С.Бямбацогт: Төрийн тогтолцооны түгжээг мулталж хөгжлийн бодлогоо хөдөлгөхөд үндсэн хуулийн өөрчлөлт чухал
2018.07.03

С.Бямбацогт: Төрийн тогтолцооны түгжээг мулталж хөгжлийн бодлогоо хөдөлгөхөд үндсэн хуулийн өөрчлөлт чухал

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар өнөөдөр /2018.07.02/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага болоод өнөөдөр үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

“Монгол Улс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, засаглалын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай болсон байна. 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш долоон Засгийн газар ажиллах ёстой гэвэл өнгөрсөн хугацаанд 17 Засгийн газар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл арван Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч, солигдож энэ хэмжээгээр улстөржилт хэрээс хэтэрлээ.. Дөрвөн жилд нэг удаа сонгуульддаг, улс орон даяараа хуваагдаж талцан улмаар аль нэг нам нь олонхи болж мөн л талцдаг. Улстөржилт нь үл ойлголцол, үл ойлголцол нь үзэн ядалт,бүр  өс хонзон болж хувирч байна. Эрх мэдлийн хуваарилалтыг одоо л оновчтой болгохгүй бол үеийн үед  энэ ужиг байдал давтагдах аюултай.2008-2012 онд МАН АН хамтран засгийн эрх барьж байхдаа харьцангуй бага улстөржиж, ажлаа хийж амласнаа биелүүлж байсан. Үүнээс бусад хугацаанд биенээ огцруулдаг, улстөржиж биенээ үзэн яддаг явдал даамжирсан.Энэ нь эргээд төрийн бодлого тогтвортой, тодорхой байх зарчимд сөргөөр нөлөөлж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс бодлогогүй болчихсон. Бодлоготой болгоё, засч залруулъя гээд Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Харамсалтай нь төрийн эрхэндгарсан аль ч нам, Засгийн газар түүнийг  хэрэгжүүлэхгүй байгаагаас Монгол Улс хөгжихгүй байна. Иймээс бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж байгаа юм" гэлээ. 

Тэрээр мөн УИХ-ын гишүүн хязгааргүй эрх мэдэлтэй, бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг гэж ярьдаг. УИХ-ын гишүүнийг ажлаа хийхгүй бол, хуралдаа суухгүй бол эгүүлэн татах заалтыг Дэгийн тухай хуульд тусгаж өргөн барьсан ч Үндсэн хууль зөрчинө гээд саналыг маань хасчихлаа. Төр дээрээ дэгтэй байх, хуралдаа суудаггүй, ард түмнийг төлөөлөх үүргээ ухамсарлахгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах тухай Үндсэн хуульд заавал зааж өгөх ёстой гэдгийг онцолсон юм. 

Түүнчлэн "...Өнөөдөр Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа зөрчилддөг, УИХ нь Засгийн газартайгаа толхилцдог, Засгийн газар нь шүүхтэйгээ эрх мэдлээ булаацалддаг болчихоод байна. Үүнийг нуух шаардлага байхгүй. Бүгд мэдэж байгаа. Энэ нь Үндсэн хуультай холбоотой. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн хуваарилалтыг илүү оновчтой болгох, засаглалын тогтолцоог засч сайжруулах шаардлагатай байгааг энэ бүхэн харуулж байна. 

Ерөнхийлөгч нь жинхэнэ утгаараа Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байж Үндсэн хуульд заасан бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх нь их чухал, УИХ нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа хувьд хууль тогтоох үүргээ хэлбэрэлтгүй хийдэлгүй хэрэгжүүлдэг байх нь зөв. Гүйцэтгэх засаглалаа барьцаалж тушаад байлгүй ажил хийх эрх мэдэлтэй болгож төрийн бодлогыг хэрэгжүүлдэг болгох, шүүх засаглалаа хараат бусаар хэний ч нөлөөнд орохгүйгээр шударга үнэнээр аливаа асуудлыг шийдэж чаддаг чадамжтай байлгахад анхаарах цаг болсон байна" гэлээ.  

Энэ мэт ээдрээтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй болчихоод байна гэдгийг С.Бямбацогт гишүүн тодотгосон. Төрийн тогтолцоонд үүссэн "түгжээ"-г мулталж, нэгэнт батласан хөгжлийн бодлогоо "царцаалгүй" хэрэгжүүлэхэд   Үндсэн хуулийн өөрчлөлт нэн чухал гэдгийг эрхэм гишүүн хэлж байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn