Нийслэл хот татвартай болох уу?
2015.01.10

Нийслэл хот татвартай болох уу?

Улсын Их Хурлын чуулганы баасан гаригын үдээс хойших хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ төслийг 2014.12.30-ны өдөр Засгийн газар өргөн мэдүүлсэн юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж.

Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг байна. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хариулт өгөв.

Эл асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж байгааг онцолъё.

Л.Энх-Амгалан: “Давхар татвар төлөгч болж байгаа зөрчлийг засах ёстой”

- Нийслэлд Монголын нийт аж ахуйн нэгжийн 70 хувь нь үйл ажиллагаа эрхэлдэг. Тэдгээр компаниуд жил бүр улсын төсөвт НӨАТ-аар 840 тэрбум, Орлогын албан татвараар 350 тэрбум, Хүн амын орлогын албан татвараар 320 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлдэг. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бүрдүүлдэг гэсэн үг. Татвар бол энгийн ойлгомжтой, зорилттой байх ёстой. Хэнээс татварыг авах юм, юунд зарцуулах юм гэдэг нь ойлгомжтой байх. Өргөн барьсан төслийг үзэхээр, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ, үйлдвэрлэлээс авах ийм татварын тогтолцоо бий болгохоор байгаа. Ингэх нь буруу. Дэлхийн бусад оронд нийслэлийн татварыг тогтоохдоо агаар бохирдуулж байгаа, хөрс бохирдуулж байгаа, хотын ачааллыг нэмэгдүүлж байгаа иргэд нь оршин суугчдын татвар нэрээр төлдөг.

Нөгөөтэйгүүр, өргөн барьсан хуулийн төсөл, хотын даргын хэлж байгаа тайлбар хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байгаа. Төсөлд нийслэл хотын татвар төлөгч хэн байх вэ, суутгагч хэн байх вэ гээд, суутгагчаас бараа, ажил үйлчилгээ худалдан авч буй хувь хүн, хуулийн этгээд нийслэлийн албан татварын төлөгч байна гээд заачихсан. Дахиад борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгийн 1 хүртэл хувиар тооцож хотын татварыг ногдуулна гээд суутгагч болж байгаа аж ахуйн нэгж нь давхар татвар төлөгч болж байгаа ийм заалт байна. Энийг яаж засч залруулах юм, тэгэхгүй бол дарамт л учруулна.

Г.Баярсайхан: Нийслэлийн иргэд нь татвар төлдөг

-Дэлхийн аль ч улсын нийслэлийн иргэд нь татвар төлөөд явдаг. Хөгжлийн чиг хандлага энэ рүү чиглэж байна. Түүн рүү Монгол Улс явах ёстой.

Манай Чингэлтэй дүүрэгт хийх ажил асар их байна, гэтэл энэ улс төлөвлөж байгаа ажлаа тэр болгон хийж чадахгүй, мөнгө төгрөг ч хүрэлцэхгүй байна.Тэгэхээр Э.Бат-Үүл даргын 2 сая жуулчин авдаг болно гэж яриад байгаа нь худалдан авалтын гол ачааг нь алсад бий болох жуулчдад үүрүүлье гэдэг санаа. Үүнийг дэмжих хэрэгтэй. Ингэж байж хот хөгжинө, проблемтой олон асуудлаа шийдэж чадна. Дан ганц төсөв хараад хөгжихгүй.

Д.Ганхуяг: Орлогыг нь шийдэж чадахгүй байж ачаалал өгч болохгүй

- Энэ хуулийг батлах ёстой. Тусгаар тогтносон орон бүхэн нийслэлтэй. Нийслэлийн оршин суугч иргэний татвар гэдэг юм уу,  нийслэл эх орноо гэсэн санаачлага гэдэг юм уу аль нэг нэрийг нь оноож өгнө биз. Энэ хуулийн үндсэн агуулга нь нийслэлдээ аж төрөхөд ая тухтай орчин бүрдүүлэх юм шүү дээ. Дэлхий дахин жил бүр амьдрахад хамгийн таатай хотыг шалгаруулдаг. Австралийн Сидней удаа дараа таатай хотоор шалгардаг. Тийм учраас бид дэмжих ёстой.  

Нийслэл татвартай байна гээд хууль баталчихсан, тэгсэн хэрнээ болохгүй гэх. Юу гэж ойлгох юм бэ. Өнөөдөр нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч байна. Асуудлыг шийдье л дээ.

