Ц.Мөнх-Оргил: Бид боловсролын зорилгоо тодорхойлохгүй, хэлбэртэй нь хөөцөлдөөд байна
2020.09.14

Ц.Мөнх-Оргил: Бид боловсролын зорилгоо тодорхойлохгүй, хэлбэртэй нь хөөцөлдөөд байна

"Өнөөдөр" сонин Б.Уянга


УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Боловсролын багц хуулийн төсөл багтсан. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг БШУ-ы сайдын тушаалаар байгуулсан юм. Хуулийн үзэл баримтлалыг боловсруулах ажил ямар шатандаа байгаа талаар дээрх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-Боловсролын асуудлыг сүүлийн үед хурцаар хөндөж байгаа. Шинэчлэлийнх нь гол суурь нь Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах ажил гэж харж байна.

-Хууль боловсруулж, батлуулах нь энэ салбарын хамгийн тулгамдсан асуудал биш. Тэр тусмаа шинэчлэлийнх нь гол суурь биш гэж харж байна. Яагаад гэвэл хүмүүсийн санал, шүүмжлэлийг сонсоход шууд эрх зүйн орчинтой холбоотой, эсхүл хуулиар зохицуулах зүйл бага байх шиг. Жишээ нь, хөтөлбөр, сургалтын арга зүй, сургуулийн хүртээмж гэх мэт. Гэхдээ мэдээж хууль чухал. Тийм ч учраас хуулийн үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэгт нь би орсон. Миний ойлгосноор Л.Цэдэвсүрэн сайд эрдэмтэн судлаачид, эцэг, эх, хүүхдүүд, багш нарын төлөөлөл оролцуулсан хэд хэдэн дэд ажлын хэсэг байгуулж, цуврал хэлэлцүүлэг хийх юм билээ. Тэгэхээр УИХ-ын намрын чуулганаар хуулийн төслийг өргөн барьж амжихгүй болов уу.

-Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй, үгүй гэдэгт гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ талаар үзэл баримтлалд тусгах уу. Таны зүгээс үзэл баримтлалыг нь яаж боловсруулахаар байгаа вэ?

-Сургалтын хөтөлбөрт тавих ерөнхий, бодлогын шинжтэй шаардлагуудыг хуульд тусгана. Түүнээс биш энэ хөтөлбөр, тэр хөтөлбөр гэж орохгүй. Бид хөтөлбөр ярихаасаа өмнө хамгийн гол асуудлаар ойлголцож, нийгмийн зөвшилцөлд хүрмээр байна. Тэр нь боловсролын эрхэм бөгөөд эцсийн зорилго юу юм бэ гэдэг асуудал. Үүнийг л олон талаас хэлэлцэж, маргалдаж байгаад нэг ойлголтод хүрч, хуульдаа тунхаглан төрийн бодлого болгох хэрэгтэй. Түүнийг нь эцэг, эх, багш, хүүхэд бүр ухамсарлан ойлгож, дагаж мөрдмөөр байгаа юм. Зорилгоо зөв тодорхойлчихвол хөтөлбөр гэлтгүй бусад асуудал аяндаа цэгцрэх болов уу.

-Таныхаар тэгээд боловсролын зорилго юу вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд бид боловсролын зорилгыг маш зөв тусгасан. Гэхдээ тэр нь тунхаглал болоод л үлдчихсэн. Сургалтын хөтөлбөр, багш нарын ажлын арга барил, эцэг, эхийн хандлага, нийгмийн хүлээлт нь яг эсрэгээрээ. 2002 онд баталсан Боловсролын тухай хуулийн 4.1-т “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэж заасан. Энд гурван зүйл анхаарал татаж байгаа юм. Нэгдүгээрт, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн. Тэгээд оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих мэдлэг олгоно гээгүй, харин чадавхтай болгоно гэсэн байгаа биз. Мэдлэг, чадавх хоёр өөр ойлголт. Мэдлэг бол идэвхгүй зүйл. Өнөөдөр бүх мэдээлэл онлайнд байж л байна. Түүнийг өөрийн болгоод, мэдлэг бүтээгээд авах боломж нээлттэй. Харин чадавх бол идэвхтэй шинж чанарыг агуулдаг. Чадавхыг заадаггүй, түүнийг хүн өөрөө эзэмшдэг, эзэмшихэд нь тусалж, дэмждэг. Миний бодлоор XXI зууны багшийн ажил бол хүүхдэд зааж сургах биш, харин суралцахад нь туслах, дэмжих. Энэ хандлага дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж байна. Англиар “from teaching to learning”, монголоор “заахаас суралцахуй руу” гэдэг нь хүүхэд нэгт, аль болох өөрийнхөө сонирхолд хөтлөгддөг, хоёрт, амьдралд нь хэрэгтэй, гуравт, зохих чадавх олгодог, дөрөвт, өөрөө эзэмшихэд нь тусалж, тавд, багш, эцэг эх нь дэмжихийг хэлээд байх шиг.

