Я.Санжмятав: Хэрэглээнээс хэтэрсэн мөнгө зовлон болно
“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Я.Санжмятавын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна
-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Таны хэлэх дуртай үг юу вэ?
Эзэн хичээвэл заяа хичээнэ.
-Таны сонирхол болон хобби?
Янз бүр. Залуу байхад нэг өөр байлаа. Ан гөрөө хийх, найз нартайгаа чоно авлах гээд л. Харин одоо бол хөдөө эрүүл агаарт, ард түмнийхээ дунд байх нь сайхан болж. Завтай бол өөрөө машинаа бариад хөдөө явах сайхан шүү.
-Таны дуртай болон дургүй хоолны хувьд?
Монгол хоолонд дуртай. Сайхан гурилтай шөл, цуйван, бууз, бүхэл мах гэх мэт дуртай хоол олон. Сэтгэл гаргаж хийсэн хоол бүхэн сайхан шүү дээ.
-Таны бүр багадаа хүсч, мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?
Манай аав Тосонцэнгэлийн мөрдөн байцаагчтай их найз байсан. Үүнээс үүдэн мөрдөн байцаагч болох хүсэл их төрнө. Сүүлдээ нэгдлийн дарга болох гэж зүтгэсэн ч хараахан түүндээ хүрээгүй.
-Согтууруулах ундааг та юу гэж боддог вэ?
Хэрэглээ. Гол нь тохируулж хэрэглэх ёстой. Хүн төрөлхтөн согтууруулах ундааг зохиож, хэрэглэж, нэг талаар сэтгэл нээх зүйл болгосон байж болох. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл араатан болохоос гадна хор болно шүү дээ.
-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?
Би тодорхойлоход хэцүү. Би бол ямар ч байсан нэг зорилго тавьбал түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Хүнд амласан бол түүнийгээ биелүүлэхийн төлөө, аль болох худал хуурмаг зүйл хийхгүй байх юмсан гэж боддог.
Мэдээж бид ирсэн учраас буцах учиртай. Тийм учраас намайг хорвоогоос буцсан хойно үр хүүдүүдэд минь аавынх нь талаар эерэг зүйлийг ард түмэн нь хэлдэг байгаасай гэж боддог.
-Таны хамгийн дуртай спорт?
Хүүхэд байхдаа цанаар их гулгадаг байлаа. Энэ төрлөөр хоёрдугаар зэрэгтэй. Одоо бол хааяа теннис тоглож байна. Нас ахиж байгаа учраас эрсдэл байгатай спорт сонирхох болж байна.
-Та стрессийг яаж тайлдаг вэ?
Хамгийн дотно хүмүүстэйгээ сэтгэлээ нээж, хуваалцдаг. Гэхдээ үр хүүхэд, эцэг, эхтэйгээ энэ бүхнийг яриад байхгүй шүү дээ.
-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
Зорьсон ажлынхаа ард гарсны дараа овоо шүү дээ. Болоо шүү дээ л гэж боддог.
-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та хэдэн онд очих байсан бэ?
30 орчим нас руугаа явах болов уу.
-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байдаг вэ?
Цаанаас ирсэн зурагтайгаа л байгаа.
-Таныг одоогийнхоо ажлыг соль гэвэл та ямар ажил хийх вэ?
Улс төрийн албан тушаал сонгуулиар өөрчлөгддөг шүү дээ. Миний хувьд амьдралын туршлагаар, сайн найзын хүчинд тодорхой хамт олонтой зохицоод ажиллах чадвартай болсон болов уу. Тиймээс аль нэг компанийн менежер ч юм уу, хүний нөөц, бичиг цаас боловсруулах энэ чиглэлээр ажиллах бололцоо байгаа байх.
-Та унтахынхаа өмнө юу бодвол их сайхан амарч чаддаг вэ?
Тухайн өдөртөө тодорхой зорилт тавьдаг. Түүн дотроос гол чухал асуудлаа хэрэгжүүлсэн, эхлүүлсэн үед өөдрөг сайхан байна. Ер нь ачаалал ихтэй хүн сайхан унтаж, амрахын тухайд нэг их бодоод байдаггүй шүү дээ.
-Таны хамгийн сонсох дуртай дуу?
Завхан гол. Аяыг нь хийсэн хүн манай найз учраас ч тэр үү, ер нь энэ дууг л дуулах гээд байдаг.
