2019.05.16

Г.Тэмүүлэн: УИХ-аар батлагдсан 165 хөгжлийн бодлогын баримт бичиг байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

"Улс орныхоо хувьд хөгжлийн зорилтоо зөв тодорхойлж чаддаг улс орон хөгжиж чаддаг. 2030 он гэхэд Казахстан улс дэлхийд өрсөлдөх чадвараараа эхний 5-д багтана гэж зорилт дэвшүүлсэндээ 2012 онд хүрсэн байгаа юм. Монгол Улс 2020, 2025, 2030 онд хөгжинө гэж зорилт тавьсан ч өнөөг хүртэл бахь байрандаа байгаад байгаа нь бид бодлогын үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатайг харуулж байна. 

Үнсдэн чиглэлд маш олон тоо, хуудас байна. Энд тавигдсан тоог өөрчлөх ёстой гэж харж байна. Угтаа энэ баримт бичиг дээр хариуцлагын санкц байхгүй учраас хэрэгжилт болохгүй байна гэж харж байна.

Дээр нь хэрэгжилт талаасаа бүтэц зохионбайгуулалт нь болохгүй байна гэж харж байна. БНХАУ-д хөгжил шинэтгэлийн хороо гэж бий. Тус хороо улсын хөгжлийн урт дунд богино хугацаанд хөгжлөө тодорхойлж хэрэгжилтийг хангаж, хянаж, хариуцлага тооцдог. Манайд Үндэсний хөгжлийн газар гэж байгаа ч эхэндээ бондынх байсан бол одоо концессийг хэрэгжүүлдэг байгууллага болоод байна.

Салбарын яамдууд байна. Гэтэл бодлогын байгууллага нь тендерийн ажилдаа дарагдсан газар болсон. Бодлогын том өөрчлөлтийг энэ хүрээнд хийж, бүтцийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна.

Монгол улсын хувьд хөгжлийн баримт бичиг маш их бий. УИХ-аар батлагдсан 165, үзэл баримтлал 5, стратегийн баримт бичиг 16, бодлогын баримт бичиг 13 байна.

Хөгжлийн бодлогоороо бид бүх салбараа зэрэг хөгжүүлээд хангана гэхээр боломжгүй юм байна гэдгийг харлаа. Харин нэн шаардлагатай салбарын хөгжлийн тухай тухайн жилдээ төсвийн мөнгөндөө тааруулан хөгжүүлэх нь оновчтой юм байна."