Ганц манайд ч биш дэлхийн дийлэнх оронд байдал ямар байгаа билээ. Хүүхдийн өөрийнх нь сонирхол, авьяасыг харгалзаж, илрүүлж, хөгжүүлж байгаа хөтөлбөр, багш, сургууль олон байна уу. Сурч мэдэж буй зүйл нь амьдралд нь хэр их хэрэг болж байна вэ. Хүүхэд өөрөө чадавх эзэмшиж чадаж байна уу, эсхүл сурах бичиг, багшийн хэлснийг давтаж хэлээд дүн, дипломоо авч байна уу. Багш, эцэг, эх нь тусалж дэмжиж чадаж байна уу. Хариулт ойлгомжтой шүү дээ. Мэдээж хэрэг 40-50 хүүхэд нэг ангид чихэлдсэн, 2-3 ээлжээр хичээллэсэн, багшийн хөдөлмөрийг өнөөдрийнх шиг ойлгож, үнэлж байгаа нөхцөлд “заахаас суралцахуй руу” шилжинэ гэдэг мөрөөдөл шиг санагдаж байгаа. Гэхдээ бид алхам алхмаар хандлагыг өөрчилж, боломждоо тааруулж энэ шилжилтийг хийхгүй бол хүүхэд, тэдний авьяасыг үрж, багшийн хөдөлмөр үнэгүйдсээр байна.

Хоёрдугаарт, “хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг” гэсэн нь хүүхдийн хүмүүжил бол боловсролын нэг том зорилго шүү гэж хэлээд байгаа юм. Өнөөдөр манайд хүүхдийн хүмүүжилд багш, сургууль анхаарч чаддаг уу, ихэнхдээ үгүй. Яагаад гэвэл багшийн хөдөлмөрийг заасан хичээлийн цаг, зассан дэвтэр, олимпиад, бичиг цаасаар үнэлээд байхаар тэдэнд цаг зав гарахгүй шүү дээ. Бага ангийн багш нар маань хүүхэд хүмүүжүүлэх ажилдаа их дуртай, хиймээр байгаагаа ярьдаг. Даанч хийх бололцоо, цаг завыг нь гаргуулдаггүй. Дээр нь эцэг, эхчүүдийн дунд “хүүхдийн хүмүүжлийг сургууль хариуцах ёстой, би бол орох оронтой, идэх хоолтой л байлгах ёстой” гэсэн буруу хандлага газар авсан.

Гуравдугаарт, “бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх” гэсэн нь их утга учиртай, чухал заалт. Өнөөдөр шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж, нийгмийг өөрчилж байна. Маргааш энэ үйл явц улам эрчимжинэ. 2016 онд нэгдүгээр ангид элссэн хүүхдүүдийн гуравны хоёр нь өнөөдөр огт байхгүй мэргэжил эзэмшиж, ажил хийнэ гэсэн судалгааг хэдэн жилийн өмнө Дэлхийн эдийн засгийн форум гаргасан. Ийм нөхцөлд өнөөдрийн цөм хөтөлбөрийн хэдэн хувь нь хүнд 20 жилийн дараа хэрэг болохыг эргэж харахаас өөр аргагүй. Интернэтээс олоод үзчих юмыг цээжлүүлж байхын оронд хүүхдийг багаас нь бие дааж бодох, сэтгэх, бусад хүмүүстэй эвлэлдэн ажиллах, өөрийгөө илэрхийлэх, аз жаргалтай бөгөөд бүтээлчээр амьдрах ухаанд сургамаар байгаа юм.

