Албан тушаал, нэр хүнд, хөрөнгө мөнгө, архи хүний жинхэнэ төрхийг илчилдэг
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2015.03.20

Албан тушаал, нэр хүнд, хөрөнгө мөнгө, архи хүний жинхэнэ төрхийг илчилдэг

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Ганбатын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу. Тухайлбал, нэр, цусны бүлэг, биеийн өндөр гээд л? 

Намайг Дашдондогийн Ганбат гэдэг. Нэгдүгээр бүлгийн цустай. Өндөр гэвэл өглөөдөө 165, орой 164 болчихдог. Ядарснаасаа бо­лоод өндөр хэлбэлздэг юм болов уу. 

-Таны шашин шүтлэгийн хувьд? 
Буддын шашинг сэтгэлдээ тээж явдаг хэдий ч шашингүй үзэлтэн гэж хэлж болно. 
-Таны гэр бүлийн танил­цуул­га? 

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амь­дардаг. 

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Таны хэлэх дуртай үг юу вэ?

Бага байхдаа ном уншиж байх­даа тогтоосон нэг үг санаа­наас минь ер гардаггүй юм. “Сэхсэн ч, үхсэн ч сэргэлэн болжмор шиг ниснэ” гэж...

-Таны сонирхол болон хобби?

Явган алхах, юм бодох, ном унших хоббитой. 

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

Цэргийн тагнуулч болъё гэж боддог байсан. Гэхдээ өнөөдөр ингээд харж байхад зарим талаараа ойртсон. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга гэдэг ажлыг хийж байна. 

-Таныг мэргэжлээ сонгоход ээж, аав тань хэр нөлөөлсөн бэ? 

Мэргэжил сонгоход ээж, аав минь нөлөөлөөгүй. Би өөрөө л шийдээд явж байсан. Хуульч мэргэжлийг бүр сүүлд нь сонгож, хэрэгтэй учраас эзэмшсэн. 

-Стресс гэж нэг зүйл байна. Та стресст хэр өртдөг вэ. Мөн яаж тайлдаг вэ? 

Янз бүр дээ. Ном уншина, алхана, ганцаараа байж л стрессийг тайлдаг. 

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ. Таны ойр тойрныхон таныг ямар зан чанартай гэж хэлдэг вэ? 

Хуучин бол их л нээлттэй, илэн далангүй байсан юм шиг байгаа юм. Харин одоо бол нэлээд нас тогтсон хүний тоонд ороод байна шүү дээ. Эндээс харж байхад заримдаа дуугүй тал руугаа болчихож гэж хэлж байна. Заримдаа таны учрыг олохгүй юм гэдэг. Ер нь янз бүрээр л хэлэх юм. 

-Таны хамгийн дуртай спорт? 

Усанд сэлэлт зүгээр юм уу гэж боддог. Би оюутан байхдаа усанд сэлдэг байсан. 

-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?  

Байх л ёстой зүйл. Миний хувьд хэмжээндээ тааруулаад баяр ёслолоор хааяа татчихна. Зөв зохистой хэрэглэвэл байж болох идээ. 

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ? 

Миний хамгийн үнэт зүйл бол гэр бүл минь. Улс эх орон, итгэл үнэмшилийг л үнэт зүйл гэнэ. 

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

Зорьсон ажлынхаа ард гарсны дараа, тэр нь хүнд хэцүү байсан ч давж гарсныхаа дараа л өөрийгөө үнэлдэг дээ. 

-Албан тушаалыг дагаад нэр хүнд, хөрөнгө мөнгө ирэх үү? 

Албан тушаал гэдэг зүйлийг би хувьдаа ажил хийх багаж зэвсэг гэж ойлгодог. Албан тушаалд очлоо гээд тэр хүн ухаантай болчихгүй. Тэр хүн ямар хүн бэ гэдэг жинхэнэ төрхийг л албан тушаал, нэр хүнд, хөрөнгө мөнгө, архи илэрхийлдэг гэж боддог. 

-Худалч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 

Хэлсэн амандаа хүрдэггүй хүнийг л худалч гэнэ. 

-Хүний хувь тавилан юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ? 

Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Зарим үед азтай болон азгүй тохиолдол гэж байх нь бий. Гэхдээ л дийлэнх нь тухайн хүний оюун ухаан, зан характераас шалтгаална. 

