2008.09.23

Лу.Гантөмөр: Монголд нам байгуулж тоглох чадвартай хэдхэн эр хүн байсан, тэд нь тоглоод дууссан шүү дээ

Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаас болж Ардчилсан намын УИХ дахь бүлэг хоёр хуваагдан үзэж тарж байна. Хэдийгээр тус намаас Засгийн газарт орж ажиллах гишүүдийн нэрс тодорчхоод байгаа ч гэсэн Р.Амаржаргал, Лу.Болд тэргүүтэй 15 гишүүн үүнийг эсэргүүцэн тусдаа бүлэг байгуулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа. Тиймээс энэ үед бид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй уулзаж, болж байгаа үйл явдлын талаар илэн далангүй ярилцахыг хичээлээ.

-Ардчилсан нам дотор “Эрдэнийн хувь” гээд бас нэг фракцархуу зүйл бий болж 15 гишүүн гарын үсгээ зураад, хамтарсан Засгийн газрын эсрэг явж байгаа. Намын бүлэг хоёр хуваагдчихлаа. Та тэр 15-д орсон уу?

-Үгүй. Гэхдээ “Эрдэнийн хувь”-ийг авъя гэсэн, уул уурхайн компаниас хувьцаа эзэмшихийг хүссэн маш олон иргэд байгаа. Тэдний талд УИХ-ын цөөн ч гэсэн гишүүд зогсож чадаж байна гэдгийг харуулсан нь буруу биш л дээ. Гэхдээ энэ нь өөрөө намын бүлгийг хоёр хуваана гэж харж байгаа бол эндүүрэл гэдгийг хэлмээр байна.

-Хуваана гэж найдаж байгаа тэр гишүүдэд хэлж байгаа хэрэг үү?

-Би өөртөө ч гэсэн хэлж байна. Ер нь асуудал дэвшүүлсэн хүмүүсийг буруутгаж, тэдний дайсан болохыг би хувьдаа хэзээ ч хүсэхгүй. Сонин хэвлэлээр гараад байгаа “Ардчилсан нам дотор ашиг сонирхлын асар их зөрчил байна” гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ энэ үйл явц бас хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар парламент нь тэр чигээрээ Засгийн газрынхаа эрхшээлд орчих нь, сөрөг хүчин байхгүй болно гэдэг болгоомжлолыг үгүй болгож, УИХ-ын гишүүд Засгийн газартаа хяналт тавих чадвартай гэдгийг олон нийтэд харуулж өглөө.

-Гэхдээ олон нийтэд бол хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаас болж энэ бүхэн үүссэн, Ардчилсан нам хоёр хуваагдсан нь илэрхий л байгаа шүү дээ. Яг намын даргын сонгууль болж байх үед дараа нь ийм зүйл болно гэж ер нь бодож байсан уу?

-Үнэндээ бол бодоо ч үгүй. Их эвтэйхэн намын даргаа солиод цаашаа явчих нь дээ л гэж бодож байсан.

-АН-ын 15 гишүүн өөрсдийнх нь шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд намын бүлгээс тусдаа бүлэг байгуулна, сөрөг хүчин болно гэсэн. Ц.Элбэгдорж хамтарч Засгийн газар байгуулахыг одоо ч гэсэн хатуу эсэргүүцсээр байгаа. Үүнээс болж нам хоёр хуваагдахад хүрвэл яах вэ?

-Хэн дарга байх, хэн сайд болох, хэн гудамжинд гарч, хэн ялагдах нь түр зуурын л зүйл шүү дээ. Маш богино хугацааны, бараг л хоол идээд өнгөрөхтэй адилхан зүйл. Хичнээн сайхан хоол идлээ ч долоо хоногийн дараа мартсан л байдаг биз дээ. Тийм учраас энэ нэг ойлголцохгүй байгаа зүйлээ намын орших, оршихгүйтэй холбож битгий яриасай л гэж лидерүүдээсээ хүсэх байна. Би ҮЗХ-ны хурал дээр ч гэсэн нэг л зүйл хэлсэн. Та нар барьсан гэрээ битгий эвдээд хаячхаач ээ, олон мянган монголчууд энэ нам байгаасай гэж хүсэж байгаа, олон арван мянган гишүүд чинь байгаа шүү гэж. Тэр хүмүүст”Ардчилсан нийгмийн байгуулахад миний нам гол үүрэгтэй” гэсэн сэтгэлийн гал байгаа, түүнийг битгий бөхөөгөөрэй л гэж хүссэн. Хүсэж ч байгаа. Ер нь хэн нь ч бай цаашдаа ингэж намаа буруутгаж ярихаа болих хэрэгтэй.

