Л.Гантөмөр: Улс төрийн тогтвортой байдлыг бий болгоё гэвэл төрөөс уул уурхайг холдуул
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр
2017.09.29

Л.Гантөмөр: Улс төрийн тогтвортой байдлыг бий болгоё гэвэл төрөөс уул уурхайг холдуул

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Засгийн газар огцрох болсон гол шалтгааныг та юу гэж харж байна. Цаад гол учир нь Тавантолгойгоос хэн нүүрс ачих вэ гэсэн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болсон гэж хэлэх хүн ч байна?

-Тогтворгүй байдал хэзээ ч сайн зүйл авчрахгүй. Тогтвортой байхын тулд маш ойлгомжтой бодлоготой байх ёстой. харамсалтай нь, Засгийн газраас тодорхой ойлгомжтой бодлого харагдаагүй. Нэг бодлого  гаргаж байна гээд танилцуулдаг, тэрнээсээ эргээд буцчихдаг, монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зарлаа гэж нийгэм даяараа шуугиж байхад үүнд тодорхой шийдэл гаргадаггүй. Монголын хөгжилд юу хийх юм, монголчуудын амьдрал тогтвортой байхын тулд Засгийн газар юу хийх вэ гэдэг нь харагдахгүй байсан.

Олон улсын Валютын сангийн хэлэлцээрт ороод санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоно гэцгээсэн. Урд нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байхад одоо ч тэр нэг ойлгомжтой зүйл байгаа нь Засгийн газар  уул  уурхайн менежер хийгээд байхаар болдоггүй юм байна гэдэг нь тод харагдсан. Нүүрсний үнэ өсөхөөр тэндээс хувь хүртэх гэсэн улстөрчдийн уралдаан сая Засгийн газрыг огцруулахад хүргэж байгаа. Н.Алтанхуяг даргын Засгийн газрыг огцруулахад ч тэр уул уурхайн компаниуд дээрх хэрүүл, хэлцэл, үл ойлголцол, хэн  нэгэн ашиг хүртээд байгаа юм шиг хардлага сэрдлэг  нөлөөлсөн. 

-Олигархи, бүлэглэл хоорондын эрх ашиг зөрчилдөөн Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байгаа хэрэг үү?

-Сая сайтын мэдээллийг харж байхад хятадын 20 компанитай гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан байна лээ. Нэг тонноос нь төчнөөн төгрөгийн авлига авдаг гэж  бичсэн байна. Ер нь улстөрчдийг нүүрсний үнэ өсөхөөр гэрээ хийдэг гэсэн хардлага байнга явдаг. Чи хийж байна, би хийнэ гэдэг уралдаан явдаг. Энэ нь уул уурхайг удирдах ажлыг Засгийн газар хийж болохгүй гэдэг нь харагдаад байна л даа.

Засгийн газар нь уул уурхайн салбарт томилгоо хийж, танил талаараа захирал даргыг нь тавьдаг, яг ямар шалгуураар хэнийг тавьсан нь тодорхойгүй  байдаг. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгойн захирлыг ямар шалгуураар яаж тавьсан юм гэх мэтчилэн. Энэ нь бусад УИХ-ын гишүүдэд  хардах, сэрдэх нөхцлийг бий болгочихдог. Миний харж байснаар Засгийн газар огцрох нь тодорхой байсан л даа. Яагаад вэ гэвэл бодлого нь маш ойлгомжгүй, улам уналт руугаа явж байгаа нь ил тод  байсан. 

-Манай улс дампуурахад ойрхон байна гэлцээд байгаа. Та эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой томъёолж хэлэхгүй юу? 

-Төсвийн алдагдал нь гурван их наяд төгрөг байна. Ингэж нэг Чингис бондын өрийг жил болгон төсвийн алдагдалд тавьж байна. Түрүүчийн дөрвөн жилд нэг Чингис  бондын өр тавихад эдийн засаг ямар аюултай  болов гээд л шаагицгаасан.

