Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
2010.10.12

Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Ганхуяг, Ж.Батсуурь, Н.Батбаяр, Б.Батбаяр нар өнөөдөр Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

 

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын санхүүгийн байдал доройтож их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд тухайлбал, 2008 онд салбарын дүнгээр балансын алдагдал 24,4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ тоо 2007 онтой харьцуулахад 6 дахин өссөн ба 2009 он гарсаар байдал улам дордож,  улирал  бүр алдагдал нэмэгдсээр 2009 оны жилийн эцэст 69,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

 

Цаашид эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэн нэмэгдүүлж, тус салбарыг санхүүгийн хувьд бие даалган ажиллуулах хүртэл ачааллын зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлэн эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэд хэдэн арга хэмжээг төр, засгаас авах зайлшгүй шаардлага нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үндэслэл боллоо хэмээн эрхэм гишүүд тайлбарлалаа.

 

Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, салбарын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр болон орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгажээ. Мөн эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтын хүрээнд Эрчим хүчний зохицуулах газраас авах арга хэмжээний талаархи заалтууд ч тусгагдсан байна.

 

Тогтоолын төсөл батлагдан гарснаар  төрийн өмчийн компаниудын дүнгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэн богино хугацаат өр төлбөр, хэрэглэгчээс авах авлага буурч улмаар эргэлтийн харьцаа 2,87 пункт буюу өмнөхөөс 1,04 пунктээр, төлбөр барагдуулах чадвар 0,79 пункт буюу өмнөхөөс 0,09 пунктээр нэмэгдэж, компаниудын санхүүгийн байдал эрүүлжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.