Ардчилсан намын үед төрийн үйл ажиллагаа улам нээлттэй, ил тод болж байна
2016.04.08

Ардчилсан намын үед төрийн үйл ажиллагаа улам нээлттэй, ил тод болж байна

- Н.Алтанхуягийн мэдэгдлийг хувь гишүүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ? 

Монгол ардчилсан улс учраас Монгол улсын ерөнхий сайд байсан, УИХ-ын гишүүн байтугай иргэн хүн хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, мэдэгдэл хийх эрхтэй. Миний хувьд энэ мэдэгдэлтэй холбогдуулж ямар нэг дүгнэлт хийхийг хүсэхгүй байна. 

- Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал, тодруулбал эхлээд Н.Алтанхуяг, дараа нь Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийг хуулийнхан шалгаж, цагдан хорьж байгаа нь нэг л хүний даалгавар гэдэг. Гэтэл тэр хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэх юм. Та энэ тухай юу хэлэх вэ?

Монгол улс хуулийн засаглалтай орон. Цаг хугацааны эрхээр үнэн учир нь тайлагдах байлгүй. Хэрэг хийсэн, хийгээгүйг шүүх тогтоодог. 

Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр  бүрдчихээд байна гэж байсан? 

Би энийг мэдэхгүй байна.Гэхдээ ийм үйл ажиллагаа манайд хэрэгжих боломжгүй байх.Ер нь сонгууль дөхөөд ирэхээр  өрсөлдөгчөө намнахын тулд захиалга өгч хууль хяналтын байгуулагыг ашиглах явдал байж болохгүй.Йим асуудал гаргахгүйн тулд төр,засаг онцгой анхаарах хэрэгтэй. 

- Ер нь АН-д чухам юу болоод байгааг сонирхож болох уу? 

АН байдгаараа байна гэж хэлэх байна. Энэ 4 жилд алдсанаасаа оносон хамаагүй их байсан нь тодорхой. Төрийн эрх барихад оролцож байгаа намуудын үйл ажиллагаа ил тод байх тусмаа Төрийн үйл ажиллагаа олон түмэнд ил тод нээлттэй байдаг. Ардчилалын хамгийн давуу тал нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал. АН бол Монголын ардчилалын хөтөч бөгөөд үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байдгаараа манайд үйл ажиллагаа явуулж байгаа бусад намуудаас онцлогтой.Тэр ч утгаараа АН төвтэй засгийн үед олон түмэнд төрийн үйл ажиллагааг нээлттэй болгосон бодлогын олон арга, хэмжээг авсан.

 Тухайлбал Нээлттэй парлемент, Шилэн дансны тухай хууль,1111 төв, сайдын цаг гээд олон арга хэмжээг хэлж болно. Ямар нэг асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд өөр өөр байр суурьтай, тэр байр сууриа олон нийтэд илэрхийлж болно. Гэхдээ үйлдэл нь Монгол улсын язгуур эрх ашиг, хуульд нийцсэн байх учиртай. Ардчилсан орон ийм л байдаг. АН-ын нам бол үйл ажиллагаа нь ил тод байдаг, дотроо бодлогын өрсөлдөөнтэй, үүгээрээ дотоод ардчилал нь хангагддаг нам юм. 

Хэдийгээр АН фракцгүй нам болохоо зарласан ч энэ үг биелэлээ олоогүй. Харин ч хагарал нь улам хурцадсан гэж харж болохоор үйл явдлууд өрнөж байна? 

Фракцыг ч их ярих юм даа. Барууны ардчилсан, хөгжилтэй, парламентын засаглалтай орнуудын голлох намууд фракцтай байна уу, фракцгүй байна уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Миний ойлгосноор эдгээр орнуудын улс төрийн намууд ихэвчлэн фракцтай байдаг юм билээ. 

- Тэгэхээр фракцтай байх нь дээр гэж үү? 

