С.Бямбацогт: Эрх баригчид өөрсдөө л завсарлага авч "давхар дээл" тайлах асуудлыг сунжруулсан биз дээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
2014.04.30

С.Бямбацогт: Эрх баригчид өөрсдөө л завсарлага авч "давхар дээл" тайлах асуудлыг сунжруулсан биз дээ

Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “МАН энэ хуулийн төслийг гацааж, хаваржин ажил хийлгэсэнгүй” хэмээн мэдэгдсэн. Харин түүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ийм хариулт өглөө.

-Сая Ерөнхий сайд “Бид ажлаа хиймээр байна, Ардын намын ажил хийлгэхгүй байна” гэж хэллээ. Та нар харин ч дураараа ажиллаж байгаа шүү дээ. Сөрөг хүчнээ хагас жил бүлэггүй явуулсан. Өнөөдрийг хүртэл манай бүлгийн гишүүд ганц байнгын хороонд, “давхар дээл”-тэй сайд нар гурван байнгын хороонд харьяалагдаж байна.

Ард иргэд, баялаг бүтээгчдээ айлгаж сүрдүүлдэг, дарамталдаг болсон. Үр дүнд нь юу болов. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд уналаа. Гадаадын хөрөнгө оруулалт 70 гаруй хувиар буурлаа. Үндэсний мөнгөн тэмдэгт 30 хувиар суларч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1800 төгрөгт хүрлээ. Нийт тэтгэвэр авагчдын 83 хувь нь тэтгэврийн зээлтэй, ажиллагсдын 31 хувь нь цалингийн зээлтэй өдөр хоногийг өнгөрөөж байна.

Та нар өөрсдөө л гацааж сунжруулсаар өнөөдрийг хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан байна. Эдийн засаг хямарлаа. Засаглалын хямрал нүүрлэлээ. Төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Гэвч энэ мөнгө ард иргэдийн амьдралд наалдахгүй байна. Ийм л сөрөг үр дагавар дагуулж байна. Тодорхой бодлогогүй ийм байдлаар цааш явж болохгүй нь, сайд нарын "давхар дээл"-ийг тайлъя, ухаалаг төр рүү хурдан шилжье гэж гэдэг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн.

Бид ийм хуулийн төсөл санаачлаагүй. Бид та нарын ажилд саад болж гацаагаагүй. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг 2013 онд Ерөнхийлөгч өргөн барьсан. 2014 оны нэгдүгээр сарын 29-нд энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авч намрын чуулганыг завсарлуулсан. Өөрөөр хэлбэл, танай намын бүлгийн авсан завсарлага 70 хоног үргэлжилсэн.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ хуулийн төсөл хоёр чуулган дамжин 100 гаруй хоног яригдаж байна. УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц та бүхэн хамтрагч “Шударга ёс” эвслийг шахсаар байгаад дахин завсарлага авахуулсан. Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэтэл эрх баригчид гишүүдээ хуралд нь суулгахгүй, ирцээр бойкотолсны улмаас дахиад л хойшилсон.

Ингэж асуудлыг та нар өөрсдөө л гацааж сунжруулсаар өнөөдрийг хүргэлээ. Тэгэхээр бид асуудлыг гацаасан болж байна уу. Та нар өөрсдөө л завсарлага авч бүтэн гурван сар гаруй гацааж сунжруулчихсан байна шүү дээ. Энэ хуулийн төслийг яагаад заавал 2016 оноос хэрэгжүүлэх гэж зүтгээд юм бэ. Эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүнд байна. Болохгүй зүйлээ хурдан засъя, ухаалаг төр рүү шилжье гэж Ерөнхийлөгч уриалсан. Гэтэл та нар Ерөнхийлөгч хориг тавина шүү гэх юм. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон нам бус хүн. Хэрвээ энэ хуулийн хугацаан дээр Ерөнхийлөгч хориг тавивал АН-ыг төлөөлдөг, эрх ашгийг нь хамгаалдаг төрийн тэргүүн гэж харагдана.

Үнэн үг хэлсэн, шүүмжилсэн хүмүүсийг айлгаж дарамталдаг болчихож.

Юм л бол та нар "МАН-ынхан муухай хүмүүс шүү, биднийг огцруулах гэлээ" гэж яриад байх юм. Хуулийн төсөл өдий болтол батлагдахгүй удааширч байгаад МАН-ын оролцоо огт байхгүй. Р.Бурмаа гишүүн долдугаар сарын 1 гэхэд үе шаттайгаар гишүүн-сайд нараа солиод явж болно гээд сая та нарт аргыг нь заагаад өгчихлөө шүү дээ. Одоо бүр эмэгтэй гишүүнээ намаасаа хөөнө гэж сүрдүүлдэг, сөрөг хүчний бүлгийн даргаа Халдашгүй байдлын дэд хороонд өгчихсөн.

Үнэн үг хэлсэн, шүүмжилсэн хүмүүсийг айлгаж дарамталдаг болчихож. Эрх баригчид алдаа дутагдал гаргаад байдаг, ард түмний амьдрал хүндрээд байдаг. Гэтэл та нар яагаад шүүмжлэл сонсч болдоггүй юм бэ. Ерөнхий сайд та хэтэрхий вакумдуулж, бодит амьдралыг мэдрэхгүй байна гэж хэлэхээр "Вакумдана гэдгийг би халуун саванд орох гэж ойлгодог, харин би гадна талд нь сууж байна" гэх юм.

Тэгсэн мөртлөө хамгийн нэр хүндтэй Засгийн газрын тэргүүн бол Н.Алтанхуяг, хамгийн нэр хүндтэй Засгийн газар бол энэ Засгийн газар гэж сурталчлах юм. Энэ хаанаас хэн гаргасан судалгаа вэ. Бодит амьдрал дээр иргэд та нарыг ингэж үнэлэхгүй байгаа шүү дээ. Энийг чинь л вакум болчихож гэж хэлээд байна. Тиймээс асуудалд бодитой, эрүүл хандаач гэж хүсмээр байна. Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг яах аргагүй нийгэм, цаг үе хүлээж байгаа гэв