Хуулийн энэ заалтад дан ганц “сурах” гээгүй, бас “ажиллах, амьдрах чадвар” гэсэн байгаа биз. Өмнө нь, өнөөдөр ч гэсэн бага, дунд, их, дээд сургуульд ажиллах, амьдрах ухаан зааж байна уу. Сайн сураад л байвал болно гэдэг. Тэр нь үнэндээ шалгалтын үеэр багшийн хэлснийг л алдаагүй давтах болж таардаг. Гэтэл ажил, амьдрал дээр огт өөр ур чадвар шаардаад байдаг. Бусдын санаа бодлыг хүлээцтэй сонсох, бусдад санаагаа ойлгуулах, багаар ажиллах, шинээр сэтгэх, аливаад гарц олох гэх мэт.

-Энэ бүхэн Монголд л тулгараад байгаа асуудал уу. Бусад улс оронд ямар байдалтай байна вэ?

-Үгүй. Дэлхий даяар боловсролын шинэ хэв маягийн эрэлд гарсан. Гэхдээ ерөнхий санаа, зарчмаа олчихсон. Тэр нь дээр дурдсан манай хуулийн 4.1 дэх заалттай нийцэж байгаа. Арай өөрөөр л томьёолсон болохоос. Жишээ нь, Английн нэрт судлаач Кэн Робинсоны бүтээлүүдэд энэ талаар их ойлгомжтой тусгасан байдаг. Түүний TED talk дээр ярьсан 18 минутын бичлэгийг 30 гаруй сая хүн үзсэн байх жишээтэй.

-Та гол санааг нь хэлээч.

-Өнөөдрийн боловсролын тогтолцоо, сургалтын арга барил нь XIX зууны, аж үйлдвэрийн хувьсгалын шаардлагад нийцсэн, хүн бүрт ижил мэдлэгийг адил хэлбэрээр олгоод, дараа нь хүнээ үйлдвэрийн дамжлага дээр зогсоох зорилготой. Гэтэл энэ нь мэдээллийн технологийн хувьсгалын эрин үед хоцорсон, бүр хортой болоод байна. Өнөөдрийн, тэр тусмаа ирээдүйн хүмүүст 4C буюу critical thinking (бусдын хэлсэн, бичсэнийг давтах биш харин шүүмжлэлтэй, өөрийнхөөрөө бодох чадвар), creativity (бүтээлч байх, шинийг бодох, хийх чадвар), collaboration (бусадтай хамтарч ажиллах чадвар), communication (өөрийгөө товч, зөв илэрхийлэх чадвар) хэрэгтэй гэжээ. Энэ нь манай хуулийн 4.1-тэй агаар нэг байгаа биз дээ.

-Боловсролын зорилго гээд хэтэрхий хийсвэр төсөөлчихвөл бодит байдалтай зөрчилдөх магадлалтай. Тиймээс ч хөрсөн дээр буусан хууль батлах шаардлагатай гэж ярьдаг.

-Мэдээж манай өнөөдрийн нөхцөлд ахадсан, хийсвэр сонсогдож байгаа байх. Бидэнд сургууль, цэцэрлэг барих, цалин хөлсөө нэмэх гээд олон асуудал бий. Гэхдээ амьдрал өөрөө шинэ систем, хандлагыг нэхээд байна шүү дээ. Өчнөөн дипломтой мөртлөө ажилгүй хүмүүс, ажилдаа сэтгэл хангалуун бус багш нар, төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг голсон ажил олгогчид, хүмүүжлийн доголдол, хамгийн сүүлд нь сургалтын хөтөлбөр тойрсон маргаан энэ бүгд нэг юм хэлээд байна бус уу. Тэгээд ч бүх нөхцөлийг нь бүрдүүлж дуусаад дараа нь энэ хандлагын өөрчлөлтийг хийнэ гэвэл цаг алдаж, монгол хүүхдийн гоц авьяасыг хайран болгоно гэсэн үг. Нэг хүүхэд, нэг багш, нэг эцэг, эхээс ч гэсэн эхлээд өөрчлөх ёстой гэж бодож байна. Энэ бол олон жил үргэлжлэх өөрчлөлт учраас цаг алдах учиргүй.