АН фракцтай нь үнэн, гэхдээ үйл ажиллагаа нь ил тод байдаг. АН-ын фракцуудын үйл ажиллагаа АН-д Бодлогын зөвлөл байгуулагдсанаар бодлогын өрсөлдөөнд шилжиж байна. Ингэснээр төрийн, улс төрийн байгуулагаас оновчтой, чанартай бодлогын шийдвэр гарахад томоохон ахиц гарах болно. Ер нь аливаа үйл ажиллагаанд тодорхой хязгаартай байх учиртай. Тэр хязгаараасаа давахаар асуудал үүсдэг. Тиймээс АН-ын фракцууд бодлогын зөвлөл, түүний доторх бодлогын бүлгэм болон өөрчлөгдөж байна.

Нөгөө талаасаа хүний нөөцийн томилгоон дээр тодорхой шалгуур үзүүлэлттэй болно. Ер нь Ардчилсан оронд улс төрийн намуудад фракцтай байдаг. Харин фракцтай мөртлөө, фракцийн үйл ажиллагаа нь далд байвал илүү сөрөг үр дагавартай гэж үздэг. АН-ын үйл ажиллагаа ил тод, дотоод ардчилалтай учраас ямар ч үед гишүүд нь шинийг, шинэ санааг хүлээж авах чадвар өндөртэй, улс орноо хөгжүүлэх шинэ санаа тээгч, шинэчлэгчийн манлайлагч түүчээ нь байж ирсэн. Энэ бол том давуу тал. Зарим намууд асуудалд шинэлэгээр хандах арга барилгүй учир, шинэлэг бүхнийг эсэргүүцэж, үргэлж өнгөрснийг жишээ татаж бодлого тодорхойлохыг оролддог хуучирсан арга барил нь хэвээр байсаар байна. 

- АН-ынхан З.Энхболдыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх шиг байна? Магадгүй энэ байдлаараа Сонгуулиас өмнө намын даргын асуудал хөндөгдөх бололтой? Танай намын гишүүн Т.Хасбаатар намын даргаа огцрохыг шаардсан шүү дээ?

З.Энхболд дарга хүлээн зөвшөөрөгдөөд АН-ын ҮЗХ-оор сонгогдсон. Хуульд нийцсэн АН-ын дүрмээр бол АН-ын их хурлаар ёсчлох үлдсэн. Ардчилсан оронд хэн нэгэн нь улс төрийн албан тушаалтныг огцрохыг шаардаж л байдаг. Манай улсад ч байдаг л асуудал. АН-ын дүрмээр шинээр сонгогдсон намын дарга өөрөө өргөдлөө өгөх, эсхүл хүндэтгэх шалтгаантай тохиолдлоос бусад хэлбэрээр огцруулах боломжгүй.

Саяхан ҮЗХ хуралдах гээд түр хойшилсон. Шалтгаан нь Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл УИХ-д гэнэт өргөн баригдсан тул эрх барьж байгаа улс төрийн намын хувьд төрийн ажлыг тэргүүн зэрэгт тавьж, намын дотоод асуудлаа хойш нь тавьж ҮЗХ-ны хурлаа түр хойшлуулсан юм. Бодит байдал нь бол энэ юм. З.Энхболд намын дарга болсноос хойш хурдтай, бүтээмж өндөртэй, аливаа асуудал дээр байр суурь  нь  хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэй  товч, тодорхой ажиллаж байгааг олон нийт эерэгээр хүлээж авсаар байна. 

З.Энхболд чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллахдаа нийгмийг хагалган бутаргах ноцтой үр дагавартай мэдэгдлийг хийсэн гэж Т.Хасбаатар мэдэгдээд байгаа. Тэгвэл үүнээс гадна Дархан-Уул аймагт намынхантайгаа уулзахдаа гишүүдээ МАН-аас мөнгө авсан гэх утгатай үг хэлсэн. Ямартаа л Дархан-Уул аймгийнхан намын даргынхаа эсрэг босох нь тодорхой болчихлоо. Ийм нөхцөлд энэ хэвээрээ сонгуульд орох нь сөрөг үр дагавар авчирч мэдэх юм?

 

Наад асуултанд чинь бараг дээр хариулчихсан. АН-ын дүрэмд заасны дагуу Дархан-Уул аймгийн АН үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Дархан-Уул аймгийн АН-ын удирдлага, намын хороо нь төв намын үйл ажиллагааг байнга дэмжин, хамтарч ажиллаж байна. Саяхан удирдах ажилтны зөвлөгөөн нь болсон. Ардчилсан нийгэм учир янз янзын үзэл бодолтой хүмүүс байх нь бол мэдээж юм. Өмнө ч ийм асуудал зөндөө л болж байсан.Аливаа асуудлаар хэн ч байр сууриа илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд бид 26 жил, ажиллаж амьдарч байна. 

