Ц.Даваасүрэн: Томилсон дарга нарынхаа төлөө ажиллавал үр дүн гарахгүй
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэхухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатарыг томилох талаар хэлэлцэв. Засгийн газрын өмнө тавигдаж байгаа зорилтыг хэрэгжүүлэх, тухайн ажлыг хариуцах мэргэжлийн ур чадвар, мэдлэг, ажлын туршлагыг нь харгалзан Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдад мэргэжлийн хүн томилоогүй. Энэ удаад эмнэлгийн салбарын анхан шатнаас бүх шатанд нь ажиллаж, салбарын зовлон, жаргалыг сайн мэддэг туршлагатай хүнийг нэр дэвшүүлснийг гишүүд сайшааж байлаа.
-Эмчилгээнд тавигдаж байгаа хяналтын тогтолцоо өнөөдөр төдийлөн сайн биш байна. Шинээр томилогдох сайд хэдийгээр богино хугацаанд ажиллах гэж байгаа ч энэ асуудлыг шийдэх суурийг тавих боломж бий. Иймд залуу, мэргэжлийн хүн ирээдүйд чиглэсэн бодитой ажилд сэтгэл гаргаж ажиллаарай. Түүнээс биш томилсон дарга нарынхаа төлөө ажиллавал үр дүн гарахгүй.