Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно
Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлэхээр, хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 800 айлын, аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийн төлбөрийн дундаж хэмжээг Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас 2 дахин бага байхаар тогтоож, 1300 айлын түрээсийн орон сууцыг барихад зарцуулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн тооцоог гаргажээ.
Түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгосноор орон сууцны барилгыг бага, дунд орлоготой иргэдэд урт хугацаатайгаар түрээслэх боломжтой болно. Төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай иргэд тохилог орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурна гэж тооцоолж байна. Түрээсийн төлбөрөөс тухайн орон сууцны барилгын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх хуримтлал үүсгэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулан ажиллах юм.