Э.Бат-Үүл: Орон сууцнаас дутахгүй амьдрах боломжтой
Сүүлийн үед нийслэлд агаарын бохирдол, хөрсний бохирдол, зах замбараагүй гэр хорооллын төвлөрөлтийн талаар их ярьж шүүмжилдэг. Тиймээс ч энэ бүхнээс гарахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах ажлуудыг хийж байгаа юм. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах ажил хоёр тусдаа ойлголт гэдгийг хүмүүс тэр бүр ялгаж ойлгохгүй байгаа аж. Тиймээс өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй уулзаж газар шинэчлэн зохион байгуулах журмын талаар танилцууллаа.
Улсын нийслэл болсон Улаанбаатарын ихэнх хувь нь гэр хороололд амьдардаг. Харин нийслэл хот 28 мянга шахам га суурьшил бүхий газартай. Эдгээр газрын суурьшлын талбайн 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороолол эзэлж байгаа юм. Өнөөгийн байдлаар гэр хороололд 186 мянга гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй, инженерийн болон нийгмийн зориулалттай байгууламжийн хүртээмжгүй орчинд амьдарч байгаа юм. Энэ нөхцөл нь агаар, хөрсний бохирдлын голомтыг үүсгэснээс нийслэлийн нийт иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ.
Агаарын бохирдлын 50 хувь нь хөрснөөс үүсэх тоосжилт, 35 хувь нь нүүрсний утаанаас бүрдэж байна. Үнэндээ газар гэдэг өдөр ирэх тусам үнэд орж байгаа. Тэр газар дээрээ гэр хорооллынхон орон сууцныхнаас ч дутахааргүй тухтай амьдрах боломжтойгоо тэр бүр ойлгодоггүй. Энэ нөхцөл боломжийг гаргахын тулд “Газар шинэчлэн зохион байгуулалт” олгоно гэдгийг хотын мэр онцолж байлаа. Харин энэ бүхнийг ойлгож, мэдэрсэн иргэд газраа шинэчлэн зохион байгуулах ажиллагаанд хамрагдах хүсэлтээ өгсөөр байгаа аж.
Нэг үгээр хэлбэл өнөөгийн байдлаар 30 мянга шахам иргэд газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нийслэлд замбараагүй газар олголт их болж, үүнийг дагаад олон сөрөг үр дагавар гардаг. Тиймээс саяхан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэр гарч, хууль зөрчөөд газар олгосон Засаг дарга байвал тэр Засаг даргыг огцруулна гэж журамд заасан байна. Ингэснээр хэн ч зүрхэлж хууль бус газар олгож чадахгүй гэдгийг хэлж байлаа.
Ер нь гэр хорооололгүй улс орон гэж нэгээхэн ч үгүй гэнэ. Гэхдээ тэрхүү хорооллыг эмх цэгцэд оруулж, орон сууцнаас дутахааргүй хөгжүүлсэн улс орнууд их байдаг аж. Тухайлбал АНУ, Япон зэргийг нэрлэж болно. Өөрийн өмчлөлийн газраа үнэ цэнэтэй байлгахын тулд хүмүүс хашаагаа юугаар барих, байшингаа ямар өнгөөр будахаа хүртэл бодож болгоодог. Гэтэл монголчууд гэхээр “Хашаанаас гаднах нь надад падгүй” гэсэн өчүүхэн бодлоос ангижраагүй өнөөдөртэй золгож байгаа талаар эмзэглэдэг гэдгээ ч хотын мэр илэрхийлж байв.
Одоо эмнэлгийн хашаанд зөвшөөрөл өгөхгүй зогсоосон
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэх хоёрын ялгаа нь юундаа байна вэ?
-Харин энэ талаар иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна. Иргэд газраа чөлөөлж өгсний дараа нэг компани ирж зураг төсөв гаргаад тэнд нь нийтийн орон сууц юм уу ямар нэгэн объект бариад харин иргэд хашааныхаа газрын оронд орон сууц авна гэж байгаа нь дахин төлөвлөлт.
Харин газар шинэчлэн зохион байгуулах гэж иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц хөрөнгө оруулалтад шаардлагатай талбайг хувь нийлүүлэн гаргаж, орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэл, оролцоо шийдвэрийг үндэслэн төсөл боловсруулан хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуульд заасан 0,07 га гэдэг чамлахааргүй хэмжээ.
Мэдээж түүнээс бага болоод их хэмжээний газар эзэмшигчид цөөнгүй. Нэг айл өрх л гэхэд хашааныхаа нийт газрын 20-30 хувийг огт ашигладаггүй гэсэн тооцоо судалгаа байдаг. Муу усны нүх, жорлон байрладаг хэсэг болон хашааны булан тохойд үлдэж, зэрлэг өвч ургамал үрждэг ашиглалтгүй эдгээр талбайг нийлүүлбэл чамгүй хэмжээний газар бий болох нь гарцаагүй.
