Шүүхийн урсгал төсөв ирэх онд 136 тэрбум болох нь
Шүүхийн тухай багц хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө өөрөө боловсруулж, УИХ-д шууд оруулах эрхтэй болсон.
Энэ дагуу ирэх 2014 оны улсын төсөвт суулгах шүүхийн төсвийн төслөө боловсруулж байгаа ажээ. Тэд шүүхийн урсгал төсөв ирэх онд 136 тэрбум байх боломжтой гэж үзжээ. Энэ нь өмнөх оныхоос 3.3 дахин өссөн үзүүлэлт юм байна.
Шүүхийг тойргийн журмаар байгуулах, шүүгчийн орон тоог нэмэх, шүүгчийн цалинг З.5-4.7 сая төгрөг болгож нэмсэн зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлж байгаа ажээ. Үүнээс гадна Шүүхийн тухай багц хуульд заасан өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд ирэх оны шүүхийн төсөвт багагүй мөнгө төсөвлөх шаардлагатай байгаа гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн хэлж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д өргөн барьсан төсвийг хасч, танах эрх Сангийн яаманд хуулиар байхгүй болсон. Гэлээ ч энэ асуудлаар өнгөрсөн пүрэв гаригт ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Сангийн сайд Ч.Улаантай уулзсан байна. Энэ үеэр улсын эдийн засгийн бололцооноос хамаарч шүүхийн төсвийг нягтруулах бололцоо байгаа эсэхийг тал талаасаа судалж үзэхийг Ч.Улаан сайд санал болгожээ.