Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэлцээр соёрхон батлах төслийг өргөн барилаа
2018.10.30

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэлцээр соёрхон батлах төслийг өргөн барилаа

“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа болон Туркээс Монголд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул эдгээр иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Туркт амьдарч, ажиллаж байх хугацаандаа монгол иргэд тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн даатгалд даатгуулж, даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг Турк Улсын иргэний нэгэн адил хуулийн дагуу эдлэх эрхтэй боловч тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, өндөр насанд хүрэх үедээ төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр авах, нас барвал оршуулгын тэтгэмж авах зохицуулалт байхгүй байгаа юм.

Иймд  Талууд иргэдийн хүсэлт, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VII хуралдааны Протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн 2018.03.05-ны өдөр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар:
  • Туркт ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч, ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал арилах;
  • Манай иргэдийн Турк Улсад ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, аль аль талаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх;
  • Иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, турк иргэний нэгэн адил тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ авах эрх зүйн үндэс бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.