-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?
Анхны хүүхдээ төрөх үед аав ээжүүд хамгийн их аз жаргалтай байдаг шүү дээ. Энэ мэт олон сайхан аз жаргалтай үе зөндөө бий. Надад олон хүүхэдтэй айлыг харахаар их сайхан харагддаг. Аз жаргалтайгаас гадна тухайн олон хүүхэд нэг нэгнээ хүмүүжүүлж, гэр бүлийн том хүмүүжил, зан заншил гэж их том зүйл байдаг шүү дээ. Гадаадад бол 18 нас хүрээд хүүхэд нь бие даадаг бол манайд их өөр шүү дээ. Дэм дэмэндээ их явна.
-Та нэг сард яг өөртөө зориулж хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ?
Нийтдээ хоёр сая болох болов уу. Хоол унд, орон байрны мөнгө гэх мэт зардал. Харин яг өөртөө бол маш бага.
-Та анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?
Таван үгнээс танигдана гэдэг шүү дээ. Тиймээс ярианаас нь дүгнэнэ дээ.
-Бүх зүйл тань бүтэмжтэй сайхан байх үед гэртээ буйдан дээрээ суучихаад зурагтын удирдлагаа бариад хэдэн цаг сууж чадах вэ?
Чадахгүй дээ. Би чинь кино ч бүтэн үзэж чаддаггүй хүн шүү дээ.
-Авлига, хээл хахууль гэж таны бодлоор?
Манай улсад авлига байхгүй биш байна. Үүнийг бууруулахын төлөө янз бүрийн л арга хэмжээ авч байна. Аль аль нь хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгохын төлөө явж байна. Ер нь авлига, хээл хахууль үгүй болбол хэрэглээний үнэ буурах ёстой шүү дээ.
-Та сэтгэл хөдлөлөө ямар байдлаар илэрхийлдэг вэ?
Ерөнхийдөө нэг их сэтгэл хөдлөлөө илэрхийлээд байдаггүй. Харин сайхан үед найз нөхөдтэйгээ уулзах ч юм уу, тайван л сайхан байдаг. Харин залуудаа бол орилж хашгирдаг л байсан байх. Харин одоо голын чулуу гэдэг шиг элэгдэнэ гэдэг болж байх шиг байна.
-Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг үг?
Үг хэлэх гэхээс илүү үйлдэл их чухал. Хайртай хүмүүс маань миний төлөө зүтгэж яваа. Бүх зүйлийн төлөө яваагийн хүчинд би ил гарч яваа учраас тухайн хүнд буцаагаад урам өгөхийн төлөө үйлдэл хийх нь зөв байх.
-Та дурлалдаа шаналаад уйлж байв уу?
Эр хүн уйлна гэж юу байх вэ. Гэхдээ огших хэмжээний зүйл байна. Айлын хүүхдийг алдахгүй гэж захиа занаа бичнэ. Ер нь уйлж суугаад эхнэр авч сууна гэж байхгүй. Харин хайр дурлалдаа шатаад огшиж явсан зүйл бол бий.
-Та лото бөглөж байгаад маш их хэмжээний мөнгө хожлоо. Хамгийн түрүүнд юунд зарцуулах вэ?
Хүүхдийн хүмүүжлийн төлөө зарцуулна. Би нас тогтсон учраас өөрөө өөрийн бололцоог бий болгохын төлөө явна. Харин цагаан цаас шиг байгаа тэр хүүхдүүдийг эрүүл байлгах, зөв хүмүүжүүлэх асуудал их чухал.
Тийм ч учраас Завхан аймгийн Засаг дарга байхдаа гурван тулгуурт хөтөлбөр болох морин хуур, шатар, компьютержуулах ажлыг эхлүүлсэн. Энэ нь хүүхдийн сэтгэлгээг задалж өгөх ажлын нэг.
-Таны багадаа тоглож байсан тоглоом?
Матких тоглоно. Хөвгүүдийн тоглодог тэвэгт их муу. Мөн хоккей тоглодог хүүхэд байлаа.
-Та ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ?
Хувь тавилан. Хүний эрхийн асуудал. Тиймээс тэдний сонголтыг үгүйсгэж болохгүй. Эсрэг хүйстэндээ дурлах, түүндээ шатах боломж олдоогүй учраас үүнийг өршөөж, уучлах ёстой.
