
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы /2025.05.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон.
Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч