаа дууссан тул хэлэлуүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Хаан банк 176 шүүгчид нэг хувийн хүүтэй зээл өглөө. Банк төмөр зам барьж байна. Сургууль ажиллуулж байна. Нүүрс зарж байна. 2020 оны нэр бүхий гишүүдэд АН-аас дэвшигч нарт 100, 100 сая төгрөг өгчээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байхдаа 60-70 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлдэг байжээ. Би үүнийг хаанаас ярьж байна гэхээр хэвлэлд гарсан мэдээллүүдийн гарчигүүдийг хэлж байгаа юм. Яагаад энэ хугацаа ийм чухал байгаа вэ гэхээр 2024 оны сонгуульд улстөрийн намд банкны оролцоог байхгүй болгох зорилгоор тийм хугацааг тавьсан юм. Би өөрөө ажлын хэсэгт байсан болохоор хэлж байна Б.Пүрэвдорж гишүүнээ. 

Түүний үгийг дэмжиж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.