-Айл бүрт зургийн цомог байдаг. Та хамгийн сүүлд зургийн цомгоо хэзээ үзсэн бэ?
Байнга үзээд байдаггүй. Олон жил манайхаар ирээгүй, уулзалдаагүй хүн манайхаар ирэхээр л гаргаж үзнэ дээ. Одоо бол техник хэрэгсэл хөгжсөн учраас түүн дээрээ хадгалаад үздэг болж.
-Таны хүүхэд насны баатар?
Миний үед бага насандаа хамгийн дотно хүнээ л баатар гэж хардаг байлаа. Тэр хүн нь миний авга ах байна. Үнэхээр сайхан эр хүн. Үүн шиг л болох юмсан гэж боддог байлаа. Бидний үед байнга кино ший үзэх биш. Тийм учраас ойр төрөл, хамаатны хүнээ л харж, төсөөлдөг байсан.
-Хэрвээ таныг зөвхөн нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл та эмэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэх вэ?
Эмэгтэй хүн гэдэг бурхны том өглөгөөс гадна хариуцлага. Нөхөр, хүүхдээс эхлээд аав, ээж, хадмууд гээд анхаарах хүн олон. Гэхдээ би эмэгтэй хүн болох гэхээс илүүтэй эр хүн хүүхэд тээдэг байсан бол гэж боддог. Хамаагүй зүйл ярьж болох ч эх хүнийг хайрлах ёстой. Айлд нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг шүү дээ.
-Таны багын хоч?
Гүзээтэй шар тос. Дунд сургуульд байхад л бие биедээ өгдөг хоч. Манай ангийнхан надад сайхан хоч өгсөн гэж боддог шүү.
-Эрэгтэй хүний эмэгтэй хүнээс давуу байх шинж чанар юу юм бол?
Илүү эрэмгий, тууштай, алсын бодолтой, ноён нуруутай, хүлээцтэй, жудагтай байдлаараа давуу байдаг байх.
-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч болбол нэн тэргүүнд юу хийх вэ?
Монгол Улсын хүн ам өсөх л ёстой. Таван сая эрүүл монгол хүний төлөө дуугарах байх даа.
-Таны сургуульд суралцаж байх үеийн санаанаас гардаггүй дурсамж?
Долдугаар ангид байхад манай анги аймгийн тэргүүний соёлч бүлэг болно гээд болзлоо биелүүлээд. Маргааш нь улс, аймгаас шалгалт үзлэг ирнэ гээд хамгийн сайн хүүхдүүдээ өмнөө барьж цэвэрлэгээ, энэ тэр ажлаа хийлгэсэн. Гэтэл манай ангийн хүүхэд нэг охины гэзэгнээс татаад тэр нь уурлаж юм шидээд цонхоо хагалаад хаясан. Тэр шөнө нь бид ангийнхаа дотуур байрны хүүхдийн цонхыг авчирч хийгээд баригдаж байсан. Энэ мэт сайхан дурсамж их байсан.
-Та хэдэн насандаа өөрийнхөө би гэдэг бие хүнийг мэдэрч эхэлсэн бэ?
20 гарч байж л мэдэрсэн. Эцэг, эхээсээ татах бус өөрөө өөрийгөө аваад явах бололцоо бүрдэж эхэлсэн.
-Болзсон цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээх вэ?
Утсаар ярина. Ойролцоо бол хүлээнэ. Болохгүй бол тэгээд л явна.
-Та цаг хэр барьдаг вэ?
Барихыг эрмэлзэнэ. Дараагийн ажил төлөвлөгдсөн учраас ер нь цаг барих ёстой.
-Та хүүхдээ нэгдүгээр ангид оруулахдаа улсын сургуульд өгөх үү. Хувийн сургуульд өгөх үү?
Нөхцөл байдал олон зүйлээс шалтгаална. Хувийн, улсын гэхээс илүүтэй орчноо бодолцоно. Хэн хүргэж өгөх, авах вэ, дээрээс нь ангийн багш хамгийн чухал. Хүүхдийг хаа байсан нэг газраас нөгөө газар руу зөөхөөс илүүтэй орчноо бодолцоно. Миний хувьд аль болох ойр, сайн багшийг л харна. Түүнээс биш хувь, улс гэдэг нь хоёрдугаар асуудал.
