Л.Болд: Маргааш нь амьдрал өөр болно, харж л байгаарай
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн ахалсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бараг бэлэн болгоод буй. Ажлын хэсэгт багтаагүй 60 гаруй гишүүн уг төслийг дэмжиж, гарын үсгээ зурсан. Харин тус ажлын хэсгийн гишүүн Л.Болд гарын үсгээ зураагүй. Түүнтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа. Ардчилсан Үндсэн хуулийг баталсан хүмүүсээс хоёр нь л өнөөгийн УИХ-д сонгогдсон нь Л.Болд, Д.Лүндээжанцан нар юм.
-Намрын чуулган эхэлснээс хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэлээд анхаарал татаж байна. Ерөнхийлөгч нээлтийн хуралдаанд үг хэлэхдээ тогтолцооны шинэчлэлийг зоригтой эхлүүлэхийг уриалсантай ч холбоотой болов уу. Та ажлын хэсгийн гишүүн атлаа төсөлд яагаад гарын үсэг зураагүй юм бэ?
-УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хууль баталсан хүмүүсийн хувиар Д.Лүндээжанцан бид хоёр нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн барих ажлын хэсгийг ахалж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх гэж буй үйл явц, цаашлаад боловсруулаад байгаа төсөлд тусгасан зүйлүүд байж боломгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яах вэ, 65 гишүүнтэй олонх бүхий УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах нь нэг хэрэг. Тэр төслөө шууд өргөн бариад батлах, эсэх нь бас нэг хэрэг.
Ингэхдээ Үндсэн хуульд огт заагаагүй зөвлөлдөх санал асуулга гэх зүйл зохион байгуулж, тохиолдлоор сонгосон хүмүүсээр хэлэлцүүлсэн болоод өнгөрсөн. Харин тэр хүмүүсийн саналаар Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг буруу зүйлийг нь хассан байна лээ. Үндсэн хуулийн талаар мэдээлэл, ойлголт тааруу хүмүүс юуг ч хамаагүй дэмжчихнэ гэж бодсон байх л даа. Тэднийг элдвээр ухуулж, дайлж, цайлаад л байсан.
Энэ мэт саналуудыг хассан ч их олон өөрчлөлт оруулахаар төсөл болсон. Тэдгээр нь яамдын нэрийг оноож өгөх, сайд нар “давхар дээл”-тэй байх, эсэх, УИХ-ын чуулган ямар хугацаагаар хуралдах, парламентыг хянан шалгах хороо болон хоёр танхимтай болгох гэх мэт аар саархан санал. Гэтэл хянан шалгах үүрэгтэй хороо УИХ-д бий шүү дээ. Ямар ч хороо байгуулж, ажиллуулахад эрх мэдэл дутсан зүйлгүй. Шүүх засаглалтай холбоотой баахан маргаан дэгдээснээ ч эцэслээгүй. Угаасаа буруу учраас энэ мэт санаархал нь урагш явахгүй байгаа юм. Нэг танхимаа яая гэж байж хоёр танхимтай болоод, зөрүү хараад суучихвал энэ улсад хэн шийдвэр гаргах юм бэ.
Гуравхан сая хүнд хэдэн танхим хэрэгтэй гэж. Энэ бүгдийн цаана сонгуулийн пропорциональ хувилбар буюу намуудын саналаар УИХ-ыг бүрдүүлдэг тогтолцоог Үндсэн хуульд оруулахыг зориод байгаа юм. Сонгууль дөхөж байна, шууд ард түмний саналаар дахин сонгогдоно гэдэг нь хэцүү гэж бодсоных. Бүх л УИХ-ын үед ийм байсан. Эрх барьж байсан намууд дараагийн сонгуульд ялагдсан нь олон. Сонгуулийн хуулиар оролдож, тойрог, тогтолцоо гээд бүх л зүйлийг нь хөдөлгөдөг. Өөрөөр хэлбэл, одоо “намын жагсаалт” гэдэг зүйлийн ард нуугдаж, дахин сонгогдохын тулд Үндсэн хуулийг өөрчилж, Цэцээр ч хаалт, хязгаарлалт тавиулахгүй болохыг зориод байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц нэлээд дээрээс эхлэлтэй. Зөвлөлдөх санал асуулгыг шүүмжилж буйгаас тань харахад Д.Лүндээжанцан гишүүн та хоёр байр суурийн эрс зөрүүтэйгээр нэг ажлын хэсгийг ахалж яваа юм байж.
