УИХ-ын “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг дэмжив
2019.12.13

УИХ-ын “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар, УИХ-ын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлэх эсэхийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн. УИХ-ын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус, хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй, төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг тооцоогүй, биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн байна. Тиймд Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

ИХ-ын Стратеги төлөвлөгөөний төсөлд, УИХ-ын Алсын харааг, "Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ" гэжээ.

Харин УИХ-ын Эрхэм зорилгыг, “УИХ нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. Түүнчлэн УИХ-ын үнэт зүйлсийг, нээлттэй, ил тод байх, тэгш байдлыг хангах, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх, үр нөлөөтэй байх, чадавхтай байх, иргэдийн оролцоог хангах, хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн тодорхойлжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.