-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлбол?
Эр хүн.
-Таны хамгийн дуртай баяр?
Үндэсний их баяр наадам. Морь, бөхөө хараад суух сайхан.
-Таны өөдөөс хараад тантай ярилцаж байгаа хүн мэддэг зүйлийг тань худлаа яриад байвал та яах вэ?
Мушийх л байх даа /инээв/. Шаардлагатай бол хэлнэ дээ. Гэхдээ заримдаа бүлтэрч байгаа хүн харах сайхан шүү дээ. Би ч жаахан явуулж байгаад л сүүлд нь худлаа хэлээд байгаарай гэж хэлнэ.
-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар ямар байх бол?
Сайхнаар төсөөлж байна. Тэр дундаа Монгол орон маш сайхан хөгжилтэй байгаасай. Манайхан цөөхүүлээ байж дэлхийд нэрээ дуурсгасан олон хүн бий. Тийм учраас бидэнд бололцоо нөөц байна.
-Танд кинонд тоглох урилга ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?
Мэдэхгүй юм. Надад ямар дүр өгөө аж. Өгсөн ч олны дунд морь уначихсан давхиж л байх байх даа.
-Таныг шүүмжлэхэд та хэр хүлээж авдаг вэ?
Хүлээж авна. Шүүмжлэл магтаалаас илүү хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэл хэлдэг хүн цөөхөн. Миний хувьд хүн их шүүмжилнэ. Шүүмжлэл ч хүлээж авна. Хоосон магтаал, тэр дундаа даргыг магтаж байвал худлаа шүү дээ.
-Таныг хэсэг хугацаанд эзгүй арал дээр амьдруулахаар боллоо. Таныг хэрэгтэй гурван зүйлээ ав гэвэл юу авч явах вэ?
Хутга мэс, гал, ус хэрэгтэй болов уу. Арал гэхээр ус асуудалтай байх. Тийм учраас усаа авна.
-Өвөг дээдэс, эцэг, эхийн сургааль үгс байдаг. Тэднээс танд хоногшиж үлдсэн сургааль үгийг хэлбэл?
Олон сайхан сургааль үг байдаг. Хүн шиг л яв гэж хэлдэг байсан. Нэг их оройд нь гарчихгүй ч олныхоо дунд бай гэж хэлнэ. Юм сур. Бид зарж байгаа юм шиг ч энэ бүхэн чамд үлдэнэ гэж их хэлнэ. Биднийг хэнээс ч дутаагаагүй, хүн шиг хүн болгосон.
-Зүүрмэглээд байвал яаж нойроо сэргээдэг вэ?
Сүүлийн үед өтгөн хар кофе уудаг. Хамрын тамхи татна.
-Далдын хар малгай өмсөөд юу харахыг хүсч байна?
Бодсон зүйл алга. Яг үзэж харна гэвэл цаашид манай улс хэдэн амтай болох бол гэх зүйлийг харах байх.
-Та хаана очих дуртай вэ?
Хөдөө явах дуртай. Тэр дундаа Отгонтэнгэр хайрхандаа очино.
-Таны уурлахдаа гаргадаг зан чанар?
Залуудаа хүн загнах гээд байдаг байсан. Харин одоо бол загнах нь бага болж, дуугаа хураагаад бодоод суух аястай болж. Яаран загнахаас илүүтэй гарцыг нь харж, бодох болсон байна.
-Таны хамгийн дургүй үг?
Маргааш. Аливаа зүйлийг дараа болъё, маргааш гэж хойшлуулдаг үгэнд их дургүй. Бид чинь цаг хугацаатай уралдах ёстой.
-Таны бусдад бэлэглэж байсан бэлэгнээс сэтгэлд тод үлдсэн нь?
Ээждээ нэг хөөрөг хийлгэж өгсөн. Настай хүн цагаан сараар гар мухар суух онцгүй санагдаад. Ээж маань эхэндээ дургүй байсан ч сүүлдээ сайхан эд байна гэж хэлж байсан нь санаанд их тод байна. Хүнд заавал үнэтэй зүйл гэхээс илүүтэй сэтгэлийн, хэрэгцээтэй зүйлийг нь л өгөх хэрэгтэй.
-Таны хүүхэд байхдаа мөрөөдөж байсан мөрөөдлийн хэдэн хувь нь биелсэн бол?
