Онцгой байдлын албанд Беларусиас 40 автомашин нийлүүллээ
2020.10.07

Онцгой байдлын албанд Беларусиас 40 автомашин нийлүүллээ

Беларусь улсаас манайд гал түймэр унтраах, аврах зориулалтын 40 автомашин хүлээлгэн өгөх ёслол Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо. Эдгээр машиныг Монгол Улс, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хүрээнд нийлүүлж буйг ёслолд оролцсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар онцлов. 

Тэрээр, Засгийн газар 2003 оноос эхлэн Япон, БНСУ, Австри, Польш, БНХАУ, Франц, Беларусь улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэснээр онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилж, үйл ажиллагааны чадавхи нэмэгдэж буйг хэллээ. 

Ёслолд Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной оролцож, автомашин нийлүүлэхэд хамтран оролцсон Монгол Улсын Сангийн яам, ОБЕГ зэрэг төрийн байгууллагуудад талархалаа илэрхийлж, монголчуудын эртний танил "МАЗ" маркийн эдгээр машиныг Минскийн авто машины үйлдвэр, Беларусийн Гал түймэрийн техник хангамжийн "Пожснаб" компани зэрэг 4 үйлдвэр хамтран нэмэлт тоног төхөөрөмжөөр хангагдан, цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан Монгол Улсад зориулж үйлдвэрлэн нийлүүлж буйг онцоллоо.

Тэрээр, хоёр орны хооронд байгуулсан Экспортын зээлийн төсөл ийнхүү хэрэгжиж эхэлж буйг тэмдэглээд, нийт 81 автомашин нийлүүлэхээс эхний ээлжийн 40 автомашиныг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Оны өмнө үлдэх автомашиныг нийлүүлнэ гэдгийг мэдэгдлээ.  

Сүүлийн үеийн технологи бүхий, аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсан, Беларусь улсаас нийлүүлж буй эдгээр автомашинтай болсноор онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах болон аврах зориулалтын техникийн хангалт 14.4 хувиар нэмэгдэж буйг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцлов. 

Автомашинуудыг НОБГ, Налайх дүүрэг болон Хэнтий, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Дорнод, Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Уул, Ховдын Зэрэг, Булган зэрэг аймаг, сумдад хуваарилан, аврах болон гал түймэртэй тэмцэх анги, албаны жолооч нар шинэ машины түлхүүрээ гардан авлаа. 

Автомашин хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Беларусийн "Пожснаб" компанийн засварын албаны дэд захирал Павел Витальевич нар мөн оролцлоо.