-Тийм. Түрүүчийн УИХ-ын үед байгуулсан ажлын хэсэгт ч мөн адил байсан. Монголын төрийн тогтолцоо, бие даасан улс байхын эсрэг заалтуудыг л Үндсэн хуульд шургуулах гэж оролдоод байгаа юм. Авлигажсан, хаалттай, мафижсан тогтолцоо руу зориуд түлхэж байна. Ерөнхийлөгч, парламентаа сонгох гэх мэтээр ард түмний гэх зүйлийг булааж авах гээд байна шүү дээ. Үүнийг би эсэргүүцсээр ирсэн. Улс төрийн тогтолцоо, төрийн болон олон нийтийн байгууллага гээд бүгдийг нь Үндсэн хуульд маш ойлгомжтой заасан ч Улс төрийн намын тухай хуулиар дээрхийг үгүйсгэж ирсэн. Үндсэн хууль зөрчсөн хууль 200 гаруй байна шүү дээ. Ер нь баталснаасаа хойш Үндсэн хуулиа нэг ч удаа өнгийж хараагүй.
Ерөөсөө Үндсэн хуультайгаа авцалдаагүй хуулиуд батлаад байсан. Цэц дээр хуулиуд унаад байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Сайдад хариуцлага тооцох эрх Үндсэн хуулиар хангалттай бий. Ерөнхий сайдад эрх мэдэл дутсан зүйл ч ер үгүй. Сайд нараа бүрдүүлэн, Засгийн газраа байгуулж, хариуцлага тооцож, танхимын зарчмаар ажиллах бүрэн бололцоотой. Энэ мэтээр Үндсэн хуулиа үгүйсгэсэн, үзэл бодлынх нь эсрэг хуулиуд хүчээр баталсны гайг улсаараа амсаж байна.
-Түрүүчийн парламентын үед Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсгийн боловсруулсан болон өнөөгийн төслийн хооронд ер нь ялгаа байна уу?
-Нэг их ялгаа байхгүй. Монгол Улсыг задлах, бусниулах, төрийн удирдлагагүй болгох, нэг гарт төвлөрүүлэх нэрээр хүчний байгууллагатай нийлж байгаад, бүгдийг нь багалзуурдаж, өмчийг нь дээрэмдэх, зөвхөн өөрсдөө хулгайлдаг болох хүсэл л тэнд нуугдаж байгаа.
-Тэгэхээр Үндсэн хуулийнхаа нөөц, чадлыг шавхаж, бүрэн дүүрэн ашиглахын тулд яах ёстой гэж?
-Үндсэн хуульд хуйвалдааны замаар оруулсан “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг одоогийн УИХ хүчингүй болгох хэрэгтэй. 1990 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тухайн үеийн төрийн нэгдүгээр хүн Ж.Батмөнх гуай ажлын хэсгийг нь ахлан ажилласан. Үүний үр дүнд Монгол Улс ардчилсан болсон. 1992 онд ардчилсан улсын хувьд Үндсэн хуулиа баталсан. Тэгэхэд ч төрийн нэгдүгээр хүн П.Очирбат ажлын хэсгээ ахлан ажиллаж, парламент нь хэлэлцэн баталсан юм. Ардчилсан Үндсэн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэж, 430 депутатын нэгээс бусад нь дэмжиж, гарын үсэг зурсан. Ингэж байж Үндсэн хууль баталдаг. Харин “дордуулсан долоо”-г батлахдаа эрх бүхий хүмүүсийн хүүхдүүдийг нь барьцаалж, айлгаж, янз бүрээр дарамталж байгаад гарын үсэг цуглуулсан. Нэг нам дангаараа засаг барьж байх үед үүнийг хийсэн шүү дээ.