-Таны хамгийн их сонсох дуртай дуу? 

Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховены бүтээлүүдийг сонсох дуртай. Мөн “Загалмайлсан эцэг” киноны "Parla piu piano"-г сонсдог. Сүүлийн үед энд тэндгүй л явж байдаг болж. 

-Таныг хамгийн аз жаргалтай байсан үеэ дурсаач гэвэл? 

Анх охинтой болж байсан үе маань хамгийн аз жаргалтай дурсамж юм байна. 

-Та нэг сард яг өөртөө зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ?

За нэг 500 сая орчим биз дээ. 

-Та анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

Нүдийг нь л эхэлж харна даа. Гэхдээ нүдийг хараад тэр хүнийг тодорхойлж чадахгүй ч хамгийн түрүүнд нүдийг нь л харна. Тэгээд дараа нь ярилцана даа. 

-Та бусдад юугаараа таалагддаг вэ? 

Хэлсэн амандаа хүрдэг гэдгээрээ л таалагддаг байх. Хуурамч зан гаргадаггүй учраас тэр зан маань бусдад таалагддаг гэж боддог. 

-Та хэр эртэч хүн бэ? 

Янз бүр дээ. Хэрэгтэй үедээ эртэч, хэрэггүй үедээ унтаж л байдаг. 

-Таны төлөвлөсөн ажил тухайн өдөртөө багтаж чадаж байна уу? 

Ихэнхдээ багтана, гэхдээ заримдаа багтахгүй үе гардаг. 

-Та сэтгэл хөдлөлөө ямар байдлаар илэрхийлдэг вэ? 

Баярласан үедээ “баярлалаа” гэдэг үгийг заавал хэлдэг. Харин сэтгэл дундуур, таалагдахгүй байгаа үедээ шууд хэлчихдэг. Бүр нэг үг хэлмээргүй үед бол дуугүй л байдаг. 

-Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг юу вэ? 

“Баярлалаа” гэдэг үгийг байнга хэлэхийг боддог. Хүүхдүүдийнхээ сайн зүйлийг урамшуулдаг болсон. Хуучин бол нэг их дуугардаггүй байсан. Харин сүүлийн үед гадагшаа яваад харж байхад эргэн тойрныхоо хүмүүст урам өгч байх нь зөв юм байна гэдэг зүйл ажиглагдах болсон. Би өөрийнхөө эргэн тойрны хүмүүс, ах дүү нартаа жаахан хатуухан ханддаг байсан юм шиг байна. Түүнээс маань одоо ч гэсэн жаахан үлдсэн байна шүү. 

-Хүн бүхэн энэ хорвоод мэндэлж, залуу насыг дайрч өнгөрдөг жамтай. Залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлөх арга бий юу? 

Би одоо ч гэсэн нэг их хөгшин биш байгаа биз дээ. Монголчуудын нас уртасч байна. 

-Та дурлалдаа шаналаад уйлж байв уу?

Ер нь уйлж байгаагүй юм байна шүү. Шаналж байсан үе бол бий. 

-Танд таагүй ханддаг хүн хэр олон байдаг бол? 

Ер нь байдаг байх. 

-Таны хамгийн анхны цалин хэдэн төгрөг байсан бэ. Та анхны цалингаа юунд зарцуулж байв? 

Манай Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын нутагт Эхийн гол гэж жимс, жимсгэний станц байдаг байсан. Тэнд зуны амралтаараа очиж, ажиллаж байгаад 100, 200 төгрөгийн цалин авч байсан санагддаг. Тухайн үед 7, 8 дугаар ангийн хүүхэд байлаа. Тэгээд цалингийнхаа талыг гэрийнхэндээ өгөөд, нөгөө талаар нь найзуудтайгаа их л идэж, уусан санагдаж байна шүү. 

-Улс төр гэж яг юу юм бэ? 

Улс төр гэж улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх боломж юм уу даа. 

-Тэгвэл улстөрч хүн ямар байх ёстой вэ?

Улстөрч хүн бол холыг хардаг, хэлсэн амандаа хүрдэг, шаардлагатай үед золиос гаргаж чаддаг байх ёстой байх. Тийм улстөрчидтэй байж гэмээнэ улс орон хөгжинө. Ийм улстөрч манай улсад бий шүү. 

