Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн өмчийн "Шинэ Эрин" лаборатори сургуульд ажиллалаа
2020.09.09

Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн өмчийн "Шинэ Эрин" лаборатори сургуульд ажиллалаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар өнөөдөр Монгол Улсад Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн өмчийн 3 сургуулийн нэг "Шинэ Эрин" лаборатори сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийн захирал Б.Амартүвшинтэй уулзах үеэр Кембрижийн боловсролын системийг нэвтрүүлснээр ямар үр дүнтэй байгаа талаар ярилцлаа. 

"Шинэ Эрин" дунд сургууль нь байгуулагдсан цагаасаа Кембрижийн хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж, төгсөгчдөөс 130 орчим сурагч АНУ, Европ, Азийн томоохон их сургуулиудад тэтгэлэгтэй суралцсан бөгөөд энэ нь 13,4 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэгт хамрагдаж чадсан үр дүн юм. Зөвхөн хувийн өндөр төлбөртэй сургуульд суралцсан хүүхдүүд гадаадын сайн сургуульд боловсрол эзэмшдэг нийтлэг жишиг өөрчлөгдөж байгааг энэ үр дүнгээс харж болно.

21-р зуунд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын системийг бий болгож, хүүхэд залуучууддаа сайн боловсролыг олгож, ирээдүйн үнэ цэнийг бүтээж чадсан улс орнууд өнөөдөр бүх салбарт тэргүүлэгч байсаар байна. Тиймээс монголчууд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж буй боловсролын тогтолцооны International General certificate of secondary education (IGCSE) стандартыг хэрэгжүүлэгч, дэлхийн 160 гаруй орны, 10’000 гаруй сургуульд ашиглаж байгаа Кембрижийн хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлж, хүүхэд залуучууддаа сайн боловсролыг үнэ төлбөргүй олгож, тэднийхээ ирээдүйн үүд хаалгыг нээж өгөх ёстой гэдгийг уулзалтын үеэр гишүүд онцолж байлаа.