Ашиглалтын төлбөрийг  100 ам.доллараар тогтлоо
УИХ-ын байнгын хорооны хуралдаан
2014.02.26

Ашиглалтын төлбөрийг 100 ам.доллараар тогтлоо

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой эрхзүйн баримт бичгүүдийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв.

Нийт 13 гишүүний ирцтэй хуралдаанаар 40 орчим санал хэлэлцэхэд хоёр асуудлыг хойшлуулахаар тогтсон. Мөн найруулгын шинжтэй санал, өөрчлөлтүүдийг ч эргэн харж, цэгцлэх болов.Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахалсан юм.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийн гишүүн Г.Баярсайхан “Энэ бол анхны хэлэлцүүлэг юм. Тиймээс асуудлаа яаралтай тодорхой болгож, шийдвэрээ түргэн батлахгүй бол УИХ-ын намрын чуулганаар орж амжихгүй байх магадлалтай. Хэрэв тэгвэл хаврын чуулган хүртэл хойшлогдож, төдий хэмжээгээр хаврын хайгуул, олборлолт, ашиглалтын асуу­дал гацаанд орно” гэх өнцгөөс ярьж байсан. Үнэхээр газрын тос дагасан үйл ажиллагаа эрхзүйн орчны тодорхойгүй байдлаас болж зогсвол эдийн засагт төдий хэр нөлөөлнө. Үүнийг ч ЭЗБХ-ны дарга Д.Гарамгайбаатар дэмжээд “Ажлын хэсэг өнөөдөр бүх асуудлаа цэгцэлж, хуралдаарай. Маргааш байнгын хороо дахиад хуралдана. Тэр үед асуудлаа баталж, чуулганд өргөн барихгүй бол амжихгүй”  тайлбарласан юм.

Хурлын явцад гишүүдийн дунд хуулийн томъёолол, нэр, ойлголтын зөрүү гарч, санал хуваагдлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Компанийг ХК, ХХК гэж хэлбэрийн хувьд ангилдаг байтал сүүлийн үед үндэсний компани гэж шинэ юм гаргаад ирлээ. Ер нь, манай монголчууд өөрсдөө юм хийе гэхээр инженер, ажилтан байхгүй, ядаж хөрөнгө мөнгө багатай. Тэгэхээр ийм зүйлийг болиулах нь зүйтэй” гэх санал гаргав. Үүнийг С.Одонтуяа гишүүн дэмжихдээ “Хөрөнгө оруулагчдыг татахын тулд гадаад, дотоод гэж ялгаварлахгүй гээд шинэ хуульд тусгасантай энэ заалт зөрчилдөөд байх шиг” хэмээв.

Ажлын хэсгийн гишүүн Д.Ганбат “ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Бидэнд татвар төлөхгүй, үйлдвэр барихгүй, ашиг өгөхгүй, боловсон хүчин бэлдэхгүй юм бол гадаадын компаниар бид яах юм бэ” гэж хэлсэн байдаг. Яг үүний адилаар гадаадын компаниуд бидэнд юу ч өгөхгүй, ашгийг нь авч явчихаад байхад яагаад үндэсний компаниудаа дэм­жиж болдоггүй юм бэ” гэв.

Хэрэв үнэхээр газрын тосны үйл ажиллагаанаас монголчууд ашиг хүртдэг, оролцдог болгоё гэвэл гаднаас оруулах ажиллах хүчний тоог тодорхой болгож, түүнийгээ ягштал мөрддөг болох хэрэгтэйг сануулах гишүүн байсан.

Ингэснээр ямар ч хүндрэлгүй, үндэсний харийн гэж ялгахгүйгээр ажлаа хийх боломж бүрдэх аж. Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндэсний, гадаадын гэж ялгахын оронд Монгол Улсын нутаг дэвсгэрт, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, татвар төлөгч байх ёстой гээд тусгачихвал бүртгэл, хяналт сайжирна” гэж үзлээ.  Ийнхүү “Төслийн 15.2.5-д дор дурдсан агуулгатай заалт нэмэх, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны 34-өөс доошгүй хувийг үндэсний аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх” гэсэн саналыг 13 гишүүний дөрөв нь дэмжиж, байнгын хорооны шатанд бүдрэв. Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй бол болохгүй гэх ажлын хэсгийнхний гомдлын үгний араас Ц.Нямдорж “Хуульд үндэсний аж ахуйн нэгж гэсэн томъёолол байхгүй. Энэ бол Ганхуяг нарын гаргаж ирсэн зүйл” гэж няцаасан. Гэвч хуучин заалтыг авч үзвэл “Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжийг тэргүүн ээлжинд туслан гүйцэтгэгчээр сонгох...” гэсэн байх аж.


Нэлээд маргаан дэгдээсэн асуудал нь газрын тосны хайгуулын болон ашиглалтын лицензийн талбайн төлбөр байсан юм. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд хайгуулын талбайн ам км тутамд дөрвөн ам.долларын төлбөр тогтоожээ. Үүнийг Засгийн газрын төсөлд эхлээд найман ам.доллар, цаашид 15 ам.доллар болгохоор тусгасан аж. Тодруулбал, эхний ээлжинд хайгуулаа бага үнээр хийгээд гэрээгээ сунгахаар бол өндөр төлбөрөөр тооцох учиртай гэнэ.

Харин ажлын хэсэг дээрх төлбөрийг өндөр гэж үзээд гурав, найман ам.долларын квот тогтоох санал оруулжээ.

Ер нь, газрын тос нэгэнт стратегийн салбарт тооцогдож байгаа бол хууль эрхзүйн орчин нь тогтвортой байх ёстой. Хэдхэн жил болоод л ахиад солихгүйн тулд ийм заалт оруулсан гэх хүн ч байсан. Мөн газрын тосноос ашиг авч, баяжаад байгаа зүйлгүй дөнгөж эхэлж байхад алаагүй баавгайн арьс хуваадаг шиг хий ярьж, хатуурхах хэрэггүй. Зарчмын байр сууриа л тодорхойлох нь зөв, юун түрүүнд газрын тостой болох хэрэгтэй гэж Г.Батхүү зөвлөх хэлэв.

Мөн Д.Ганбат гишүүн “Гурав, найм гэдэг бол судалгаанд үндэслэж гаргасан оптимал тоо юм. Засгийн газрын төсөлд хаа хамаагүй зүйл ороод ирсэн. Эхлээд найман ам.доллар, дараа нь 15 ам.доллараар тогтоосон” гэв. Засгийн газраас өндрөөр орж ирсэн төлбөрийг ажлын хэсэг бууруулах саналыг 13 гишүүний долоо нь дэмжиж баталлаа.

Үүний араас хайгуулын талбайн нэгж бүрийн жилийн төлбөрийг  гишүүдийн гурав нь санал өгч, 10 нь дэмжээгүй тул ашиглалтын төлбөрийг Засгийн газрын төсөлд тусгаснаар 100 ам.доллараар УИХ-ын чуулганд өргөн мэдүүлэхээр болж буй юм.