-Та ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ?

Хуучин бол огт байх ёсгүй зүйл гэж боддог байсан бол одоо нэгэнт цаанаасаа тэгээд төрчихсөн бол яалтай ч билээ гэж ханддаг болж. Байгаль эхийн алдаа, тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалаад нэгэнт ийм болчихсон зүйлийг яах гэх вэ. Байдгаараа л байх ёстой. Гэхдээ түүнийг нэг их өөхшүүлээд байх зүйлгүй. Тийм хүмүүсийг хавчиж, гадуурхаж болохгүй л гэж боддог. 

-Хүн бүхэнд түүхэн цаг үеийг харуулсан зураг байдаг. Та ер нь зургаа яаж хадгалдаг вэ?

Надад зураг их цөөхөн байдаг. Зураг авахуулах дургүй ч байсан юм уу. 

-Та хамгийн сүүлд зургийн цомгоо хэзээ үзсэн бэ? 

Гэрт маань зочид ирсэн үед ч юм уу, хаа нэг үзсэн тохиолдол бий. 

-Бурхан ер нь таныг юунд зориулан бүтээсэн бол? 

Бурхан шүтдэггүй. Гэхдээ хэрвээ бурхан байдаг бол хүмүүсийг, тэр дунд нь би байгаа байх. Аз жаргалтай, сайн сайхан амьдраасай гэж бүтээсэн байх.   

-Та сурч байхдаа ямар арга барилаар суралцдаг вэ? 

Дунд сургуульд байхдаа ч аливаа зүйлийг уншаад төвөггүй ойлгодог байсан. Түүнийгээ тайлбарлачихдаг хүүхэд байсан. Гэхдээ нэг их цоороод, онц сураад байсангүй. Эрэгтэй хүүхэд учраас мэдээж сахилгагүй байсан байж таарна. Сурахад нэг их асуудал байгаагүй. 

-Таны үг хэр хүчтэй вэ? 

Угаасаа үг хүчтэй. Гэхдээ миний үг хүчтэй эсэхийг сайн мэдэхгүй байна. 

-Та хэдэн насандаа өөрийнхөө би гэдэг бие хүнийг мэдэрч эхэлсэн бэ? 

17 настай байхдаа мэдэрсэн юм байна. Би долоон настай сургуульд орсон. Тухайн үед 17 настай аравдугаар ангиа төгсөөд гэрийнхэндээ хэлэлгүй сайн дураараа цэрэгт явчихсан. Тэр үед би биеэр жижиг, жиндээ хүрэхгүй байсан учраас намайг авахгүй гэж байсан. Тухайн үед цэрэг хүлээн авах комисс дээр Оросын цэргийн зөвлөх сургагч нар байдаг байлаа. 

Би ч аравдугаар анги төгсөхдөө оросоор гайгүй ярьчихдаг байсан учраас “Би их холоос ирлээ” гээд учраа хэлэхэд цэрэг хүлээж авч байсан ангийн даргатай нөгөө орос зөвлөх яриад намайг авч байсан. Тэгээд цэргийн албанд татагдаж, крантинд очоод байж байтал араас манай ах нар ирээд намайг буцааж авах санал тавьсан. Тэгэхэд нь би явахгүй, эндээ үлдэнэ гэсэн шийдвэрийг гаргаж байхдаа л би чинь хүн болчихсон юм байна гэдгээ л мэдэрч байсан. 

-Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол? 

Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Юуг нь нуух вэ. Би зургаа, долдугаар ангид байхдаа хичээлдээ нэг хэсэг муудаад хичээлдээ явахгүй гэтэл аав маань нэг их уурлаад манай ангийн багш, хүүхдүүдийг дуудаад энэ хүн хичээлдээ явахгүй гэж байна гэхэд л би нэг их гомдож, уурлаж байсан юм. 

Тухайн үед онгоц нисдэг байсан, тэгээд ч Улаанбаатар хотыг үзье гэж боддог байсан болохоор хүмүүсийг онгоцонд суухаас өмнө ариун цэврийн өрөөнд нь нуугдаж суугаад нисч байлаа. Тэгэхдээ нисээд буухдаа баригдаж, хаяг тогтоох гэдэг газарт хоёр хонож байтал хотод сурдаг оюутан ах маань намайг авч, нутаг буцааж байсан юм. Тэр үед манай ангийнхан бүгд хайж байсан. Үүнээс л их ичдэг дээ. 

