Хотоо хөгжүүлэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно
Монгол Ардын нам Аудитын байгууллагад хянуулсан Мөрийн хөтөлбөрөө улс төрийн бусад нам, эвслээс түрүүнд, өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.
Хэдхэн хоногийн өмнө 91 жилийн ойгоороо нийслэлчүүдэд ажлаа тайлагнасан нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр морин цагт Нийслэлийн Сонгуулийн хороонд Мөрийн хөтөлбөрөө хүргүүлэн, сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийллээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй энэ үеэр “Улаанбаатар хотыг МАН удирдаж байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, нийслэлийн авто замын сүлжээ, инженерийн байгууламжийн өргөтгөл шинэтгэл, агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон зөв ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш, маргаашгүй нөгөөдөр гэж үгүй. Улсын нийслэл Улаанбаатар хот нэг л өдөр сүндэрлээгүй. Монголын ууган нам хотыг удирдаж, ард иргэдтэйгээ хүч нэгтгэн үе үеэр бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Иргэдээ бичиг үсэгтэй, эрүүл, боловсролтой болгосон. Ингэж орчин үеийн Улаанбаатарын хөгжил өнөөгийн шатанд хүрсэн. Хэдий МАН 2012 оны сонгуулийн үр дүнгээр цөөнхийн байр сууринд шилжсэн ч өөрсдийн эхлүүлсэн хөгжлийн цогц бодлогыг сөрөг хүчний байр сууринаас дэмжиж, иргэдийнхээ өмнөөс хяналтаа тавьж ажиллалаа. Бид сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьж байна.Зорилгодоо хүрэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно” гэв.