Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167-р конвенцыг соёрхон батлах тухай хуулийг баталлаа
2020.01.30

Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167-р конвенцыг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Улсын Их Хурлын  чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа. 

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдаж Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн байна. Тус байгууллагын Ерөнхий бага хурал 1988 оны 6-р сарын 1-нд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай’’ 167 дугаар конвенцыг баталсан билээ.

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад энэ конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж хариулт авлаа. 

Ингээд санал хураалтаар гишүүдийн 52.5% дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.