-Гэхдээ С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон тэр чуулган дээр Ц.Элбэгдорж дарга ганцаараа эсэргүүцэж гар өргөөд сууж байгаа нь бас эвгүй л харагдаж байсан. Яагаад ядаж таван хүн түүнийг дэмжиж болоогүй юм бол?

-Биднийг ч гэсэн эвгүй байдалд оруулсан. Сонгуульд хөтөлж орсон дарга маань эсэргүүцээд байдаг, гэтэл бид бүгдээрээ нэгэнт хүлээн зөвшөөрөөд хамтаръя гэсэн байдаг. С.Баяраас өөр Ерөнхий сайд хийчих, хүлээн зөвшөөрөгдсөн хүн МАХН-д одоо байхыгаа. Ийм аймаар боловсон хүчний дутагдалд орчихсон намд ард түмэн итгээд саналаа өгчихсөн байна. Тэгээд бид тэр намаас илүү юу хүсэх вэ. Гаргаж ирсэн хүнийг нь ямар ч байсан дэмжээд, ажил хийлгэхийг зорихоос өөр аргагүй л болж байна.

-Оройтсон ч гэсэн дахиад асуухад ийм их хэл ам туулж Засгийн газарт орсноос сөрөг хүчин хэвээрээ байж яагаад болоогүй юм, ядахнаа албан ёсны сонгуулийн дүнгээ хүндэтгээд?

-С.Баярын тавьсан хамтрах санал үнэндээ Ардчилсан намыг ямар ч сонголтгүй болгосон. Хамтрахгүй гээд хэлчихвэл дараа нь бид их хурал дээр Засгийн газарт ямар нэг шүүмжлэл хэллээ гэхэд “Та нар өөрсдөө хийхгүй яасан юм, бид саналаа тавьсан” гээд ам хаана. Ард түмэнд ч гэсэн “Өөрсдөө хийхгүй байж өрөөлийг ч хийлгэхгүй хоосон улс төржлөө” гэсэн буруу ойлголт өгөх болдог. Тийм учраас болсон ч, болоогүй ч тэр Засгийн газарт ороод ажил хийх гээд үзэхээс өөр аргагүй болж байгаа юм л даа. Элбэгээ даргатай санал зөрнө гэдэг бидэнд үнэндээ хүнд байсан. Гэхдээ нийгэм, энэ ард түмэнд “Хааяа ч гэсэн өөрийнхөө бодол санааг чөлөөтэй хэлээд явдаг хүн байгаасай” гэсэн бодол санаа байгаа. Орон зай нь ч байгаа. Тэр орон зайг Элбэгээ дарга нөхөж өгсөнд хувьдаа баярлаж байгаа. Ард түмэн дотор С.Баярыг Ерөнхий сайд болохыг эсэргүүцсэн маш олон мянган хүн байсан. Тэр хүмүүсийн талд нэг ч гэсэн их хурлын гишүүн байна гэдэг жирийн иргэдийн хувьд их үнэтэй зүйл болов уу. Тэгэхээр их л сонин зүйл л дээ. Элбэгээ даргын тэр үйлдэл биднийг тийм хүнд байдалд оруулсан ч гэсэн иргэддээ бол сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чадсан байх аа. Тэгэхээр улстөрчид бид бие биенээ нэг удаа гаргасан шийдвэрийнх нь төлөө буруутгаж зэмлэхээсээ илүү яагаад тийм шийдвэр гаргав гэдэг зөв талыг нь харж явах ёстой.

