2016.10.10

Эхчүүд, малчдын нийгмийн баталгаа сайжирна

"...Ээж нар хүүхэд гаргаж, хүүхдээ асарсныхаа төлөө хоригдол, хогийн шүүр, шалны алчуур, аяга угаагч, ачааны тэрэг, угаалгын машин болох ёсгүй... хэрвээ та нарт хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хэрэгтэй байгаа бол ахиухан мөнгө олоод тэднийгээ ав..." гэж нэгэн ээж их л бухимдангуй бичжээ. Энэ эмэгтэй хүүхдээ гэртээ харж буй ээжүүдийн төлөөлөл. Нялх үрээ өөр хүнд харуулахгүй, хайхралгүй орхихгүй гэсэндээ ажил хийх боломжгүй болдог тэдэнд ингэж бухимдах нь цөөнгүй.

Учир нь хүүхэд төрүүлж, өсгөж байгаа нь улс эх орондоо оруулж буй үнэтэй хувь нэмэр боловч тэр нь нөхөртөө ч, Монгол Улсдаа ч үнэлэгддэггүй, шууд л ажилгүй, орлогогүйчүүдийн тоонд шилжиж байна. 

Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. 

Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг талтай. Мөн эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс хамааруулан ялгаатай олгодог.

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд: 

- Хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх

- Шимтгэл төлсөн нийт хугацаан дээр  төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмж тооцох

- Эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох

зэрэг багтана. 

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд малчдын тэтгэврийн насыг тодорхой жилээр наашлуулах тухай тусгажээ. 

...Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж байна...

Энэ нь нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа бөгөөд эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болсон. Тиймээс ч малчдын нийгмийн баталгааг зайлшгүй шаардлага өдөр ирэх тусам тулгарч байна. 

...Эхчүүд, малчид гэсэн хөдөлмөр нь тэр бүр үнэлэгдээд байдаггүй нийгмийн бүлэгт чиглэсэн энэхүү хуулийн төсөл батлагдвал улсын төсвөөс жилд 37,9 тэрбум төгрөг гаргах болно...

Ирэх 2017 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхтэй холбоотойгоор шимтгэлийн орлого, цаашид шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нэмэгдэх бөгөөд төсвийн үргүй зардал, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулах, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авсны үндсэн дээр энэхүү зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзэж байна. 

Бичсэн: Г.Мөнхтуяа