-Цаг хугацаа бол алт гэж ярьдаг. Та цаг хэр барьдаг хүн бэ? 

Би цаг барина шүү. 

-Таныхаар амжилт гэж юу юм бэ? 

Амжилтыг хүмүүс их олон янзаар ярьдаг. Хэн нэгнийг дэмжсэн, хүнийг аятайхан амьдрал ахуйтай болгосон байдлаараа амжилтыг үнэлэх нь бий. Мөн зорилгодоо хүрсэн, бодсон санаснаа биелүүлсэн бол бас амжилт гэж үзнэ. Үүнээс гадна нэр төрөө дээдлээд, улс эх орондоо их зүйлийг хийж бүтээгээд, мэргэжилдээ эзэн болоод явж байгаа бол амжилт гаргаж байна гэж хэлнэ. Хүн бүрийн амжилт өөрийнхөөр нь хэмжигдэнэ. 

-Амжилт гэдгийг есөн давхар байшинтай зүйрлэбэл та хэдэн давхарт нь явж байна? 

Миний бодлоор амжилтыг есөн давхар байшинтай зүйрлэж боломгүй юм. Амжилт гэдгийг уулын оройтой зүйрлээд, тэр уулын оройд гараад улам илүү сайхан уул байвал түүн рүү зүтгэх ёстой. Үүнийг л амжилт гэх байх. Миний хувьд бол уулуудыг даваад л явж байна. 

-Та амласандаа хүрдэг үү? 

Амласандаа хүрдэг, миний авах чанар тэр. 

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл? 

Ярьсандаа л хүн. 

-Та хүнтэй ярилцаад сууж байхдаа өөрийгөө хэр ярилцагч гэж дүгнэдэг вэ?

Заримдаа гайгүй байх. Ярилцаж байгаа хүнээсээ шалтгаална. 

-Та их олон сайхан хүмүүстэй уулзаж байсан байх. Тэр дундаас хамгийн алдартай нь хэн бэ? 

Энэ талаар бодож байгаагүй юм байна. Далай багштай уулзаж байсан уулзалт юм уу даа. Тэгэхдээ өөрөө бол зорьж яваагүй, тухайн үед явах боломж таараад явсан хэрэг. 

-Хэн нэгэн танд итгээд нууцаа ярихад та нууцыг нь хэр хадгалах вэ? 

Гайгүй хадгална шүү. Дунд сургуульд байхын л захиа зөөдөг хүн гэж байхад би захиа зөөдөг байсан. 

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгийн алийг нь хэлэхэд хамгийн хэцүү вэ? 

Салъя гэдэг үгийг хэлэхэд хэцүү байх. Энэ үгийн утга ямар байх вэ, тухайн хүний хэлж байгаа сүүлийн үг байж таарна. Тэгэхээр нэлээд бодож байж хэлэх байх. Магадгүй, сүүлчийн замд үдэж байж ч болох юм. 

-Гэм нүгэлтнүүдийг яаж шийтгээсэй гэж та боддог вэ? 

Хуульч хүний хувьд бол таарсан шийтгэлийг нь оноох ёстой. Гэхдээ миний хувийн бодлоор бол өршөөж шийтгэх ёстой. Өршөөл шиг хүнд хэцүү шийтгэл байхгүй. 

-Таны хувьд хамгийн чухал баяр? 

Монгол түмний баяр цагаан сар. Ураг төрөл, ах дүүсээрээ уулздаг онцлогтой баяр юм даа. 

-Өвөг дээдэс, эцэг, эхийн сургааль үгс байдаг. Тэднээс танд хоногшиж үлдсэн сургааль үгийг хэлбэл? 

Олон л үг хэлж, сургадаг байсан. Тэр дундаас “Хүү минь зөв л яв, зөв явбал бусад нь бүтнэ” гэдэг үг л хоногшиж дээ. 

-Та аав, ээжийнхээ ачийг хариулж чадсан хүү мөн үү? 

Зохих хэмжээгээр, чадлаараа л хариулсан юм уу даа. Бүрэн дүүрэн хариулна гэж байхгүй байх. 

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? 