Тиймээс айл өрхүүд нэгдэн нийлж газраа зөв зохион байгуулснаар ашиглалтгүй талбайнаасаа нөөц газар бий болгон түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь газар шинэчлэн зохион байгуулалтын эх үндэс юм. Цэвэр бохир усны шугам татаж, автомашин, явган хүн зорчих зам тавих, ойр орчмын хүүхэд хөгшид нарлах цэцэрлэг байгуулах үүргийг харин нөөц газрыг авсан хүмүүс хариуцах юм. Иргэд өөрсдөө ч эвлэж нэгдээд энэ ажлыг хийж болно. Заавал аль нэг компаниар хийлгэх бус өөрсдөө хийнэ гэвэл бүр сайн.
-Иргэд өөрсдөө шугам сүлжээ байгуулах гэх мэт инженерийн шугам сүлжээ оруулахад санхүүгийн эх үүсвэр хүнд шүү дээ. Мөн хувийн компанид итгэж өгөхгүй бол яах вэ?
Айл өрхүүд нэгдэн нийлж газраа зөв зохион байгуулснаар ашиглалтгүй талбайнаасаа нөөц газар бий болгон түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь газар шинэчлэн зохион байгуулалтын эх үндэс юм.
-Хэрвээ тийм бол энэ ажлыг хотоор гүйцэтгүүлж болно. Тэгвэл хот очоод төлөвлөлтөө хийчихнэ, тэгээд иргэдийн гаргасан нөөц талбайг аваад түүнийгээ зараад гаргасан зардлаа нөхчихнө. Инженерийн нөхцөл нь шийдэгдээд, дэд бүтэц сайжраад, зам талбайтай болчихсон юм чинь тухайн газрын үнэ дороо л өснө. Тиймээс бид тухайн газрын дуудлага худалдаагаар зараад хөрөнгө оруулалтаа нөхөөд авах боломжтой. Ер нь хот руу хандсан хүсэлт их ирж байна. Ер нь газрын эзэд нийлээд бизнес хийх хэрэгтэй. Түүнийг нь бид дэмжье.
-Иргэд нийлээд газраа шинэчлэн зохион байгуулъя гэвэл хотын төсөв мөнгө хүрэлцэх үү?
-Төсөв бол байгаа. Бид багцаагаар төсөв тавьчихаад яваад байна. Зүй нь бол иргэд төлөвлөлтөө хийгээд, зургаа гаргаад ирэхээр төсвийг нь тооцоод Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулаад батлах ёстой. Тухайн жилийн төсөвт мөнгө батлалгүй явуулчихаар ажил хоцорчихоод, батлаад явуулъя гэхээр зураг төсөл нь байдаггүй. Ийм байдалд орчихсон.
Ямар ч байсан манай инженер, төлөвлөлтийн байгууллагууд өөрсдөө урьдчилсан тооцоолол хийж байгаад мөнгийг нь тавиад оруулж байгаа юм. Энд хоёр км зам хэрэгтэй, тэдэн метр урттай бохирын труба, цэвэр усны шугам хэрэгтэй гэсэн зураг төсөл нь байж байх хэрэгтэй. Тэгээд л ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад ирэхээр бид төсвийг батална. Гэхдээ төсвийн мөнгө хүлээлгүйгээр өөрсдөө компаниудад санал тавиад нөөц газар гаргаад зарах хэрэгтэй.
-Гэр хорооллын айлууд эмх цэгцэд орохын тулд нүүдэл хийж таарна. Нүүлгэлтийн зардалд хотын захиргаа туслах уу?
-Төлөвлөлтийг яагаад иргэдээр өөрсдөөр нь хийлгээд байгаа вэ гэхээр заавал нүүж, шилжих албагүй. Нүүж шилжихгүйгээр зохицуулж болно. Ганц, нэг айл байж магадгүй. Хамгийн гол нь иргэд яавал бага зардлаар шинэчлэн зохион байгуулалт хийх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.
-Дахин төлөвлөлтөд орсон айлууд газраа зарж болохгүй гэсэн захирамж гаргасан юм уу. Өөрийн өмчилсөн газраа зарж болохгүй, тэгээд хэзээ баригдах нь мэдэгдэхгүй орон сууц хүлээгээд суух юм гэсэн гомдол иргэдээс гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Тухайн айл хөрөнгө оруулагч компанитай гэрээ байгуулсан бол болохгүй. Тэр компани чинь газрыг нь худалдаж авъя л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр компанидаа зарчихгүй юу. Харин гэрээний үүрэг хүлээгээгүй бол болно. Гэхдээ хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш шилжилт хөдөлгөөн хийж болохгүй гэж заасан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдана гэдэг нь гэрээ хийсэн гэсэн үг.
Хамгийн гол нь төлөвлөлт эвдэх ёсгүй. Нэг үгээр хэлбэл өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн үг.
-Эмнэлгийн хашаанд орон сууц бариад байгаа асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Уг нь эмнэлгийн хашаанд орон сууц барих хориотой. Гэтэл зөвшөөрөл өгөөд барилга нь эхэлчихсэн байна. Барилгын суурь тавьчихсан учраас бид зогсоож болдоггүй. Одоо бол эмнэлгийн хашаанд зөвшөөрөл өгөхгүй зогсоочихсон байгаа. Өмнө нь зөвшөөрлөө аваад ажил нь явчихсан барилгуудыг зогсоох хэцүү байна.