-Энэ өөрчлөлтийг амьдрал дээр эхлүүлчихсэн, эсвэл хийчихсэн улс орон байна уу?

-Байна. Скандинавын орнууд энэ өөрчлөлтүүдийг хийж эхлээд их амжилтад хүрч буй. Бусад оронд ч гэсэн эхлүүлсэн. Жишээ нь, Финланд улс гэхэд 5.5 сая хүн амтай, манайх шиг хэдхэн том хоттой, өргөн уудам нутагт олон тосгоноор тарж амьдардаг хүмүүс. 1970-аад онд боловсролын салбар нь Европт хамгийн хоцрогдсонд тооцогдож байсныг 20 жилийн дотор өөрчилж, дэлхийд гайхагдсан, PISA-гийн шалгалтаар тогтмол нэгт жагсдаг болсон байна. Жижиг орон бүх иргэндээ чанартай, тэгш боловсрол олгох нь хувь хүний болон нийгмийн хөгжлөөс гадна тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал гэсэн байр сууринаас хандаж, Дэлхийн II дайны дараа гурван ч удаа том комисс ажиллуулж дүгнэлтийг нь хэлэлцээд нийгмийн өргөн зөвшилцөлд хүрсний дараа 1968 онд реформ эхлүүлсэн байгаа юм. Гэхдээ үүнийгээ хойд талын мужуудаасаа эхлүүлж, ээлж дараатай хэрэгжүүлсэн. Нэг доор “бужигнуулаагүй”. Бодлого тууштай, зорилго ойлгомжтой, багш, эцэг, эхчүүдийн дэмжлэг их байсан учраас ийм амжилтад хүрчээ.

Би гурван жилийн өмнө Финландын нэг сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хэд хэдэн юм нь их сонин санагдсан. Нэгдүгээрт, бага бүлгийнхэн нь ширээ байхгүй, шалан дээр хэсэг хэсгээрээ тоглоод сууж байх юм. Анзаарвал зүгээр тоглох биш, янз бүрийн сэдэв, даалгавартай тоглоод байх шиг. Багшаас нь асуухад өөрсдийнх нь дуртай тоглоом, киноны баатруудад тулгуурлан, өнгө гэж юу болох, яаж үүсдэг талаар судалж байгаа гэсэн. “Хүүхдүүдийг аль болох их, гэхдээ хамт тоглуулж юм сургах нь хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хүүхдүүд сургуульдаа дургүй болчихно” гэж багш нь ярьсан юм. Ахлах ангийнхан нь дөрөв, таваараа бүлэг болчихсон тал талд бөөгнөрөөд, багш нь дундуур нь яваад зөвлөөд байсан. Тэр нь шинжлэх ухааны хичээл юм билээ. Тэд дэлхийн цаг уурын өөрчлөлт, түүний нөлөөг тооны аргаар судалж байсан. Манайх шиг хичээлүүдийг тусад нь заах биш, аль болох амьдралд ойрхон, хүүхдүүдэд сонирхолтой байдлаар тоо, хими, физикийн гээд олон аргаар сургадаг юм билээ. Тэнд дандаа баг болгон, хамтаараа шийдэл хайж олдог арга хэрэглэж байна. Гэтэл манайд өнөөдөр том, жижиггүй бүгд ширээний ард суусан, 1-12 дугаар ангид нийт 155 хичээл заавал зааж байна. Ийм байхад хүүхэд яаж хичээл, сургуульдаа дуртай байх вэ.

-Таныхаар энэ их шинэчлэлийг хэдэн жилд хийж дуусгах вэ?

-Бид зорилгоо ойлгож, хандлагаа өөрчлөхгүйгээр цаашид урагшлахгүй. Сургуулийн тоо, багшийн цалинг нэмээд асуудлыг бүрэн шийдэхгүй. Үүнээс гадна та бид хоёрын сая ярьсан их олон ажлыг тууштай, дэс дараатай хийж байж өөрчлөлт гарах байх. Би хугацаа хэлж мэдэхгүй юм. Гадаадынхан өөрсдийгөө байнга үнэлж, засаж сайжруулж явдаг. Энэ бол маш том систем учраас бид ч асуудалд системийн онолын үүднээс хандаж, цогцоор харж бодлогоо тууштай хэрэгжүүлмээр байна.