Олон чаддаг зүйл дотроосоо хамгийн сайн хийж чаддаг нь ном унших. 

-Бурхан гэж байдаг бол таны хаана оршдог вэ? 

Өвөө эмээ маань бурхантай байсан. Харин ээж аавын минь үед бурхангүй байхыг шаарддаг байсан. Тэр л цаг үед хүмүүжиж гарч ирсэн учраас бурхангүй байдаг. Гэхдээ бурхантай байсан, шүтэж биширч байсан бол сайхан байх байжээ гэж боддог болж. 

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар ямар байх бол?

Сайхан байна шүү дээ. Тухай тухайн үедээ улам илүү сайжраад л явна. Шинжлэх ухаан, техникийн дэвшил хөгжихийн хэрээр хүмүүс ч дагаад хөгжинө гэж боддог. 

-Та уурлахдаа ямар зан гаргадаг вэ? 

Дуугаа хураачихдаг. 

-Таны ойр дотны хүн маш их уурлаж, бухимдаад байвал та тайвшруулж чадах уу? 

Ямар хүн байна гэдгээс шалтгаална. Гэхдээ ер нь уурлаж байгаа хүнийг аль болох ганцааранг нь орхисон нь дээр байх. Нэмж уурыг нь хүргэхгүй байсан нь дээр. 

-Таны хамгийн дургүй үг? 

Хараалын үг хэлэх дургүй. Би өөрөө ч хараалын үг хэрэглэхийг боддоггүй. Гэхдээ сүүлийн үед бачимдахаараа хэлчих гээд байдаг болж. 

-Таны хүүхэд байхдаа мөрөөдөж байсан мөрөөдлийн хэдэн хувь нь биелсэн бол?

Би ч их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Манай үеийнхэн чинь их ном уншдаг байлаа. Тухайн цаг үеийн сайхан бүтээлүүдийн уншиж байсан болохоор хүүхдүүдийн төсөөлөл их хөгжиж байсан. Номд гарч байгаа зүйлд их итгэдэг байлаа. Тэр ч үүднээсээ их бууны амыг цээжээрээ хаадаг мундаг байлдагчийн тухай уншаад сайн дураараа цэрэгт явж байсан. Цэрэгт яваад генерал болно гэж боддог байлаа. Гэхдээ би генерал болоогүй ээ, ахмад л болсон. 

-Таны хамгийн сайн мэддэг хэл? 

Монгол хэл. Би ЗХУ-ын Киев хотод таван жил сурсан. Тэгэхээр орос хэлдээ гайгүй. Сүүлд мөн англи хэлийг үзсэн. 

-Та хэдэн хүний хамгийн сайн найз вэ? 

Ер нь их олон хүнтэй найз. Бага байхад үерхэж нөхөрлөсөн найз л хамгийн дотно найз болж үлдэх юм. 

-Ямар найзыг хамгийн сайн найз гэдэг юм бол? 

Бэлэн тодорхойлолт байна шүү дээ. Хүний хэрэгтэй үед нь урилгагүй хүрээд ирдэг хүнийг сайн найз гэх байх. 

-Таны гаргаж байгаа шийдвэр яг таных байж чадах уу. Ойр тойрныхон чинь шийдвэрт тань нөлөөлдөг үү? 

Миний л гаргаж байгаа шийдвэр. Хүүхдүүдийнхээ, гэр бүлийнхнийхээ өмнөөс шийдвэр гаргадаг үе байсан. Түүнийгээ одоо больсон. Учир нь тэр хүний л амьдрал учраас өөрөө л шийдвэр гаргах ёстой. Тэр хүн хүсвэл туслаад, өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээ ярьж өгөх үе бий. 

-Та хамгийн сүүлд сэтгэлээсээ хэзээ инээсэн бэ? 

Дөнгөж сая хоёулаа инээлээ шүү дээ.

-Хүн үхэн үхтлээ суралцана гэж ярьдаг. Таны хамгийн их суралцахыг хүсч байгаа зүйл? 

Хүнийг сонсч, ойлгож сурах юм уу даа. Үүнийг хүн сурах ёстой юм. 

-Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ?

Өөрийнхөөрөө байж чаддагаараа бахархдаг. 

-Хэрвээ цаг хугацааны машин байсан бол та хэдэн онд очих байсан бэ. Өнгөрсөн үе рүү, эсвэл ирээдүй рүү ч явж болно? 

