Н.Батбаярыг огцруулах саналаа өргөн барилаа
МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа.
2014.05.29

Н.Батбаярыг огцруулах саналаа өргөн барилаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийн дагуу МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа.

МАН-ын бүлгээс доорх асуудлыг огцруулах үндэслэлдээ дурьджээ.

  • •  Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
  • •  Төсвийн тухай хуульд заасан "Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
  • •  Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу "Чингис" бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
  • •  Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”,  “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.  
  • •  Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа.

Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй гэж үзэв.