2019.10.17

Д.Оюунхорол: Нийслэлийн төсвөөс татах биш нэмэх шаардлагатай байна

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Эдийн засгийн өсөлт сэргэсэн нь сайн мэдээ. 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл 27,8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. 2016-2019 онд 4 их наядын хөрөнгө оруулалт тусгасан. 2016-2018 онд 2 их наядын гүйцэтгэлтэй гарсан байна. 2019 онд баталсан 1 их наяд 698,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэл өнөөдөр 36,9% байна. Ийм хангалтгүй тоо банйа. Жилийн жилд хөрөнгө оруулалтынхаа төсөвт тавьсан мөнгөө ашиглаж чаддаггүй. Учир нь юу гэдгийг дүгнэдэггүй. Ийм байдлаар Сангийн яам төсвийг оруулж ирдэг.

2019 оны 8 сарын гүйцэтгэл 7,6 их наяд төгрөг төлөвлөснөөс 3,5% буюу 2 их наяд 600 гаруй тэрбум төгрөгөөр нийт орлого давж биелэсэн гэж байна. Гэтэл сангийн сайдын оруулж ирж байгаа төсөлд Улаанбаатар хотын төсвөөс татах авах тухай ярьж байна. Үүнийг Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд эсэргүүцэж байгаа. Хотын иргэдийн тоо, асуудлуудыг УИХ-д сонгогдсон бүх гишүүд ярьж байна. Энд байга анийгмийн бухмидал, ядуурлын хэмжээ нэмэгдэж байгаа. Үүнийг зайлшгүй анхаармаар байна.

Бид өнөөдөр эдийн засгаа өссөн гэж ярьж байгаа бол улсын иргэдийн маань аз жаргалын индексийг ч ярих хэрэгтэй. Энэ өсөлт хэнд нөлөөлж, хэний амьдралд тус болоод байгааг иргэд биднээс асууж байна. 319 тэрбум төгрөгийг хотоос татсаныгаа эргэн төвлөрүүлнэ үү. Хотын асуудлыг шийдвэрлэхэд энэ мөнгийг эргүүлэн шилжүүлж хотын даргаас ажлаа хийхийг шаардах ёстой.

Хотын дарга төсөв, хөрөнгөгүйгээр яаж одоо байгаа асуудлуудаа шийдэх вэ? Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хотын төсвийг нилээд томруулж олон ажлыг хийж чадсан. Бид өнөөдөр 65-уулаа олонхи байгаа энэ үед нийслэлийнхээ асуудлыг ийм хандлагаар төсвийг нь татаад байж болохгүй. Асуудлыг нь шийдэх хөрөнгийг нь төвлөрүүлж байж, ажил хийхийг шаардах ёстой. Улаанбаатар хотын асуудал гэвэл олон зүйлийг яримаар байна.

Мөн Сангийн сайдаас асуухад хавдар судлалын эмнэлгийн 100 ор хоногийг нэмэгдүүлэх зардалд 19,4 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж оруулж ирсэн. ХСҮТ, ЭМЯ-ны саналыг дэмжиж өгөөч ээ гэж хүсэж байна. Монголын ард түмэн хавдраар өвчилж, хүнд нөхцөлд байна. Өдөрт 14-15 хүн нас барж байна. Одоо ор хоногоо хүлээж байгаа хүний тоо 15-30 хоногор ор гарахыг хүлээж байна. Хавдар гэдэг өвчин цаг минутаар хүний амийг эрсдэлд оруулж байна."

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэмж санал хэллээ.