-Хамтраад байгууллаа. Тэгээд “Эрдэнийн хувь ч үгүй, энэ их үнийн өсөлтөө ч бууруулж чадахгүй, хоорондоо хэрэлдээд Засгийн газраа унагаавал хэн хариуцлагыг нь хүлээх вэ, энэ хоёр намын?

-Аливаа Засгийн газрын хариуцлагыг Ерөнхий сайд л хүлээдэг юм. Нам ч хүлээхгүй, Их хурал ч хүлээхгүй. Тэр тусмаа энэ Ерөнхий сайд өөрөө сонгуулиар авсан суудлаа ч үл ойшоон цөөнхтэйгаа хамтарч Засгийн газраа байгуулж байгаа энэ нөхцөлд Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлсэн, ажил хийлгэж чадах эсэх нь Ерөнхий сайдын асуудал шүү дээ. Аль ч оронд тийм байдаг.

-Гэхдээ ард түмэн бол Ардчилсан намтай хариуцлага тооцох дуртай гэдгийг та мэднэ биз дээ?

-Ер нь бол ард түмэн маань Ардчилсан намаас юм нэхэх маш дуртай, яагаад гэвэл их чих зөөлөнтэй учраас. Харин Ардчилсан намд санал өгөхдөө тулбал их харам, аль болох өгөхгүй байхыг хүсдэг. Тэр үнэн. Гэхдээ хэрэв энэ Засгийн газар ямар нэг хэмжээгээр бүтэлгүйтэж, алдаа гаргах, ажлаа хийж чадахгүйд хүрвэл Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг хатуу хэлье. Би ийм л байр суурьтай байгаа.

-Намаасаа сайд болох гээд байнга улсуудтай ямар хариуцлага тооцох юм бэ?

-Ардчилсан намаас Засгийн газарт ороод ажилласан хүмүүстэй бол бид хариуцлага тооцолгүй яах вэ. Гэхдээ яг одоо бол хэн сайд болох гээд байгааг сонин дээрээс л уншиж байгаа шүү дээ. Би бол зарим нэг хүнд нь итгэж байгаа, зарим нэгт нь итгэхгүй байгаа.

-Танай намын нэг гишүүн сайд больё гэж Ерөнхий сайдын үүдэнд 2-3 хоносон тухай сонсогдож л байсан. Яг ямар сонирхол нь байсан юм, үнэхээр ажил хийх гээд гар нь загатнаад байсан уу, жаахан мөнгө идье гэж бодсон уу би мэдэхгүй л дээ?

-Тийм марзан юмнууд гарах байх аа. Янз бүрийн л юм гарна шүү дээ. Ер нь монголчууд албан тушаалын хэнээтэй болсон. Яагаад гэвэл энд ДНБ-ий 50 хувийг захиран зарцуулах эрх мэдэл төвлөрч байна. Миний өмнө хэлээд байсан “ард түмэнд эрх мэдлийг нь өгье, ард түмний мөнгийг хэмнэе” гэдэг санал нэн тэргүүний асуудал болжээ гэдэг нь харагдаад байна. Үнэхээр сайдын алба гэдэг манайх шиг ийм донсолгоотой оронд хамгийн хэцүү ажил. Гэтэл өнөөдөр өөрсдөө хүсээд, шунаад явж байна гэдэг нь тэр алба хүнд хэцүү гэхээсээ илүү хуйвалдаанд оролцдог, төсвийн хөрөнгийг үргүй зардаг, тэндээс амьдрал ахуйгаа сайжруулахыг хүсдэг алба болжээ гэсэн үг. Шинэ байгуулагдах засаг үүний эсрэг л яваасай гэж бодож байна.

-Одоо орон нутгийн сонгууль эхэлж байна. Бизнес хийдэг жаахан мөнгө олсон залуус хамаг байдгаа тавиад сонгуульд орж байна. Тэд бас л том улс төр рүү зүтгэж байгаа биз дээ?