Гэтэл энэ Засгийн газар жилдээ нэг Чингис бондын өрийг тоох ч үгүй тавиад л явж байна. Манай улсын төсвийн алдагдал одоо бараг 10 хувьд хүрсэн. Энэ тухай одоо хэн ч яагаад ярихгүй байгаа юм. Энэ тоо маргааш гэхэд монголын бүх аж ахуйн нэгжийг дампууруулахад бэлэн байна. 

-Та өмнөх Засгийн газарт тогтвортой үлдэж ажилласан сайдын нэг. Одоогийн  эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг АН засаглаж байх үетэй холбож тайлбарладаг. Та бүхэн үнэхээр монголын төрийг цөлмөчихсөн байсан юм уу?

-2009 оны  үеэс эхлээд төсвийн сахилга бат эрс суларсан. Зэсийн үнэ  нэг хэсэг  өндөр болсон байсан үе л дээ. Хамаа замбараагүй хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. 2010 оноос хойш явсан бодлого бүгд алдаатай. Бид  нар тухайн үедээ мэдээгүй. Нэг зүйл ойлгомжтой харагдаад байна. Манай улс эдийн засгийг зөвхөн уул уурхайгаасаа  хардаг. Уул уурхайн мөнгөө төсвийнхөө зардалд оруулаад явахаар ард түмнийхээ амьдралыг ирээдүйд дампууруулах бодлого гарчихаж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл уул уурхайн орлого тогтворгүй учраас ард түмэнд хэзээ ч тогтвортой ажиллаж чадахааргүй нөхцөл байдлыг үүсгэчихэж байгаа.

Энэ Засгийн газар урьдах алдаа, оноогоо ухаад хэрэв сайжруулъя гэж байгаа бол энэ бодлогыг л зас. Үүнийг засахгүйгээр эдийн засгийг тогтворжуулна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Бондыг өндөр хүүтэй бондоор солиод явах нь цаг аргацааж, дүр л эсгэж байна. Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан 500 сая ам.долларын өрийг бүр өндөр хүүтэй зээлээр төлсөн. Энэ нь дампуурлынхаа хугацааг түр сунгаж байгаа хэрэг.

-Одоо Засгийн газар ямар бодлого барьж, яаж ажиллах ёстой вэ?

-Улс төрийн тогтвортой байдлыг бий болгоё гэвэл төрөөс уул уурхайг холдуул. Эдийн засгаа аваръя гэж байгаа бол уул уурхайн орлогоо нөөцөл.

Одоо л хийхгүй бол  оройтно. Цаашид ажил хийсэн хүн амь зуухад хэцүү болж эхэлнэ. Монгол орон даяараа хямрал болох нь маш ойлгомжтой байна.

Тиймээс уул уурхайн  төрөөс хараат байдлыг арилгах хэрэгтэй. Уул уурхайн бус бусад төсвөөр орлогоо  бүрдүүлж сурах хэрэгтэй.  Уул уурхайн орлогыг ирээдүйд хадгалж суръя. Төр уул уурхайг эзэмшиж болно. Татвар авч болно. Гэхдээ тэрний дарга нарыг нь Засгийн газар томилохоор мөнхийн зодоон үүсэх юм байна гэдгийг харлаа.

 Уул уурхайгаас бусад бизнесээ босгож ирэхийн тулд Засгийн газар нэн тэргүүн хөгжлийн бодлогоо гаргах ёстой. Манай улс уул уурхайн орлогоо бүр урьдчилаад  түрүүлээд авчихдаг болсон. Сү.Батболдын Засгийн газрын үед 300 сая ам.доллар урьдчилаад авчихсан байсан. АН-ын Засгийн газрын үед “Эрдэнэт” үйлдвэрээс урьдчилаад авчихсан. Бүр нөөцөлж хадгалах биш урьдчилаад авчихаж байна шүү дээ. Одоо үүнийгээ бүгдээрээ ухамсарлах цаг тулсан.  Аль нэг нам гэж нялзааж байх цаг алга. Үүнийг одоо л ойлгохгүй бол улс дампуурна. Бидний үр хүүхэд хоосон хононо.

Грек дампуурсан шалтгаан нь өндөр хүүтэй зээлээсээ болсон. Бидний аваад байгаа бондууд яг ийм л байна. Жишээлбэл, энэ жил Засгийн газар гурван их наяд төгрөг зээлчихсэн байна. Хүү нь 10 хувь давчихсан. Хүүгийн хүү тооцогдоно. Яаж төлөх юм, бүү мэд.