- Гэхдээ цөмийн хаягдлыг Монголд булшилна, булшлахгүй гэх дуулианы цаана Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг гаргалаа. Тэгэхээр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй байсан гэхэд бас л эргэлзээтэй юм шиг?

Цөмийн хаягдалтай холбогдсон олон улсын гэрээ, хэлэлцээр, гадаад зах зээлээс босгож байгаа бондын санхүүжилт хоорондоо ямар ч холбоогүй гэж бодож байна. Цацраг идэвхт бодис, цөмийн хаягдлын асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь энэ асуудалтай холбогдсон олон улсын хурал УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө буюу дөрвөн сарын нэгнээс өмнө хуралдаж холбогдох эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох гэж байсантай холбоотой гэж үзэж байна. 

Цацраг идэвхт бодис,цөмийн хаягдалтай холбогдсон эрх зүйн харилцаа нь ганц нэг орон дангаараа шийдэх боломжгүй зүйл юм. Саяхан энэ асуудлаар хуралдсан олон улсын хуралд дэлхийн ихэнх улсууд оролцсон гэсэн мэдээлэл гарсан байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байсан олон улсын гэрээ, хэлэлцээр нь Монгол улсад цөмийн хаягдал булшлахгүй байх эрх зүйн орчныг бүрэн бий болгож, цөмийн зэвсэггүй статусыг улам дээшлүүлэх байсан. Шалтгаан нь тэр, гэрээ хэлэлцээрүүдийн төсөл нь бүх хүмүүсд ил тод нээлттэй байгаа. 

Уг нь энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас 800 сая ам.доллар бүхий үнийн дүнтэй “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсныг Г.Уянга болон МАН-ынхан зогсоосон гэж ойлгосон юм. Гэтэл сиймхий хүлээж байж. Тийм үү?. Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Credit Suisse" банкнаас 250 сая ам.доллар зээлээд хэд хонож байгаа билээ дээ. Гол нь урд хормоойгоо авч, хойд хормойгоо нөхөх байдлаар Засгийн газар ажиллаж байгаа нь хэр зохистой вэ?

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох болон зээл авах үйл ажиллагаа нь Монгол улсын эрх ашиг, хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Шалтгаан нь манай төсвийн орлого улиралын онцлогтой гол орлогууд нь тухайн оны хоёр дахь хагасаас хойш орж ирдэг. Тиймээс үе үеийн засгийн газар төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэх, улиралын чанартай бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэхийн тулд дотоодын зах зээлд засгийн газрын бонд гаргаж санхүүжилт татаж ирсэн.

Гэвч дотоодын зах зээлээс босгодог бондын санхүжилтийн хүү нь хэт өндөр буюу 17 хувьд хүрсэн гэсэн. Энэ бондын ихэнхийг манай арилжааны банк болон бусад банк санхүүгийн байгууллага худалдаж авсаар ирсэн. Энэ нь ч мэдээжийн асуудал. Учир нь банк, санхүүгийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдэд зээл өгөхийн оронд, засгийн газрын бонд худалдаж авах нь тэдэнд эрсдэл багатай, үйл ажиллагааны зардал хэмнэгддэгтэй холбоотой.

Үе үеийн Засгийн газруудын дотоодын зах зээлээс татсан бондын санхүүжилтийн нийт хэмжээ 4 их наяд орчим төгрөг болсон гэдэг. Тиймээс гаднаас хүү багатай санхүүжилт татаж төсвийн зардлаа санхүүжүүлэх нь олон талын ашигтай. Тодруулбал Засгийн газрын төлөх зээлийн хүүгийн зардал буурна, мөн арилжааны банкуудын аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдэнэ, нөгөө талаас гадаад валют орж ирснээр үндэсний валютын ханшны тогтвортой байдал сайжирна. Зах зээл дээр манай гол нэрийн ашигт малтмалын түүхий эдийн үнэ огцом унаснаар гадаад валютын орлого буурч байгааг хүн мэдэж байгаа гэж ойлгож байна.