Үүнээс өмнө улс төрийн хувьд дампуурчихсан эрх баригчдаа шахаж байгаад өөрчлөх гэж оролдсон. Тэр нь бүтэлгүйтэж, сонгуулийн дараа 72 суудалтай болонгуут Үндсэн хуульд хүчээр өөрчлөлт оруулсан. Ингэхдээ шинэ гишүүдээ дарамталж байгаад, хүчээр гарын үсэг зуруулсан. Ингэж хийсэн өөрчлөлтийг цаашид дагаж, мөрдөж болохгүй. Өргөн барьсан өөрчлөлтийг яаж батлах нь УИХ-ын бүрэн эрх. Гагцхүү урьдаар нийт ард түмнээрээ хэлэлцээд, өөрчлөх, эсэхээ шийдье гээд байгаа юм. Өмнөх өөрчлөлтүүдийг хийхдээ Ерөнхийлөгч нь ажлын хэсгээ ахалж ажилласан байдаг. Ганцхан “дордуулсан долоо”-г батлахдаа л хуйвалдсан. Одоо дахин нэг намын бодлого, дарангуйлал, хуйвалдаанаар Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Энэ бол яавч тоглоом биш. Хоёрдугаарт, Үндсэн хуультай уялдаагүй 200 гаруй хуулийн зөрчлийг одоо л арилгах хэрэгтэй.
-Таны хувьд “Дордуулсан долоо”-г дээрдүүлчихвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай яриа төгсгөл болох нь ээ?
-Дараагийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал асуулгыг 2020 оны сонгуультай хамтатган явуулж болно шүү дээ. Магадгүй Монгол Улсад Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалын аль нь тохиромжтой талаар нийт ард түмэндээ ойлголт өгчихвөл ирэх сонгуулиар төрийн түшээгээ ч, тогтолцоогоо ч сонгочихно. Сонгогдсон парламент нь санал асуулгын дүнг даалгавар гэж ойлгон, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэсэн үг.
-Та бол хэзээд парламентын тогтолцооны талд зогсож, түүнийг боловсронгуй болгохын төлөө ажиллана биз дээ. Ерөнхийлөгчийн нээлтийн хуралдаанд хэлсэн үгийн тухайд та ямар байр суурьтай байна вэ. Төрийн тэргүүн засаглалын хэлбэрээ өөрчлөхөд уриаллаа гэж шууд ойлгох хүн олон байх шиг.
-Зарим хүн их амархан яриад байдаг юм. Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгож байгаа учраас манайх парламентын тогтолцоотой биш гэдэг. Үгүй л дээ. Монгол Улс Үндсэн хуулиараа парламентын тогтолцоотой. Харин бусад хуулиараа Ерөнхийлөгч эрх мэдлийн хувьд хагас Засгийн газар маягтай болчихсон байхгүй юу. Ерөнхийлөгчид эрх нэмээд л байсан. Гэтэл Үндсэн хуулийнх нь заалт маш ойлгомжтой. УИХ бол хууль тогтоох дээд засаглал.
Харин Засгийн газар нь гүйцэтгэх засаглал. Ерөнхийлөгч шүүх засаглалын хүрээнд голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ бол төрийн эв нэгдлийн баталгаа. Ийм маш ойлгомжтой тогтолцоо байхад эрх мэдэлд дуртай, олон ашиг сонирхолтой Ерөнхийлөгч бүр өөртөө эрх мэдэл наасаар байгаад одоо түүнийг тойрсон нэг Засгийн газартай болчихсон. Ерөнхийлөгч бараг л гүйцэтгэх шийдвэр гаргаж, гадаад, дотоод харилцаанд Засгийн газрыг төлөөлж байгаа юм шиг оролцдог. УИХ-ын дарга бас нэг Засгийн газартай болчихсон. УИХ-ын харьяанд баахан, Үндсэн хуулийн бус байгууллага бий болгочихсон. Тэдгээрийг тойруулаад харвал бүрэн хэмжээний танхим шиг л харагдаад байна шүү дээ.