-Одоо болох орон нутгийн сонгууль их онцлогтой. Иргэдийн хурлын төлөөлөгч нар төрийн алба хаших учиргүй. Тэгэхээр төрийн албан хаагч, засаг захиргааны байгууллагынхан энэ удаа иргэдийн хуралд нэр дэвшихгүй. Цэвэр бизнесмэнүүд орж өрсөлдөнө. Тэгээд өрсөлдөг л дээ. Тэнд нэг их мөнгөний өрсөлдөөн гарна гэж би хувьдаа харахгүй байна. Мөнгө бага байх тусмаа өрсөлдөөн эрүүл саруул байх болов уу. Яагаад гэвэл орон нутагт үнэхээр эрх мэдэл байхгүй шүү дээ. Засаг даргыг л томилох байх. Өнөөдрийг хүртэл ИТХ-ынхан сумын захиргааны нэг түшмэл, нягтлан бодогч ч юм уу сургуулийн захирал, гээд төрийн албаны хүмүүс байсан. Цаашдаа энэ улс иргэдийн хурлын төлөөлөгч байхаа болино. Тэгсэн тохиолдолд иргэдийн хурал гэдэг цэвэр иргэдийнхээ дуу хоолойг засаг захиргаандаа уламжилдаг хүмүүс болох юм. Тэр учир начраа л сайн ойлгож байж дэвшицгээх хэрэгтэй.

-Орон нутгийн сонгуульд ороход Ардчилсан хүчнийг унтрааж байгаа нэг зүйл нь хамтарсан Засгийн газар гэж хуучин намын дарга тань ярьсан. Нээрээ ч хүмүүст сонголт үлдээсэнгүй юу гэж харагдаад байгаа?

-Улс төрийн янз бүрийн таамаглал дэвшүүлээд байгаа хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. Гарсан үр дүнг л харах ёстой биз дээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялчихлаа” гээд бүх хүн л ярьсан.

-Сонгуулийн өмнө ч, хойно ч?

-Тийм ээ. Гэтэл одоо хаана байна. Тэр байтугай яагаад ялагдав гэдэг учир шалтгаанаа тэр болгон ярихгүй л байна. Мэдээж МАХН-ын зүгээс ард түмний саналыг худалдаж авах олон төрлийн үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Сонгуулийн булхай луйвар хийсэн нь ч үнэн. Гэтэл бидний зүгээс ялагдалд хүргэсэн юу байв гэдгийг бид ерөөсөө яриагүй л байгаа. Тийм байж “хамтарсан Засгийн газар байгуулсан учраас хүмүүс орон нутгийн сонгуульд оролцохгүй, орсон ч гэсэн МАХН-д санал өгнө” гэж яаж мэдээд байгаа юм. Яг үнэндээ бол Ардчилсан нам хагараагүй. Хагараад бид нар хаачих юм. Хэн нь ч байсан Ардчилсан намын л бүтээгдэхүүн шүү дээ. Түрүүчийн дарга нь ч, одоогийн дарга нь ч тэр. Ардчилсан намгүйгээр энэ хүмүүс улс төрийн үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Чадахгүй. Монголд нам байгуулж тоглох чадвартай хэдхэн эр хүн байсан. Тэд нар нь тоглоод дууссан шүү дээ.

-Өнгөрсөн сонгуулиар уу?

-Тийм. Тийм учраас ард түмнийг “Ардчилсан нам хагарч бутарч байна” гэдэг цуурхалд битгий автаасай гэж хүсдэг. Ер нь тэгээд “Ардчилсан намыг би байгуулсан, миний өмч” гэдэг бодлоосоо ерэн оны улстөрчид салах хэрэгтэй. Үнэхээр тэгж бодож байгаа бол энэ гэртээ битгий хүн оруул. Миний үеийн залуусыг өчнөөнөөр нь урьж дуудаж оруулчхаад, одоо “минийх” гээд өмчирхөөд байхаар энэ залуус хаачих юм. Тэгээд муудалцахаараа “Би тусдаа бүлэг байгууллаа, нам байгууллаа” гэж ярьдгаа болих хэрэгтэй.