-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдох нь зүйтэй юу. Зарим сайдуудаад авч үлдэх нь зүйтэй юу?

-Холын зорилгоо тодорхойлохгүй бол өнөөдрийн зовлон дуусахгүй. Сайд нар гэдэг салаа мөчир юм. Салаа мөчир яриад Монголын улс төрийн амьдрал хэзээ ч аятай болохгүй. Нэг мөчир нь сайхан ургаад эсвэл хатсан  ч мод байдгаараа л байна. Модны үндэс нь  амьд байна уу үгүй юу гэдгээ эхлээд хар. Миний бодлоор Монголын төр уул уурхайгаасаа холдчихвол илүү тогтвортой, эрүүл ухаантай болно. Үүнийг дагаад хардлага, сэрдлэг ч байхгүй болно. Улс төрд хулгай хийх гэсэн хүмүүс орж ирэхээ ч болино. Тэртэй тэргүй Ардын намын нэр хүнд дуусчихлаа. Улс төр хийх боломж Ардын намд одоо үлдээгүй, нэмэргүй. Одоо улс эх орныхоо төлөө жаахан юм хийхийг бод.

Засгийн газрын кабинет энэ улс орны ирээдүйд чиглэсэн бодлогыг явуулдаг. Үүн дээрээ тохироод ороод ирвэл хэн сайд байх нь  хамаа алга. Яг үнэндээ дотор нь ороод суухаар асуудлыг олж харж чаддаггүй юм байна л даа. Мань мэт нь төсвийн мөнгийг хэмнэе баръя гээд дуугараад явдаг л байсан. Одоо гаднаас нь харахаар их тодорхой харагддаг юм байна. Алдаа, оноогоо олж харж байна. Эдийн засгийн тоо хэнд  ч ойлгогдохоор ил байна.

Манай улсад баялгийн хараал тусчихсан. Хөгжлийнхөө занганд орчихсон. Эргээд 1990 он биднийг хүлээж байна. Социализмын үед өр тавьж яваад дампуурдаг одоогийн өр тавиад дампуурах  гэж байгаа хоёр загвар нь яг адилхан. Хэрэв кола зарагдахгүй бол коланы үйлдвэр дампуурна биз дээ. Монголчууд 1990 онд өмчтэй болж салсан. Энэ удаагийн дампуурлаас юутай салах юм. Грек бол бүх хөрөнгөө гадаадынханд зарж салж байна. Ийм нөхцөлд улс төрийн намууд зэрэгцэж суугаад улс орны  хөгжил, дампуурлаасаа яаж гарах тухай ярилцахгүй юм уу. Одоогийн  УИХ маш хариуцлагатай ажиллах  ёстой. 

-Та Боловсролын сайдаар ажиллаж байсан. Сая Засгийн газар огцрохоос  өмнө боловсролын салбар хоёр ч сайдын нүүр үзчихлээ. Танд юу гэж  харагдах юм?

-Аль ч салбарт ажил  хийх дуртай, сэтгэлтэй хүнийг тавих хэрэгтэй дээ. Би найман жил УИХ-д байж байгаад боловсролыг сайжруулъя гээд зорьж очсон. Тэр зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийнхөө чаддаг, мэддэг бүх зүйлээ хийсэн. Г.Чулуунбаатар сайд ирээд шинэчилсэн хөтөлбөрт гар дүрэхгүй гэж хэлсэн байна  лээ. Шинжлэх ухааны хүн болохоор бас ойлгож байна л даа. Хийх ажил маш их байгаа. Энэ салбарыг хөгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшил, сэтгэл хэрэгтэй л дээ. Ер нь хямрал том сорилтыг тавьдаг.

