Улаанбаатарт нүүрлэж болзошгүй экологийн сүйрэл
Бохирдсон голын уснаас болж 19 дүгээр зууны дунд үед Лондонд аймшигтай тахал дэгдэж байв.
2015.06.03

Улаанбаатарт нүүрлэж болзошгүй экологийн сүйрэл

21 дүгээр зууны Улаанбаатар хот зэрлэг капитализмын үеийн Европын хотуудын алдаатай замаар замнаад байх шиг. Өнөөдөр нийслэл маань экологийн сүйрэлд автчихсан, хүн амьдрахад хортой хотуудын нэг болчихоод байна. Гэвч төр засаг нь ч тэр, энгийн хүмүүс ч тэр эргэн тойронд болж буй экологийн сүйрлийг байдаг л зүйл шиг хүлээж аваад сурчихсан. Европын хотуудаас бидэнд сургамж болохуйц түүхтэй хот бол Лондон. Лондончууд бидэнд олон зүйлийг хэлж өгч чадна. Харамсалтай нь монголчууд бусдын алдаанаас суралцах дургүй.

Английн нийслэл түүхэндээ яг өнөөдөр Монголын нийслэлд эрчээ авч буй экологийн хоёр сүйрлийг тойроод биш дайраад гарсан юм.  Энэ бол агаарын бохирдол, усны бохирдол.

Лондонгийн их тортог

1956 оны 12 дугаар сарын зургааны өдөр. “Садлер Веллс” театрт жүжиг үзэж байсан хүмүүс гэнэтхэн ханиалгаж эхэлснээс жүжгийг зогсоов. Өтгөн манан заалаар дүүрч тайзан дээрх зүйлс харагдахаа болив. Мананд төөрсөн шувууд өндөр барилгын хана мөргөснөөс далавч нь гэмтэж, гудамжинд энд тэндгүй унасаар байв.

Бүх тоглолт, уулзалтууд хойшлогдож, нийтийн тээвэр ажиллахаа болилоо. Утаагаар далимдуулж гэмт хэргийн тоо ихсэв. Тэр үеийн эмч нарын бичиж үлдээсэн тоо баримтаар хөгшид, нялхас, амьсгалын замын өвчтэй хүмүүс нийлсэн 4000 орчим хүн нас баржээ. Гэвч эрх баригчдын тооцоолсноор энэ тоо 12 000-д хүрчээ. Утаат манантай байсан таван өдрийн туршид энгийн үеэс 4000-аар илүү хүн үхсэн гэсэн тооцоо байдаг. 2-3 жилийн туршид Лондонгийн оршин суугчдын дунд нас барагчдын тоо дундажаас 4000-аар хэтэрсэн үзүүлэлттэй гардаг байв.

Лондонд тохиолдсон энэхүү гамшигт үзэгдлийн шалтгаан нь цаг агаарын таагүй нөхцөлтэй давхцаж илэрсэн агаарын бохирдол байв. Эсрэг циклонтой, салхигүй өдөр байсан учраас тэртэй тэргүй бохироор дүүрэн агаар хаашаа ч хөдлөлгүй хотын дээр тогтсон байлаа. Цаг агаар хүйтэрч, хотын оршин суугчид тэр аяараа нүүрс тулан дулаацдаг болсны улмаас хорт бодис хуралдсан агаарын тогоо үүсчээ. Түүнчлэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг халж дизель хөдөлгүүртэй автобуснуудыг ашиглах болсон нь агаар бохирдох бас нэг шалтгаан болжээ.

Салхины эрч муутай, эсвэл олон талаасаа уулаар хүрээлэгдсэн газрын агаар нүүрсний шаталтаас бий болсон хорт бодисууд нэгдэх орчин болдог байна. Олон хавар нэгэндээ гэдгийн адилаар хорт нэгдлүүд агаар мандалд аажмаар ихэссээр 1952 онд хор уршгаа таниулсан нь энэ юм.

Уг явдал дэлхийн улс орнуудын хувьд гашуун сургамж болж, байгалийн эзэн хэмээн өөрийгөө өргөмжилсөн хүн төрөлхтнийг тэнгэрээс газарт буулгав. Сонингууд Лондонгийн утаанд “Алуурчин манан” гэсэн нэрийг өгөв. Лондонгийн эмгэнэл олон хүнийг агаарын бохирдолд нухацтай хандаж, эрх баригчид экологийн тухай хуулиудаа өөрчлөхөд хүргэжээ. Өмнө дэлхийн томоохон хотуудын оршин суугчид утаанд дассан ч ийм аюултай гэдгийг мэдээгүй байв.

Лондонгийн их тортог

1956 онд Их Британи Цэвэр агаарын тухай хууль баталснаар эерэг үр дүн гарч эхэлжээ. Оршин суугчдыг пийшинд нүүрс түлэхийг зогсооход санхүүгийн дэмжлэг үзүүлж аажмаар бүх пийшинг газын плиткээр солив. Хэрэгжүүлсэн ажил үр дүнгээ өгч 1962 онд дээрх явдал дахин давтагдахад 1952 оныхтой харьцуулахад 20 хувиар бага тооны хүн нас баржээ. Цаашдаа агаарын бохирдол аажмаар багасч 1956-1980 онд Лондонд ирэх нарны цацрагийн тусгал 70 хувиар сайжирчээ. Үүний дараа АНУ-д Цэвэр агаарын тухай хууль баталснаар Лос-Анджелес хотын утаатай өдрүүдийн тоо багассан байна. 1970-1999 оны хооронд жилийн утаатай өдрийн тоо 200-гаас 41 хүртэл буурчээ.

