Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2016.12.23

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2016.12.22/ Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий ч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь уг банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, төсөв, санхүүгийн салбарт багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор бусад орны амжилттай туршлагыг судлан, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