УИХ-ын бие даагч гишүүд
2013.11.11

Бие даагчид Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэв

УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар өнөөдөр /2013.11.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдэгдэл хүргүүлэх болсноо дуулгалаа.

Тэдгээр гишүүд мэдэгдэлдээ УИХ-аар 2013 оны төсөвт тодотгол хийх явцад “Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй” гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасаж тодотгосон.

 Энэ нь цаашид уг төлбөрийг авахгүй гэсэн хэрэг биш юм. Тодруулбал, Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах асуудал нээлттэй хэвээр үлдсэн. Тиймээс уг төлбөрийг тооцож авах асуудлыг эрчимжүүлж 2014 оны төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Танд сонордуулъя.

Энэхүү орлого нь компанийн үйл ажиллагааны амжилтаас шалтгаалахгүй дэлхийн зах зээл дээрх баялгийн үнийн өсөлтөөс бий болж буй орлого юм. Энэ агуулгаараа зөвхөн баялгийн эзэд нь зайлшгүй хүртэх ёстой орлого болж байна.

Иймд Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын талын хүртэх орлогын хэмжээг бууруулах бус нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй, ил тод ажиллаж үр дүнгээ 2013 оны 11 сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг мэдэгдье” гэсэн байна.