Тиймээс ч УИХ-ын дарга өнөөдөр парламентаа барьцаалчихаад, “парламентын Засгийн газар”-ын тэргүүн болчихоод байна. Дуртай үедээ парламентыг хуралдуулдаг, тараадаг, хэлэлцэх асуудлыг нь шийддэг. УИХ-ын гишүүд эрхээ эдэлж чадахгүй байна. УИХ-ын дарга уг нь хурал зохион байгуулах үүрэгтэй атал улсын хоёрдугаар Ерөнхий сайд аятай л байгаа шүү дээ. Гэтэл жинхэнэ Засгийн газар нь гуравдугаарт байна. Тэр нөгөө хоёртойгоо наймаалцаж, хуваагаад ард түмний төлөөх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахаа байчихсан. Энэ том будилааныг дагалдах хуулиудаар хийснийг дахин тодотгоё.
Нөгөө талаас парламентат ёсыг боловсронгуй болгох гэхээс илүү 1992 онд баталсан Үндсэн хуулиа л бүрэн хэрэгжүүлчих. Үнэндээ бид өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй л байхгүй юу. Яг хэрэгжүүлдгийн даваан дээр буюу 2000 онд нэг намын парламент бүрдээд Үндсэн хуулиа өөрчилж хаяад, Монгол Улс годройтчихсон юм. Үүнээс хойш өөдөлсөнгүй. Ерөөсөө хэрэгжүүлж үзээгүй юмаа өнөөдөр үгүйсгэх гээд байна. Ерөнхийлөгчийн хувьд аль нэг засаглалыг санал болгож, дэмжиж үг хэлсэн гэж ойлгохгүй байна. Тэгээд ч Ерөнхийлөгч нь өөрөө Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж хэлэх нь онцгүй шүү дээ. Үнэхээр тогтолцооны өөрчлөлт ярих гэж байгаа бол ярья л гэсэн. “Дордуулсан долоо” чинь тогтолцоо юм шүү дээ.
-“Дордуулсан долоо”-г засчихвал юу өөрчлөгдөнө гэж та баттай хэлж чадах вэ?
-УИХ-ын гишүүдийн ирц муу байна гэж байнга ярьдаг. Гишүүдийн хариуцлагагүй байдал үгүй болно. Хоёрдугаарт, парламент жилийн талд нь ажиллахгүй байна. УИХ хуралдаж, хариуцлага хүлээж, хянаж, Засгийн газраа шахаж ажиллахыг гай гэж хараад байна шүү дээ. Хулгай хийх гээд байгаа байхгүй юу. Ийм нөхцөлд парламентын гишүүн олон юм ярих хэрэггүй. Улс орон сүйрч байхад ч УИХ амраад л байгаа биз дээ. Оронд нь морь уралдуулдаг, энд тэнд тууз хайчилдаг, найр хурим хэсдэг болчихоод байгаа юм. Бусад орны парламентын гишүүд ямар завгүй байдаг гэж санана. Жилд ердөө хоёрхон долоо хоног амардаг. Үүссэн асуудал бүрийг парламентын түвшинд ярьдаг.
Яаман дээр нь хүн алж байхад парламент амарч л байна. Улс оронд байгалийн гамшиг, дайн болоход манай УИХ цуглахгүй шинжтэй. Парламентад зөвшилцлийн механизмууд ажилладаг болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар үүрэгт ажлаа л хийнэ. Ерөөсөө хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон. Парламентын нэр хүнд ч муудаад байна. “Дордуулсан долоо”-г зассанаар энэ бүх завхрал маргааш нь арилж, өөр болно. УИХ дахиад ийм даргатай болохгүй. Гишүүдийн үгийг тасалдаг, дарамталдаг, эрхэд нь халддаг, барьцаалдаг, өмчилдөг нөхцөл дахин хэзээ ч бүрдэхгүй. Маргааш нь л амьдрал өөр болно, харж л байгаарай.
