Цар тахлын хуулийг сунгах эсэх санал боловсруулахыг Засгийн газарт даалгав
2020.12.03

Цар тахлын хуулийг сунгах эсэх санал боловсруулахыг Засгийн газарт даалгав

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

 

Түр хороо 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

    Тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийн 1 дэх заалтын 6, 8 дахь дэд заалтуудыг хасах, 2021 оны төсөвт тодотгол хийж иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих сан байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цар тахлын үед эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргаж вакцины асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж эрсдэлийн сан байгуулах, аймаг, сумдын засаг дарга нарыг яаралтай томилж, эзэнтэй болгох, орон нутгийн иргэд, эрсдэлийн голомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаа вакцинжуулах, шинжилгээнд хамруулах, PCR шинжилгээний төвүүдийг бүсчлэн байгуулах, ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судлах, санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тогтоолын төсөлд иргэдийг соён гэгээрүүлэхтэй холбоотой бусдын эрхийг хүндэтгэх, хувийн ариун цэврээ сахих, хариуцлагатай байх гэсэн үүрэгжүүлсэн, хугацаа заасан, тодорхой заалт оруулах, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийн 1 дэх хэсгийн 6 дахь дэд заалтыг КОВИД-ын хуулийн хэрэгжилтийг хангах, хувь хүний нууцыг хамгаалахад анхаарч, хүний эрх, эрх чөлөөг хангах гэсэн агуулгыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл халаад, маскны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бүх аймаг, хилийн боомтуудыг ПиСиАр (PCR)-H оношлуур алпаратаар хангах, орон нутгийн сонгуулиар сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, 330 сумын Засаг дарга нарыг яаралтай батламжлах гэсэн саналуудыг тус тус гаргасан.

    Түр хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж гишүүдийн олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй нэгтгэн бэлтгээд буйг Л.Энх-Амгалан гишүүн санал, дүгнэлтийн төгсгөлд танилцуулав.

Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн асуулт асууж, Л.Энх-Амгалан гишүүнээс хариулт авав. Энэ хуулинд Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх, Засгийн газар, Улсын онцгой комисс, төрийн байгууллага, бусад байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тус бүрд нь тусгасан гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх агуулга бүхий арга хэмжээний талаар тогтоолын төсөлд тусгах санал гаргаж байлаа. Улсын Их Хурал хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд буюу хууль тогтоомж батлах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийнхээ хязгаарт тогтоол гаргах боломжтой гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн тайлбарлалаа. Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Тогтоолын төсөлд эдийн засгийн агуулгатай ямар ч зохицуулалт байхгүй байгааг шүүмжилсэн. Түүнчлэн хөл хорионы хугацаатай холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохион байгуулах талаарх зохицуулалт тусгаж болох байсныг Х.Булгантуяа гишүүн хэлсэн. Цар тахлыг зөвхөн халдварт өвчин гэдэг утгаар нь харж эрх бүхий байгууллагууд арга хэмжээ авахаас гадна үүнээс нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзах, тооцож шийдвэрүүдийг ул суурьтай, тооцоотой, шуурхай гарган, арга хэмжээ авах шаардлагын талаар Ж.Чинбүрэн гишүүн хэлж байв. Тогтоолын төсөл дэх заалтууд ерөнхийлсөн агуулгатай байгааг Т.Доржханд гишүүн хэлж байв. Аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, 9 хувийн  хүүтэй зээл олгох зорилгоор банкны салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний агуулга өөрчлөгдөж банкууд дахь чанаргүй зээлийг чанартай зээл болгон банкуудаа дэмжих хөтөлбөр болчих төлөвтэй болсныг хэлээд энэ мэт арга хэмжээг зохих ёсоор нь хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байх шаардлагатай гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, П.Анужин, Г.Тэмүүлэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 39 нь 68.4 хувийн саналаар дэмжин “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.