2020.12.11

Цагаан тууз, зөөлөн тоглоомтой чуулган

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд гишүүд энгэрт “Эерэг болгоё” хэмээх бичигтэй цагаан туузтай, ширээ нь бяцхан чихмэл тоглоомтой хуралдлаа. Учир нь УИХ-ын гишүүн Б.Баярсайханы тэргүүлдэг “Хүчирхийллийн эсрэг лобби” бүлгийн санаачилгаар дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүдийг хамарсан хамгийн том хөдөлгөөн болох “Цагаан туузтны аян”-д Монгол Улс, тэр дундаа Монгол Улсын парламент дэмжин нэгдэж буйгаа ийнхүү илэрхийллээ.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Яг одоо Хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгууллаа. Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Тийм учраас дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүдийг хамарсан хамгийн том хөдөлгөөн болох “Цагаан туузтны аян”-д Монгол улс нэгдэн орж байна.

Энэхүү аянг УИХ дахь “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”, УИХ дахь “Эмэгтэй гишүүдийн бүлэг”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Монфемнет, “Эрчүүд Эрүүл Гэр Бүл Төв” ТББ, People In Need олон улсын байгууллагууд хүчирхийллийг үл тэвчдэг эрэгтэйчүүдийг уриалан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хүчирхийллийг бүх арга замаар зогсоохыг дэмжин нэгдэн эхлүүлсэн байна. УИХ-ын гишүүд энэ аянд бүгд нэгдэж буйгаа илэрхийллээ.

УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг Б.Баярсайхан гишүүн тэргүүлдэг бөгөөд гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хамгийн их дуугарч, хүчирхийлэлтэй тэмцэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа харилцаатай байж, ойр ажилладаг юм. Түүний санаачилгаар Лантуун дохио төрийн бус байгууллагын Ид шидийн орон төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор УИХ-ын гишүүд тус ТББ-ынханы хийсэн картны арьсан хэтэвч, Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхчүүдийн урласан чихмэл тоглоомон амьтдыг худалдан авч тэдний үйл ажиллагааг дэмжсэн байна.

УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

УИХ-аас жендерт суурилсан хүчирхийллийг зогсоох, хүүхэд хамгааллын хуулийг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын томоохон өөрчлөлтүүдийг 2021 онд хийхээр төлөвлөж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,

“Цар тахалтай холбоотойгоор ард иргэдийн орлого буурч, дэлхийн олон орны эдийн засагт хохирол учраад байгаа энэ цаг үед бидний ширээн дээр байгаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхийн урласан зөөлөн тоглоом болон нэрийн хуудасны арьсан хэтэвчийг худалдан авснаар “Ээлтэй Ертөнц” ТББ-ын дэргэдэх байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй асран хамгаалагчдад болон “Лантуун дохио” ТББ-ын үйл ажиллагаанд дэмжлэг болох юм. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаа, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эцэг эхчүүдийн үйл ажиллагааг дэмжиж байгаа эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.” гэсэн юм.