УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.25

Л.Мөнхбаатар: Мал, амьтны халдварт бус өвчинтэй тэмцэх, гэрийн тэжээвэр амьтныг зохицуулсан заалт бий юу?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд тусгагдсан нэр томьёо, зохицуулалтын хүрээнд тодруулах шаардлагатай гэж үзсэн асуултуудаа асуусан юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хоёр ч хуулийн төсөл хэлэлцүүлж байна. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг хангах, эдгээр асуудлыг шинэ шатанд гаргах зайлгүй шаардлага байгаа нь уг хуулийн төслийг хэлэлцэх үндэслэл гэж бодож байна.

Хуулийн төсөлд засч, сайжруулах зүйлс байна. Малын гаралтай, мал, амьтны халдварт өвчин манай улсад түгээмэл тохиолддог. Малын халдварт өвчнөөс болж малчин хүнд байдалд орох бий. Тиймээс энэ мэт асуудлыг шийдэх зорилгоор төр шийдэмгий алхам хийх цаг болсон. Бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг өөрчлөх, сайжруулах тал дээр салбарын яам идэвх, хариуцлагатай ажиллах ёстой.

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Харин хуулийн төслөөс хэд хэдэн зүйлийг тодруулж асуухыг хүсч байна.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл учраас мал, амьтныг хамгаалах асуудлыг голчлон оруулжээ. Хуулийн төслийн үндсэн зорилгоос хамаарч хуулийн нэршил гарч ирдэг. Тэгвэл “...эрүүл мэндийн...” гэж нэрлэснээс хуулийн төслийн үндсэн агуулгыг хадгалж байна уу, үгүй юу гэдгийг бодолцох ёстой. Тиймээс хуулийн төслийн нэр томьёог эргүүлэн харах шаардлагатай байна.

Хуулийн төслийн үйлчлэх хүрээнд гэрийн тэжээвэр амьтан хамаарч байгаа гэж ойлгож болох уу?

Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн хоёр төрлийн ойлголт хуулийн төсөлд тусгагдсан байна. Энэ нь халдварт болон халдварт бус гэсэн агуулгыг агуулж байгаа байх. Хуулийн төсөлд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийг түлхүү тусгасан гэж үзэж байна. Тэгвэл халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар зохицуулалт туссан бэ?

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэг нь “Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах” гэсэн байна. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэхээр ерөнхий ойлголтоороо хуулийн төсөлд туссан уу? Ямар агуулга, зорилгоор уг бүлгийг оруулсан бэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлого хариуцсан мэргэжилтэн н.Алтангэрэл:

Одоо мөрдөж буй хууль нь зөвхөн мал, тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байна. Харин шинэ хуулийн төсөл нь илүү өргөн хүрээг хамарсан, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нарийвчилсан зохицуулалтыг оруулсан болно. Үүнд, 

Нэгд, Мал, амьтны гэж оруулсан нь мал, гэрийн тэжээвэр, зэрлэг амьтны өвчлөлийг тандахад чиглэсэн байна.

Хоёрт, Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах бөгөөд энэ нь экспорт болон иргэдийн хэрэгцээг хангахад зориулсан зохицуулалт бий.

Гуравт, Нийтийн эрүүл мэнд буюу мал, амьтнаас хүнд халддаг халдварт өвчлөлийг хянах, түүнчлэн галзуу өвчин, бруцеллёз, боом өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллах зорилтуудыг тусгасан юм. 

Дөрөвт, Худалдааны чөлөөт байдлыг хангах бөгөөд энэ нь мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнийг эмчлэх, түүнийгээ олон улсад баталгаажуулах, улмаар малын махаа экспортлох боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.