Аймшигт муухай үнэр

Дараагийн нэгэн сургамжтай түүх бол 1858 онд Лондонд тохиолдсон “Аймшигт муухай үнэр” (the great stink) юм. Үүнээс болж үхлийн аюултай халдварт өвчин тархаж олон хүний аминд хүрчээ. 

Өнөөдөр Улаанбаатарын ус цэвэршүүлэх байгууламж хаягдал усыг дөнгөж 65 хувьтай цэвэрлээд Туул гол руу юүлдэг.  Саяхан цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ хийдэг хэсэг нь гэмтэж бохир усаа тэр чигээр нь Туул руу цутгах уу, эсвэл гурван хоног ус таслах уу гэдэг дээрээ тулсан. Аль ч хувилбараар шийдсэн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа ирэх жил гэхэд зогсох аюултайг албаны хүмүүс хэлсэн.

Хэрэв бид яаралтай арга хэмжээ авахгүй бол  ийм муу ажилладаг ус сувгийн систем юунд хүргэдгийг Лондон хотын жишээн дээр авч үзье.

16 дугаар зууны сүүл хүртэл англичууд олон тооны худаг болон Темза мөрнөөс ундныхаа усыг авдаг байжээ. Түүнчлэн өөр том голуудаас ус татаж тусгай цистернүүдэд хуримтлуулж түүнээсээ ус түгээдэг систем байв.  Гэвч цистерны ус үнэтэй байв. Баячууд цистерн рүү ус юүлдэг сувгаас гэр лүүгээ төлбөртэй ус татуулдаг байв. Харин энгийн лондончууд Темзагаас усаа зөөж уудаг байжээ.

1582 онд Темза мөрний гол гүүрний хойд хэсэгт усан тээрэм барив. Уг тээрмийг хотын хорооллууд руу ус түгээхэд ашигладаг насосыг ажиллуулахын тулд байгуулсан байна.  1584 онд хоёр дахь тээрмийг, 1701 онд гурав дахь тээрмийг ашиглалтад оруулж гурвуулаа 1822 оныг хүртэл ажилласан байна.  Харин 1815 онд Лондонгийн захиргаа хотын хаягдал усыг сувгаар дамжуулж Темза мөрөн рүү юүлэх шийдвэр гаргав. Гэвч олонхи Лондончууд голын урсгал бохирыг түргэн хугацаанд далайд гаргана гэж ойлгоод Темзагаас ус авч уусан, хувцсаа угаасан хэвээр байв.

Энэ хооронд Лондонд 200 мянга орчим хаягдал усны нүх ухжээ. Эдгээр нүхэнд хотын бохир тэр чигээрээ урсан орж, тодорхой давтамжтайгаар бохир усыг цэвэрлэх журамтай байв. Гэвч энэ төрлийн ажил их зардал шаарддаг учраас тэр болгон цэвэрлэдэггүй байв. Энэ нь хотын агаарт эвгүй үнэр тархахад хүргэв. Ус татдаг суултуур бий болсноос хойш хаягдал усны хэмжээ эрс ихэсчээ.  Үүнээс болж нүхнүүд дүүрэн бохир нь хальж борооны ус зайлуулах суваг руу урсаж оров. Борооны бохирдсон ус үйлдвэрийн хаягдал ус, малын бой хийсэн газрын устай холилдон Темза мөрөн руу цутгах болов.

Үүний хор уршиг 1858 онд нүүрлэв. Тэр жил Лондонд халуун зун болж Темза голын уснаас аймшгийн үнэр гарч эхэлжээ.  Орон нутгийн захиргаа Хэмптон руу, харин шүүхийн байгууллага Оксфорд руу нүүхээс өөр аргагүй болов. Хэсэг хугацааны дараа хүчтэй бороо орж үнэрийг даржээ. Энэ явдлын дараа хотын захиргаа шийдвэр гаргаж ус сувгийн системийг өөрчилжээ.

Тэр үеийн шог зургуудын нэг

Булчин задлах тахал өвчин газар авсан ч ундны уснаас биш агаараар халдварласан гэсэн буруу дүгнэлтээс болж олон хүн амиа алджээ.  Эцэст нь 1854 онд Лондонгийн эмч Джон Сохо өвчний шалтгаан нь бохир усанд байгаа гэдгийг олж мэдсэн ч түүнийг сонсох хүн байсангүй. Анагаах ухааны төөрөгдөлд автсан эмч нар өвчтөнүүдийг бохирдсон гэх агаараас тусгаарлахыг хичээж халдвартай ус уулгасан хэвээр байв.  Тахал 1860 онд эрчээ авч мянга мянган хүн нас барав. 

Орчин үед халдварт өвчин тараах хамгийн аюултай зүйл нь бохир ус гэж үздэг учраас улс орнууд ус цэвэршүүлэх системээ байнга сайжруулдаг байна.