Татварын ачааллаар Монгол Улс Азидаа хамгийн ачаалал багатай орны тоонд ордог. Энийг татварын дарамт гэж ойлгохоосоо илүүтэй татварын бааз суурийг бэхжүүлэх нь гэж  ойлгох хэрэгтэй.

Ж.Энхбаяр: Монгол улсын хэмжээнд үнэ өснө

Тооцоонууд их дутаа орж ирж. Үнэ өсөх нь тодорхой байна. Улаанбаатар хотод бүх зүйл төвлөрч байгаа энэ үед энд борлуулж байгаа бүх бараанд, гүйцэтгэсэн бүх ажилд, үзүүлсэн үйлчилгээнд нийслэлийн татвар буюу 1%  үе шат бүрт нэмэгдэнэ. Асуулт байна. Худалдаа үйлчилгээ үзүүлэхэд нэг хувийн татварыг яаж тооцох вэ? Зээлийн үйлчилгээ үзүүлэхэд нэг хувийг яаж тооцох вэ? Төсөлд хэтэрхий хавтгайруулсан, маргаан үүсгэхээр ерөнхий заасан байна. Нийслэл хотод хамгийн их авто машин байна. Энэ бол өдөр тутмын гэхээсээ илүү тансаг хэрэглээнд тооцогдоно. Үл хөдлөх хөрөнгө, эдэлбэр газрууд нийслэлд бас хамгийн их байдаг. Эдгээрийн татварыг нэмэгдүүлж болно. Мөн онцгой албан татвартай архи, тамхи, шатахуун, тансаг зэрэглэлийн бараа байна. Эдгээрт татвар нэмж болно. Түүнээс биш бүх төрлийн гээд заачхаар үнэ шууд өснө. Монгол улсын хэмжээнд өснө. Шууд иргэдийн халаас руу гараа шургуулж таарах гээд байна. Буруу шийдвэр талдаа байна. Төслийг эргүүлэн татаад, тодорхой болгож оруулж ирэх нь зүйтэй.

З.Баянсэлэнгэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэх биш үргээхээр байна

ААН, Бизнес эрхлэгч нараа дэмжинэ гэж яриад байдаг. Гэтэл энэ оруулж ирж буй хууль нь энэ бодлоготойгоо хэр нийцэж байгаа юм болдоо. Одоо авдаг татваруудтайгаа хэр давхардал бий болохоор байгаа вэ?. Хууль батлагдсанаар ААН-үүдэд татварын дарамт учруулахгүй байна гэхээргүй байна. Хуулийн төслөөр жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж байгаа ч яг үнэндээ тэднийг үргээх, бизнес эрхлэгч нарт дарамт учруулахаар байна. Тооцоо судалгаагаа хэр хийсэн юм бэ?. Энэ хуулийг хархад бүхий л үйлчилгээ, бараанд татвар ноогдуулахаар байна. 

Э.Бат-Үүл дарга аа, жуулчин авчрахын тулд хууль санаачилсан гэж яриад байх, буруу хуулиа аваад ороод ирсэн юм биш үү. Хуулийн төслөө нэг хараадхаач. Бид бүгдээрээ тархи эргэчихээд байна уу

 Д.Ганбат: Татвар тогтоох цаг үе нь өнөөдөр мөн үү?

Татвар нэмэх нь олигтой зүйл биш.Үнэхээр шударга татвар авч, орчин нөхцөл сайжирч байвал ард түмэн өгөх дуртай байдаг. Гол нь хяналт. Татвар төлсөн иргэн энэ татварыг хянаж чадах уу? Хотыг татвартай болохыг дэмжиж байна. Улаанбаатар хотод амьдардагынхаа төлөө иргэн бүр энэ татварыг төлдөг байх нь зүйтэй байх. Үүнийг захиргаадалтын аргаар биш эдийн засгийн аргаар шийдэх цаг нь болсон. Гэхдээ яг өнөөдөр мөн үү биш үү. Засгийн газрын ажилдаа хандаж байгаа арга барилд гайхаж байна. Цомтгоно, татвар нэмнэ гэчхээд өөрсдөө ямар ч үлгэр дуурайлал үзүүлэхгүй байна. Улаанбаатар хот татвараа хэрхэн зарцуулж байна вэ?

Гишүүдийн 66 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.