Цэнхэр даатгалын үнэ цэнийг мэдрэх цаг ойртлоо
Иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтэр
2013.11.27

Цэнхэр даатгалын үнэ цэнийг мэдрэх цаг ойртлоо

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл парламентын мэтгэлцээний онцлох сэдэв болох мөч ирээд байна. Хамрах хүрээ, ач холбогдол, хүртээмжээрээ төсвийн хуультай эн зэрэгцэхүйц уг хуулийн төсөл олон түмэнд хамгийн ойр хууль байх ёстой.

Хүн бүрийн эрүүл аж төрөх, эрүүл саруул амьдрахуйн гол хөшүүрэг болох учиртай Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь даатгуулагчийн эрхийг бүхий л төвшинд хамгаалж дээдлэхэд чиглэгджээ.

Засгийн газраас өргөн барьсан болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн санаачилсан гурван хуулийн төслийг нэгтгэх замаар ажлын хэсэг хуулийн төслийн гол ноён нурууг босгоод байгаа аж.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар цэнхэр дэвтрээ хаана ч хамаагүй хадгалдаг, цэнхэр дэвтрийнхээ үнэ цэнийг мэдэрдэггүй өнөөгийн бидний хандлагыг орвонгоор нь өөрчлөх боломжтой юм байна. Цэнхэр дэвтэр цахим картад байраа тавьж өгөхөөс эхлээд эмнэлгээ сонгож үйлчлэх эрхээр хангагдах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Даатгуулагч магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн төв эмнэлгийн дүгнэлтээр гадаадад эмчлүүлсэн тохиолдолд зардлыг хуульд заасан дээд хязгаарт багтаан нэг удаа олгох заалт ч шинэ хуулийн төсөлд багтжээ. Энэхүү санаачлагын эхлэлүүд ч тавигдаж эхэлсэн байна.  Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлснээр өндөр өртөгтэй мэс заслын зарим тусламж үйлчилгээний эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай аж.

Иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээ авах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалж явсных нь төлөө тухайн иргэнд урамшуулал өгөх ёстой.

Тиймээс Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаал гаргаж энэ асуудлыг шийдэхээр талууд ярилцаж байгаа юм байна.  Мөн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний тариф ирэх оноос шинэчлэгдэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалд ямар ч гэсэн шинэ салхи сэвэлзэж эхэллээ. Шинэчлэлийн энэхүү түрлэг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар улам баталгаажина.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Даатгуулагч иргэд үр шимийг нь хүртэж эхэлнэ

Эрүүл мэндийн даатгалын сан хоёр яамны дунд, аль яаманд бүрэн харьяалагдах вэ гэдэг нь тодорхой болоогүй байдаг. Энэ утгаараа ажил давхардах, хяналт сулрах талтай. Цаашид ямар байх вэ гэдэг чухал асуудал гарч ирж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ил тод, нээлттэй байх ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад төрийн бус байгууллага, олон нийт, мөн төрийн оролцоо зайлшгүй байх ёстой.

Үнэхээр энэ тогтолцоог либерал, үр дүнтэй байлгахын тулд уг салбарт эрүүл мэндийн даатгалын хувийн байгууллагуудын өрсөлдөөнийг бий болгох ёстой. Өрсөлдөөний үр дүнд хамгийн гол нь даатгуулагч иргэд үр шимийг нь хүртэж эхэлнэ. Иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээ авах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалж явсных нь төлөө тухайн иргэнд урамшуулал өгөх ёстой.