Эх, нярайн эндэгдлийг бууруулахаар ажиллана гэв
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.
2013.09.04

Эх, нярайн эндэгдлийг бууруулахаар ажиллана гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр цаашид нийгмийн асуудлаар хамтран ажиллах төлөвлөгөө гаргах, төрийн албан хаагчдыг чадавхижуулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд анхаарал хандуулах талаар санал солилцсон юм.

Наоми Китахара “Манай байгууллага ялангуяа хүүхэд, нярай, эхийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. Иймд эхийн болон нярайн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар аливаа хууль, бодлого боловсруулах, түүнчлэн мөн энэ чиглэлээр төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх талаар та бүхэнтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна" гэв.

Зарим бүс нутагт эх нярайн эндэгдэл өндөр хэвээр байгааг бууруулах нь зүйтэй.

Хэдий эх нярайн эндэгдлийг бууруулах талаар Монгол ихээхэн амжилтад хүрсэн ч зарим бүс нутагт эх нярайн эндэгдэл өндөр хэвээр байгааг бууруулах нь зүйтэй гэдгийг мөн дурдаж байлаа.

Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ эх нярайн эндэгдэл тоон хэмжээгээр буурсан ч алслагдсан бүс нутаг, сум, багт энэ үзүүлэлт төдийлөн буурахгүй байгааг хүлээн зөвшөөрөв.

Тэрээр "Энэ нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тогтолцоонд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Салбарын яам энэ асуудалд нухацтай хандаж энэ намраас тодорхой хуулийн төслүүдийг УИХ-д оруулж ирэхээр төлөвлөж байгаа" гэдгийг онцоллоо.