Өргөдлийн байнгын хороо Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2014.06.27

Өргөдлийн байнгын хороо Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр / 2014.06.27 / гарын үзэг зурлаа.

Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Ганбаатар болон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Цогт, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан зэрэг албаны бусад хүмүүс оролцов.

Байнгын хорооны дарга Р.Бурмаа энэ үеэр санамж бичгийг байгуулж байгаа нь иргэдийн эрх ашиг хөндөгдөхөд хамгийн ихээр ханддаг цэгүүдэд хүрч ажиллах боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтойг онцлоод шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хууль өөрөө зөрчил, хийдэлтэйгээс иргэн хохирсон тохиолдолд түүнийг хурдан шуурхай мэдэж, засаж залруулах нь түүний ард байгаа олон хүний эрх ашгийг хамгаалах, хууль шударга, амьдралд нийцсэн байх шаардлагыг хангахад чухал түлхэц болохыг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Ганбаатар болон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Цогт, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан

Мөн иргэдийн өргөн оролцоотой боловсрогдон гарсан хууль иргэдийн идэвхитэй дэмжлэгээр амьдралд хэрэгждэг нь нэгэнт батлагдсан зүйл гэдгийг хэлээд иргэдийн саналыг авах, улмаар тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгаж хэрэгжүүлдэг байх нь ардчилсан төрийн үзэл санаа болохыг онцлов.

Санамж бичигт хууль тогтоомжийн бодит амьдралд хэрэгжих нөхцөл, хэрэгцээ шаардлагыг судлан хуулийн хийдэл, цоорхой, зөрчлийг судлан арилгах, хууль тогтоомжийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахтай холбоотой арга хэмжээ хамтран зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгохтой холбоотой судалгаа, шинжилгээ хийх, сургалт, семинар хамтран зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох асуудлууд тусгагджээ.

Мөн УИХ, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн саналыг шуурхай авч ажиллах үүднээс шүүхийн нээлттэй танхимуудад Байнгын хорооны мэдээллийг байршуулж, иргэдийн санал хүсэлтийг УИХ-д шууд хүргүүлэх, олон нийтэд тайлбарлан таниулж ажиллах юм байна