УИХ-д суудалтай нам дотроо хоёр хуваагдчихаад ид хямралтай байна. Энэ үед улс төрийн намууд тодорхой алхам хийж Монголын эдийн засгийг яах вэ гэдгээ ярилцах хэрэгтэй. Зүгээр л хүнийг солиод яах юм бэ. Хямралд сайн зүйл байдаг нь муу, буруу зүйлээ засах боломжийг олгодог. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Ингэж чадахгүй  бол дараагийн Засгийн газар нь дахиад л огцорно. Яг  яах гэж байгаагаа бодитоор ярихгүй бол хэн ч итгэхгүй байна. Дахиад л энийг ч сайхан болгоно, тэрийг ч сайхан болгоно гэж худлаа хэлэх хэрэггүй. Бодит эдийн засгийн боломж хүнд байна гэдгээ хүлээн зөвшөөр. Уул уурхайн орлогоор дулдуйдаад ирээдүйд их хэмжээний өр тавьж амьдрах юм бол баялаг бүтээгчид тэр их өрийг төлж яагаад ч дийлэхгүй. Тийм учраас төр бодлогоо  маш тодорхой хэлэх хэрэгтэй. Ядаж л төсвөө алдагдалгүй баталж сур.

-МАН-ын дотоод хямралаар АН улс төр  хийж УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулах сонирхол байна гэсэн хардлага бас дуулдаж байна?

-Манай намынханд улс орныг сүйрүүлье гэсэн бодол байхгүй. Эрх мэдэлд шунасан зарим  нэг хүн байдаг л байх. Гэхдээ дийлэнх нь монголынхоо маргааш, үр хүүхдэдээ санаа зовнидог. Манай, танай гэлтгүй монголчууд асуудлаа ярих хэрэгтэй. Боловсролтой улсууд тойрч суугаад хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. 

Тун удахгүй Чингис бондын төлбөр 500 сая ам.долларыг яаж төлөх юм. Яригдахгүй байгаа маш том, том төлбөрүүд бий.

Гадны улс орны хэн ч бидэнд туслах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Монголын  улс төрийн нөхцөл байдал, улстөрчдөд нь философи, алсын хараа байхгүй гэдгийг дэлхий даяараа харчихсан. Амьдрах ухаангүйг нь бүгд мэддэг болсон. Монгол хэзээ ч хань болохгүйг ойлгочихсон.  Тэгэхээр тогоон дотроо л учраа олно. Манай нам ороо бусгаа энэ цагийг далимдуулсан улс төр хийвэл улс орны байдал улам л хүнд болно. Тийм сонирхол бидэнд байхгүй. Ер нь асуудлынхаа мөн чанарыг таниагүй байж сонгууль явуулах нь буруу юм байна  гэж хүртэл бодох боллоо. 

-Төрөөс баяжихыг санаархдаг  шуналтай улстөрчдөөсөө яаж салах вэ. Тэдэнд улс орноо бод гэдгийг нь яаж ухааруулж сэхээрүүлэх үү?

-Их  мөнгөтэй  улсууд улс төрд гүйснээс болсон асуудал. Дундаж амьдралтай хүмүүс улс төрд байсан цаг үе өдийд  байсан бол асуудал арай өөр байсан  байх болов уу. Оффшор гээд яригдахад оффшортой гэгдэх хүмүүс нь үнэхээр баян байгаад байна. Тэгэхээр хүн хардахаас  яахын. Дахиад хэлэхэд алдаагаа л засья. Уул уурхайн менежментэд төр оролцохоо больчих. Орд газрын лицензийг олгохдоо нээлттэй шударгаар худалд.

Хотын газрыг нээлттэй дуудлагаар худалдахад ордны хажуу талын ганцхан газар 20 тэрбум төгрөг хүрээ биз дээ. Муу зуршлаасаа салах ухаан байвал монголчууд аврагдах байх.  Хэрэв салахгүй бол тэртэй тэргүй  дампуурна. Энэ нь хэн нэгэн хүний буруу гэхээсээ бойжиж буй нийгмийн туулсан зам. Бид аливаа зүйлийн мөн чанарыг судлахгүйгээр хэлбэр дандаа хөөж загвартдаг. Гадаадад тийм юм болж байна гэдэг сургаар шуугицгаадаг, хуулбарлахыг оролддог. Гэвч ямар зам туулж яаж амжилтанд хүрсэн талаар хэн  ч ярьдаггүй.