Сүхбаатар дүүргийн хог хаягдлын үйлчилгээ УХААЛАГ болно
2017.11.08

Сүхбаатар дүүргийн хог хаягдлын үйлчилгээ УХААЛАГ болно

Нийслэл хотын өнгө төрх болсон Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа дүүргийн төдийгүй нийт хотын иргэдийн нүдэнд ил, сонорт түрүүнд байдаг.

Иймд Засаг даргын Тамгын газар болон нийт хэлтсүүд салбар бүрт орон нутгийн онцлогт тохирсон шийдэлтэй менежмент хэрэгжүүлэх судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийдэг. Энэ удаа хог хаягдлын менежментийг ухаалаг болгох зорилт дэвшүүлэн бэлтгэл ажил 100 хувь хангагдан гүйцэтгэл 45 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны өнгө үзэмж муудаж, багтаамж муутай байгаагаас хог хаягдал багтахгүй гадуур асгарах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын тээвэрлэх хуваариас зөрж хог хаях зэрэг асуудлуудыг цэгцлэхээр эхний ээлжинд 25 байршлыг сонгон шинэчилж, 24 цагийн камертай диспетчерын хяналтанд байлгах юм.

Энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.
  • Хогийн савны суурь хэсэг болон эргэн тойрны хэсгийг бетондож хөрсний бохирдлоос сэргийллээ.

  • Хогийн сав байрлуулсан орчныг бүрэн гэрэлтүүлэх гэрэлтүүлэг хийнэ.

  • Хяналтын камер байршуулж ил задгай хог хаягдал үүсгэх, хогийн савны гадуур хаях, орчин бохирдуулах, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих, мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.

  • Камер 24 цагийн турш диспетчерын хяналтанд байснаар хамтын хариуцлага дээшилнэ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.