2016-2017 онд Засгийн газар юу хийх вэ?
Засгийн газрын хуралдааны үеэр
2016.11.08

2016-2017 онд Засгийн газар юу хийх вэ?

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 10 дугаар сарын 27-нд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.

2016-2017, 2017-2018 гэсэн үе шаттай хэрэгжүүлэх 6 заалт бүхий 66 тодорхой ажлыг уг хөтөлбөрт тусгажээ. Уншигч та бүхэнд энэ удаад 2016-2017 онд хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалтыг хүргэж байна.

Энэ оны төгсгөл, ирэх оны турш Засгийн газар улсын төсвийн алдагдлыг бууруулж, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн дарамтыг багасгаж, инфляцийн тогтвортой барих үүднээс нийт 15 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Үүнд: 

  • Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх
  • Төсвийн сахилга батыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх
  • Үндэсний аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан татварын актын хүү, торгууль, алданги, үндсэн татварын нөхөн төлбөр төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь тодорхой нөхцөлтэйгээр нээх замаар бизнесийн үйл ажиллагааг нь идэвхжүүлэх
  • Төсвөөс гадуурх санхүүжилтийг бүрэн зогсоож, төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн урсгал зардалд үнэлгээ хийж, үр ашиггүй зардлыг танах
  • Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад үр ашгийн шинжилгээ хийж, сангийн зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй, ил тод болгох
  • Төрөөс захиалгаар гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрөө авч чадахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг барагдуулах
  • Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулах, Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах, үнэт цаасны зуучлагч компаниудын оролцоог нэмэгдүүлэх
  • Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • Эдийн засгийн бодит өсөлт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих хүүгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, банкны системийн шалгуур үзүүлэлтүүдийг зохистой түвшинд байлгах
  • Валютын урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй байх, дунд, урт хугацаанд валютын нөөцийг тогтвортой байлгах,  хамгаалах зарчим баримтлах
  • “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн даатгалыг урт хугацаат даатгалын бүтээгдэхүүний хэлбэрт шилжүүлэх
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын сан байгуулах
  • Экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгох замаар экспортлогч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих

Эх сурвалж: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр, Хавсралт№1