-Үндсэн хуулийн хүрээнд “Дордуулсан долоо”-гийн дараа өөрчлөх зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Улс төрийн намын тухай хууль. Улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Тухайлбал, зарим намыг өмчилдөг, хувьчилдаг тогтолцоог хаасан зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж болох юм. Уг нь гол заалт нь Үндсэн хуульд бий л дээ. Олон нийтийн байгууллагын улс төрийн оролцооны талаар Үндсэн хуульд заачихсан. Харамсалтай нь, Олон нийтийн байгууллагын тухай хуулийг нь байхгүй болгоод, “төрийн бус байгууллага” гэх нэрээр түмний төр улсынхаа хэрэгт оролцдог боломжийг нь гээгдүүлчихсэн. Үүнийг ард түмэнд буцааж өгөх хэрэгтэй. Ингэвэл намууд улс төрийн үзэл бодлын илэрхийлэл, дотоод ардчилал, бодлогын чанараараа олон нийтийн байгууллагаас ялгарна. Тогтолцоотойгоо өрсөлдөхийн тулд намууд өөрчлөгдөнө, шинэчлэгдэнэ. Шийдэл нь ердөө л энэ байтал механик аргаар хийх гээд байгаа юм.
-МАХН-аас бас нэг Үндсэн хуулийн төсөл боловсруулчихсан, хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Жишээ нь, энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэн, намыг нь татан буулгах агуулга бүхий заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан гэдэг нь үнэн юм уу?
-Яг тийм заалт байгаа, эсэхийг санахгүй байна. Ер нь улсад бүртгэлтэй улс төрийн нам, Үндсэн хуулийн хүрээний аливаа байгууллага Үндсэн хуулиа эсэргүүцсэн, түүнийг үгүйсгэсэн зүйл яривал шууд хориглогдох ёстой. Одоогийн хуулиар ч ийм л байгаа. Аав, ээжийгээ л үгүйсгэж байна гэсэн үг шүү дээ. Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах үйл явц нь эрүүл, хууль, журмын дагуу, Ерөнхийлөгч нь даргалж, зангидан, олон хүний дэмжлэгтэйгээр өрнөвөл өөр хэрэг. Түүнээс энэ Үндсэн хуулийн доор улс төрийн тогтолцооны эд эс болж байгаа байгууллага, нам, улстөрч, албан тушаалтан тийм юм ярих нь одоогийн хуулиар ч, ёс зүйн хувьд ч таарахгүй. Үүнийг Үндсэн хуульд үгчлэн заах ч шаардлагагүй.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Хатуу, чанга хууль гэлцдэг. Парламент бүр Үндсэн хуулиар оролдох боломжийг уг хуулиар хязгаарласан учраас одоогийн төсөлд олон асуудлыг нэг дор тусгасан байж магадгүй юм.
-Аль ч зүйлд өөр хувилбар бий. Үндсэн хуульд сайн ч тал бий. Дутагдал ч байгаа. Гэхдээ сайн нь талаас илүү байна уу, үгүй юү гэдгийг нотолж, дүгнэх ёстой. Дараа өөрчлөх гээд байгаа зүйлийг нь ард түмэн үнэхээр хүсэж, ойлгож байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тогтолцоогоо эвдчихсэн “Дордуулсан долоо”-г өөрчлөөгүй цагт энэ Үндсэн хуулийн зөв, бурууг дүгнэх ямар ч бололцоо байхгүй. Үндсэн хуулийн санаагаа улайм цайм зөрччихсөн олон хуулиа засаагүй байж энэ Үндсэн хууль руу ноцох ямар ч шаардлагагүй.