Зорьсон зорилго маань биелж л явна. Нэгдлийн дарга болно л гэж мөрөөдөж явсан болохоос сайд, УИХ-ын гишүүн болно гэж бодоогүй. Гэтэл ард түмний минь ач тусаар парламентад хоёр удаа сууж, сайд болсон.
-Таны хамгийн сайд мэддэг гадаад хэл?
Оросоор бага сага ярина. Англиар өөрийн хэмжээнд ойлгоно.
-Та энэ амьдралын юунд хамгийн их эргэлздэг вэ?
Өөрийн амьдралын хувьд эргэлзэх зүйл алга. Өөрөөр хэлбэл, хүн болох их хувь заяаг олсон учраас та эргэлзээгүй сайхан амьдрах ёстой. Эргэлзэх юм бол эргүүтнэ.
-Таны хамгийн ихээр суралцахыг хүсч байгаа зүйл?
Сурах зүйл их бий. Өдөр бүр л суралцаж байна. Оройтсон ч гэсэн хэл сурах ёстой.
-Эмэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?
Зөөлөн чанар. Эмэгтэй хүн зөөлөн байснаар яагаад ч алзахгүй. Зөөлөн гээд уйлаад суух биш, ухаалаг, уужуу тайван байдалтай байх нь таалагддаг.
-Таны айдас юу вэ?
Өдий насны хүн айж эмээнэ гэж юу байх вэ. Гэхдээ мэдэхгүй газар бол тас харанхуйгаас бас жаахан жийрхэнэ.
-Мөнгө гэж таныхаар?
Хэрэглээ. Мөнгөгүй байвал бас нэг талаар болохгүй ч нөгөө талаас дааж ядсан их мөнгө хэрэггүй. Мөнгийг олох гэхээс илүүтэй зөв зарцуулах ёстой. Хэрэглээнээс хэтэрсэн мөнгө зовлон болно.
-Та хамгийн сүүлд хэзээ сэтгэлээсээ инээсэн бэ?
Би их инээнэ. Байнга л сэтгэлээсээ инээнэ. Хамгийн сүүлд гэхэд Б.Лхагвасүрэн гуайтай хуучилж байсан чинь зохиолчид эмгэн байсан бол гээд хөөрөлдлөө. Тэр дундаас Урианхай гуайг ямар эмгэн болгож ярьсан тэр хоёр шатыг сонсоод нулимсаа гоожтол инээсэн.
-Манай нийгэмд хамгийн түрүүнд засч залруулах ёстой асуудал гэвэл?
Хүн болгон зорилт тавьмаар байгаа юм. Бид харьцангуй нийтлэг байдлаар яваад байгаа юм. Тийм учраас хүн бүр өөрөөс шалтгаалах юмыг хуультайгаа зохицуулж явах ёстой. Хувь хүнээс хүн болгоны зүтгэл чухал. Монгол орон таниас эхэлдэг гэдэг үгийг Б.Лхагвасүрэн гуай хэлсэн. Энэ маш чухал үг.
-Та хэд наслахыг хүсч байна?
Бурхан хэдийг өгнө түүнийг дуустал нь насална.
-Та өөрийгөө өтлөөд ямархуу өвгөн болж, хаана амьдрах бол гэж бодож байна вэ?
Сайхан гол горхитой газар хэдэн адуутай, үнээтэй амьдрал л харагдаж байна. Чадвал морь малын сүүл боож, хааяадаа хотын соёлтой танилцах мэтээр л явах болов уу.
-Маргааш дэлхий сүйрнэ гэвэл амжуулж та юу хийх вэ?
Сүйрэхгүй л байх. Яах вэ үнэхээр сүйрвэл зул барина.
-Хайр гэж таныхаар юу вэ?
Аугаа зүйл.
-Амьдрал гэж...?
Тэмцэл. Хүн төрсөн л бол хайрлах. Хайрлахын төлөө тэмцэх ёстой. Өөрөөр хэлбэл, зөв явж, амьдралын төлөө тэмцэж, хайрлаж явах ёстой.
-Та өөрийгөө ямар амьтантай зүйрлэх вэ?
Залуудаа шарга азарга шиг байх юмсан гэж боддог л байлаа.
-Та яг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
100 хувь сэтгэл хангалуун байна.