Эндээ л байсан нь дээр. Өөртөө оногдсон зүйлээ үзээд л явж байгаа нь дээр. Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь гол. Мэдээж хэрэг бидний яваагүй зам, хүрээгүй газар, үзээгүй зүйл бүгд л сайхан. 

-Та юунаас хамгийн их айдаг вэ? 

Би хүнийг хайрлахаа болиод, хүн намайг тоохоо болихоос л айдаг. 

-Та дэлхийн хэдэн оронд очиж үзсэн бэ? 

30-40 орчим орноор очиж үзсэн байх. 

-Гэр бүлээс гадуурхи харьцааг та юу гэж боддог вэ? 

Мэдэхгүй юм байна. Хувь хүний л асуудал гэж бодож байна. 

-Эмэгтэй хүний ямар шинж чанар танд таалагддаг вэ? 

Эмэгтэйлэг шинж, уучилдаг, өршөөдөг, уян хатан байдал нь таалагддаг. 

-Та яг энэ цаг үед хэнд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна? 

Би яг одоо ээждээ баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. 

-Нэг хүн дээшээ тэнгэр рүү очих гэж байна. Ээждээ хэлүүлэх үг байна уу гэвэл та юу гэж хэлүүлэх вэ? 

Бурхан өөрөө бүх газарт байж чаддаггүй учраас ээж гэдэг хүнийг бүтээж, өөрийнхөө элч болгож явуулдаг гэдэг. Тэгэхээр ээждээ хүү чинь хүний зэрэгтэй явна аа л гэж хэлүүлэх байх. 

-Авлига, хээл хахууль гэж таныхаар? 

Харх... юуг ч мэрдэг, мөлждөг харх юм. Авлигатай тэмцэхгүй бол улс орон байхгүй болох гээд байна. Авлигатай тэмцэхээр төр засаг нь байхгүй болох гээд байгаа ийм цаг үед ирчихээд байна. 

-Та нийтийн тээвэрт хамгийн сүүлд хэзээ суусан бэ? 

Таксинд бол хоёр хоногийн өмнө суусан. Автобусанд бол 2-3 сарын өмнө суусан юм байна. Нийтийн тээвэрт суух, олон түмэн дотроо явах дуртай хүн шүү, би. 

-Та хэр азтай хүн бэ? 

Би азтай хүн шүү. 

-Энэ нийгэмд засч залруулах зүйл бишгүй олон байна. Яг алийг нь хамгийн түрүүнд засч залруулах ёстой вэ? 

Хамгийн түрүүнд хүн болгоныг ажиллах орчноор хангаж, таарсан цалин хөлсийг нь олгодог, чөлөөтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энд авлига байхгүйгээр. 

-Хариуцлага гэж хуучин цагт байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд хариуцлага байхгүй болчихсон юм биш үү?

Энэ бол харьцангуй ойлголт юм. Хариуцлагын асуудал бол хаа хаанаа суларчихсан гэж л хэлэх байна.

-Жинхэнэ монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 

Жинхэнэ, хуурамч хүн гэж байхгүй. Гэхдээ эх орондоо хайртай, ажлаа хүн шиг хийчихдэг, хүний сайн хань, хүүхдийн сайн аав, татвараа сайн төлчихдөг, цэргийн албаа хаачихдаг, эх орон нь дуудсан цагт бэлэн байж чадах, үр хүүхдээ сайхан өсгөчидөг, ах дүүгээ, аав ээжээ асарчихдаг тийм л хүнийг хэлэх байх даа. 

-Таны сургуульд сурч байх үеийн хамгийн дурсамжтай үйл явдал? 

Тулгамдаад нэг их сайн санахгүй байна. Ээжийгээ ажлаасаа тарж ирэхэд нь гэр орноо цэвэрлэчихсэн, сайхан муухай нь хамаагүй хоолоо хийчихээд сууж байхад ээж ирээд урмын үг хэлэхэд хамгийн сайхан санагддаг байж. 

-Таны нэрийг хэн өгсөн юм бэ? 