-Та энэ үгээ бүлийнхээ хурал дээр хэр олон удаа хэлсэн бэ?

-Байнга хэлж байгаа. Сая Ерөнхий сайдыг томилох үед ч гэсэн үгээ хэлсэн. Ер нь тэр хүнд хандаад бодож санаж байгаагаа хэлчихдэг их хурлын гишүүн тийм олон байдаг юм уу.

-Элбэгээ дарга та нарыг С.Баярт ямар муухай бялдуучилдаг юм бэ гэж гайхаж байсан?

-Уучлаарай, миний үг бол нялуун байгаагүй. С.Баяр гуай та юу хийхээ мэддэг ч яаж хийхээ мэддэггүй шүү. Яаж хийхээ тодорхойлж байж цаашаа Засгийн газраа “байгуулж яваарай л гэж хэлсэн. Гэхдээ магадгүй, хамтарч байгаа тохиолдолд их өндөр “тон”-оор ярьж чаддаггүй нь үнэн юм билээ. Хоолойны өнгө бол яалт ч үгүй доош ордог юм билээ, тоглоомгүй үнэнийг хэлэхэд. Гэхдээ би хэлэх гэсэн үгээ хэлсэн. Нэгэнт олонхи нь зөвшөөрөөд явж байгаа даргыг “Чи муухай хүн шүү” гэж цоллоод асуудал өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл Ардчилсан намын нэр хүнд унахад лидерүүдийнх нь хувийн тоглолт их нөлөөлж байна гэдгийг та зөвшөөрөх үү?

-Ардчилсан намд байгаа нэг том зовлон бол энэ лидерүүд. Манай намын маш бодитой зовлон. МАХН-д бол ерэн оноос хойш бараг гурав дахь үе солигдчиход байна. Манай У.Хүрэлсүх жишээ нь ерэн онд байгаагүй. Гэтэл одоо мандаад бадраад унаад дуусчихлаа шүү дээ. Харин Ардчилсан намд нөгөө л ерэн оны хэдэн лидерүүд нь байдгаараа л байж байна. Би өнгөрсөн үе рүүгээ чулуу шидэж байгаа юм биш. Гэхдээ Ардчилсан намд гарцаагүй шинэчлэл хэрэгтэй, шинэ залуу үе орж ирэх шаардлагатай байна. Тогтвортой улстөр хийе. Хэтэрхий найз нөхдийн хүрээний, бүлгэрхсэн тоглолтууд хийгдэж байгаа. Үүнийгээ ухамсарлаад, энэ намыг яаж шинэчлэх вэ гэдэг бодлогоо хэрэгжүүлж чадвал ерэн онд энэ намыг байгуулсныхаа гавьяаг хүртэх болно.

Түүнээс биш өөрсдөө улстөрөөс гарахдаа намаа чирч унагаад байвал энэ намыг байгуулсны ч хэрэг байхгүй, энэ нийгмийг байгуулахыг оролдож, тэмцэж өлссөний хэрэг байхгүй гэдгийг сайн ойлгоосой. Бүгдээрээ л төрийн өндөр албан тушаал хашиж, эрх мэдэлтэй байж үзэцгээсэн. Амьдралынхаа хамгийн сонирхолтой үеийг энэ хүмүүс туулж өнгөрүүлсэн. Хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээж, хүн болж төрснөөрөө бахархдаг бол ардчиллын хэдэн лидерүүд л бахархахаар байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ хүмүүс маань эцсийн дүндээ “Энэ намыг нураавал ч нураая” гэсэн хандлага гаргаж байгаа нь асар буруу. Яавал энэ намыг улстөрийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, монголчуудын итгэлийг даасан улстөрийн хүчин болгох вэ гэдэг дээр л анхаарал тавиасай гэж би хувьдаа хүсдэг. Хэлдэг ч юм. Тэгээд мань мэтийн залуучуудын хүссэнээр, хэлснээр явна гэж итгэхэд хэцүү л дээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.