Манай ах өгсөн гэсэн. Манайх долоон хүүхэдтэй айл. Би дээрээ гурван ахтай, айлын дөрөв дэх хүү, доороо гурван дүүтэй. Ах маань биднээс нэлээд хэд ах болохоор дүү нарынхаа нэрийг өгнө гэсээр байгаад бидний нэрийг өгч байсан гэдэг. Манайх ахаас бусад нь бүгд “ган” гэдэг нэртэй. 

-Та хэний шүтэн бишрэгч вэ? 

Шүтэн бишрээд, улаан фэн нь болчихсон зүйл алга. Өө нээрээ, Чингис хааныгаа шүтнэ шүү дээ. Байхгүй гэсэн чинь байна. 

-Та юунд хамгийн их харамсч явдаг вэ? 

Би бол аавыгаа асарсан юм аа. Аав маань намайг сургууль соёл төгсөөд, ажил хийж байхад бурхан болсон. Ээж маань намайг 6, 7 дугаар ангид байхад нас барсан. Миний харамсч явдаг зүйл бол би сургууль соёлоо төгсөөд, ажил төрөлтэй болоод боломжтой болсон үед ээж маань өвдөж зовж байсан бол асраад, ийш тийшээ эмчилгээнд явуулах байсан даа л гэж харамсдаг. 

-Та ямар нэг ажлыг хийж байхдаа шантарч байсан зүйл бий юу? 

Шантарч байсан үе бий. Гэхдээ энэ ажлыг чи хийж чадахгүй гэх юм бол яаж ийгээд л хийчихдэг хүн дээ. Хүн намайг басаад байвал заавал ард нь гарах гэж зүтгэдэг юм. 

-Ирээдүйн Монгол орны хөгжил ямар байх бол. Бид хэдэн онд нэг их сайхан Монгол оронд амьдрах бол?

Манай Монгол Улс их хурдан өөрчлөгдөж байна. Монголчууд маань оюун ухаанаараа ч дэлхийд эхний аравт жагсч байна. Тэгэхээр хамгийн чухал нь хүн. Монгол хүн маань ийм, дээр нь баялагтай юм чинь одоо алдаанаасаа суралцаад, өнгөрсөн агуу түүхээ санах хэрэгтэй. Тун удахгүй буюу 5-10 жилийн дараа одоогийн БНСУ-ын жишигт хүрчихнэ ээ. 

-Та одоогийнхоо эрхэлж байгаа ажилдаа дүн тавих бол ямар дүн тавих вэ? 

Ер нь бол хичээж л байна. Дүн тавих хэрэгтэй бол сайн хасахтай л тавих юм уу даа. 

-Та хэд наслахыг хүсч байна? 

-Монголчуудын дундаж наслалт удахгүй 70 болчих байх даа. 

-Мөнгө гэж таныхаар? 

Хэрэглээ юм даа. Мөнгө бол цаас шүү дээ. Тэгэхдээ мөнгөний цаад талд байгаа утга нь өөр л дөө. 

-Та яг одоо хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй явж байна? 

Карттай явж байгаа. Бэлэн мөнгө гэвэл 100-200 мянга байгаа байх. 

-Хайр гэж таныхаар? 

Худалдаж авч болохгүй зүйлийн нэг. Хэн нэгэн хүний хайрыг хүртэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй агуу юм. 

-Тэгвэл амьдрал гэж таныхаар? 

Амьдрал бол тэмцэл. 

-Хэрвээ та энэ хорвоод хүн болж төрөөгүй бол ямар амьтан байх байсан бол? 

Чоно л байсан нь дээр биз дээ. 

-Одоогийнхоо амьдралд сэтгэл ханамж хэдэн хувь байна? 

Болж байна гэж бодно шүү. 

-Танд яг одоо ямар сэтгэгдэл төрж байна? 

Энэ хүн чинь сүрхий асуулт тавьдаг залуу юу гэж бодогдож байна. 

-Танд тавих асуулт дуусч байна. Сүүлийн асуултыг танд үлдээе? 

Ер нь бүгдийг нь асуучихаж байгаа юм биш үү. Энэ нэвтрүүлгийг үзэж байхдаа УИХ-ын гишүүд орж байна. хэзээ нэгэн цагт би орох байх. Өмнө орсон гишүүдийн хариултыг үзээд байвал тэд нартай адилхан зүйл ярьж магадгүй. Тийм учраас сонсохгүй басйан нь дээр юм байна гэж бодож байсан шүү.